Сурагч ахуйгаасаа дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж, мөрөөдөлдөө хөтлөгдөн жүжигчний мэргэжил эзэмшин, өдгөө “Фантастик” продакшнаар овоглож яваа жүжигчин Б.Барслхагватай ярилцлаа. Тэрбээр найруулагч Б.Тамирын “Зүрхний хилэн” кинонд сүүлд тоглосон юм. Эл кино нь түрүү долоо хоногт болж өнгөрсөн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг түүхэн кино номинацад шилдгээр шалгарчээ.
-Таны хүүхэд насны төрхийг үзэгчид МҮОНТ-ийн “Монхорынхон” олон ангит хүүхдийн кинонд тоглос ноор санаж байгаа. Тэр үеийг эргээд дурсаач
-Би нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн, 40 мянгатын хүүхэд. Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцдаг байлаа. Тэндээс л жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн. Хүүхдийн баяраар нэг удаа УДЭТ-т жүжиг үзсэн. Жаахан байсан л даа. Эгчтэйгээ явсан санагдана. Дэггүйтэж яваад жүжигчдийн хувцас солих өрөөнд ороод үзчихсэн. Тэгэхэд ямар сонин, гоё мэдрэмж төрсөн гэж санана. Зурагтаар гардаг мундаг жүжигчид тэнд янз бүрийн хувцас өмсөөд л, толинд харж нүүрээ будаж хувиргаад л. Нэг л гоё ертөнцөд яваад орчихсон. Тэр өдөр л би жүжигчин болно гэж өөртөө амласан юм. Тэрнээс хойш маш их дурлаж дугуйландаа явах болсон. Тэндээсээ СУИС-д элссэн дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багшийн шавь. Жүжигчин бол хэзээ ч бүрэн төгс эзэмшдэг мэргэжил биш. Үхэн үхтлээ суралцсаар л байна. Сургууль төгссөн диплом дээр эзэмшсэн мэргэжил минь жүжигчин гэж байгаа боловч одоо ч суралцаж л буй.
-Хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байсан уу?
-Багадаа даруухан, урлагт дуртай л хүү байсан. Их томоотой байсан шүү.
-“Монхорынхон” кинонд ямар тохиолоор тоглох болов?
-Тэр үед МҮОНТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакцад Ө.Алтансэрээ гэж найруулагч эгч байлаа. Тэр хүн Монголын хүүхдийн ордонд ирж шалгаруулалт явуулсан юм. Би долдугаар анги төгссөн зунаа тэр кинонд тоглосон санагдаж байна. “X ТҮЦ” продакшны жүжигчин Баясгалан бид хоёр энэ кинонд найзуудын дүрд тоглосон юм. Амьдрал дээрээ ч найзууд. Ер нь Хүүхдийн ордноос маш олон уран бүтээлч төрсөн шүү дээ. Бидний үеийнхнээс гэхэд л “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Г.Чулуунцэцэг, “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг гэхчилэн нэрлэж болно.
-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа телевизээс эхэлсэн. Одоо ч энэ салбараас та холдож чаддаггүй юу?
-Ажлын гараагаа С1 телевизээс эхэлсэндээ баяртай байдаг. Тус телевизийн найрсаг хамт олонтой найман жилийн турш уран бүтээл хийсэн. Дараа ОTV-д ажилласан. Энэ салбараас холдож чаддаггүй гэдэг үнэн шүү.
-“Шинэ үе”, “Маск”, “Эмоци”, “Фантастик” продакшн, “F”, OI студи, цаашлаад улс төр, бизнес гээд төрөл бүрийн салбарт ажилладаг залуус нэгдэн “Brotherhood” нэгдэл байгуулсан. Талийгаач Т.Билгүүн анх санаачилсан гэдэг юм билээ. Танай нэгдлийнхэн сайн үйлсийн аян ч өрнүүлж байсан. Одоо үйл ажиллагаа нь улам өргөжиж байгаа юу?
-Манай нэгдэлд салбар бүрийн төлөөлөл болсон 30 гаруй залуу бий. Дээр дурдсанаас гадна МIМ, “Emerald man” продакшн, “Dоpе” энтертайнментийн уран бүтээлчид манай нэгдлийнх. “Brotherhood” бол нөхөрлөл дээр тогтдог нэгдэл. Ямар нэг уран бүтээлийн нэгдэл, бүлэглэл биш. Нөхөрлөлийн үнэ цэнэ юм. Ялангуяа оюутан залуус, Монголын ирээдүй болсон хүүхдүүд рүү хандсан, тэднийг зөв зүйлд уриалан дуудах ажлууд хийхийг эрмэлздэг.
-Та аль болох өөр дүрүүдэд ажиллахыг хүсдэг мэт санагддаг. Эерэг, эсрэг аль дүр нь ажиллахад арай дөхөм байдаг вэ?
-“Single ladies”, “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Код”, “247 градус” зэрэг кинонд туслах дүрд тоглож байлаа. Дүрийг жижиг, том, туслах гэж ялгаж болохгүй. Оноогдсон дүрдээ аль болох л сайн тоглохыг хичээдэг.
-Тоглохыг хүсэж, шунаж явдаг дүр бий биз дээ?
-XIII зууны үеийн түүхийг өгүүлэх кинонд баатар эрийн дүрд тоглох юм сан гэж мөрөөддөг. Тэр үеийн эрчүүд, цэргүүд болон баатруудын оюун санаа бодол нь их хүчирхэг, эрэлхэг байсан мэт санагддаг.
-Гэхдээ сүүлийн үед танд эсрэг дүрийн санал түлхүү ирээд байна уу даа. “Миний ах атаман”-ын Цэгц, “Зүрхний хилэн”-гийн Манжийн амбан сайд Фунь Жоу гээд л.
-Найруулагч Б.Тамир “Миний ах атаман” киноны зохиолоо “Чи бол Цэгц шүү” гэж хэлээд надад өгсөн юм. Зохиолоо уншаад дүрдээ дурласан. Харин “Зүрхний хилэн”-гийн зохиолыг бичиж байхдаа тэр нь энэ дүрд тоглоно гэж юу ч хэлээгүй. Киноны зохиол бэлэн болсны дараа уншаад Фунь Жоугийн дүрд л шунасан. “Энэ дүрд л тоглох юм сан” гэж шатсан. Хэдийгээр Б.Тамир бид хоёр дотно найз ч гэлээ “Би энэ дүрд тогломоор байна” гэж хэлэх эрх байхгүй. Тэгээд л дүр оноохыг хүлээж байтал хүссэн дүрийг минь өгсөн дөө. Энэ дүрд тоглосондоо баяртай байгаа. Ер нь эсрэг дүр тухайн киноны гол баатруудыг үнэ цэнэтэй болгодог. Эсрэг дүр хэдий чинээ хүчтэй, сайн байна, гол дүрүүд төдий чинээ товойн харагддаг.
- “Emerald man” продакшны “Код” хэтрүүлэгт инээдмийн кинонд монгол супер баатрын дүрд та тоглосон. Ингэхэд амьдрал дээр хэр хүн бэ?
-“Код” кинонд монгол супер баатар болохыг хүсдэг залуугийн дүрд ажилласан л даа. Би өөрөө ч их мөрөөдөмтгий хүн. Янз бүрийн зүйл мөрөөднө. Биелэх боломжгүй зүйлийг ч төсөөлөөд явж байх жишээтэй. Гэнэтийн адал явдлуудыг хүсдэг дээ.
-Өнгөрсөн зун маш завгүй ажиллажээ. “Зүрхний хилэн”-гээс гадна Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн “Маш нууц-2” киноны зургаа мөн авахуулсан. Энэ киног хэзээ үзэгчдийн хүртээл болгох бол?
-“Зүрхний хилэн”-гийн зургаа дуусгаад хотод гурав хоноод л “Маш нууц-2” кинонд тоглохоор Ховд аймаг руу явсан. Тэндээ сар шахам байрласан. Яг хэдийд үзэгчдэд хүргэхийг хэлж мэдэхгүй юм. 2015 онд “Маш нууц” кинонд Лувсан гэж байлдагчийн дүрд тоглож байлаа. Эл киногоо үргэлжлүүлж, дахин өөр түүх өгүүлнэ гэхэд нь “Тоглочих юм сан” гэж дотроо хүсэж байв. Тэр хүсэл минь биеллээ.
-Хоёулаа эргээд сүүлийн уран бүтээлийнхээ тухай ярья. “Зүрхний хилэн” киног нээсний маргаашаас л үзэгчдээс янз бүрийн сэтгэгдэл ирж байна. “Сайн кино болжээ” гэхийн зэрэгцээ “Хүүхдүүд түүхэн кино хийх болоогүй. Арай эртэдлээ” гэж ч байсан. Үзэгчдийн магтаал, шүүмжийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Урмын сайхан үг их сонсож байна. Түүний хажуугаар өөрийн тань хэлсэн шиг шүүмж ч сонссон. Бид одоо 30 гаруй настай залуу үеийнхэн. Одоо л хийхгүй бол хэзээ хийнэ гэж хүлээх вэ. Хийж үзээд, алдаа оноогоо дэнслээд, туршлагажих ёстой биз дээ. Бид тэгж л зориглосон. Түүхэн сэдвээр уран сайхны кино бүтээх амаргүй л дээ. Гэсэн ч бид зорьсон, хичээсэн, ард нь гарсан. Монгол орныхоо үзэсгэлэнтэй сайхан газруудыг кинондоо харуулахыг хичээсэн. Тухайлбал, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Дундговь, Төв, Өмнөговь аймагт зургаа авсан.
-Таны тоглосон түүхэн анхны кино юу?
-Анхных. Түүхэн кинонд ажиллах амаргүй юм байна. Жүжигчин хүн дүрийнхээ бодол санаа, хүсэл зорилго, уйтгар гуниг, аз жаргал, мөрөөдөл гээд бүх л мэдрэмжийг биедээ суулгаж, түүнийгээ илэрхийлэх ёстой. Ялангуяа харь хэлээр ярьж жүжиглэх бүр ч хэцүү байлаа. Одоо манж хэлээр ярьдаг хүн их ховор. МУИС-ийн багш, хэл судлалын ухааны доктор, профессор М.Баярсайхан бидэнд маш их тус болсон шүү. Манж хэлний өгүүлбэрийн бүтэц, зарим үг нь манайхтай төстэй байсан. Одоо Хятадад манж хэлээр ярьдаг хэсэг бүлэг хүн байдаг юм билээ. Чин улс мөхсөнөөс хойш дүрвэсэн, Хятад маягийн тэр хүмүүс нь манж хэлнийхээ уугуул аялгыг хадгалж үлдсэн байдаг. Тэр хүмүүсийн бичлэгийг үзэж, аялгыг нь зөв сурахыг хичээсэн. МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, профессор Ц.Цэрэндорж ах бидэнд мөн их тусалсан. Бас нэг бэрх байснаа хэлчих үү.
-Тэг л дээ.
-Киноны зураг авах ажил эхлэхийн өмнөх өдөр би баруун гараа хугалчихсан. “Гар өвдөөд байна” гээд бүхэл бүтэн кино багийн ажлыг цалгардуулж болохгүй. Тэгээд л гипсээ хөрөөдөж аваад, хавдартай, өвчтэй тэр чигтээ тоглосон. Бурхан минь, яасан их өвдсөн гэж санана. Өвдөж байгаа хэрнээ энгийн ихэмсэг дүр гаргаж, зодолдож ноцолдон зураг авахуулах амаргүй байсан.
-Шантарч, зураг авахуулахаас шантарч байв уу?
-Бүрэн хэмжээний уран сайхны киноны эсрэг талын гол дүр учраас маш их харилцан яриатай байх нь ойлгомжтой. Зохиолыг манж хэлээр орчуулсны дараа зөвхөн миний хэлэх үг 30 гаруй хуудас болж байсан. Тэр болгоныг яг таг цээжлэхгүй шүү дээ. Өөртөө суулгана. Зарим үед үгээ алдаад, толгойд орж ирэхгүй байсан. Тэр үед бүх юмаа хаяад зугтчихмаар санагдаж байлаа. Сэтгэл санаа тавгүй, шантарсан үед би ганцаараа байж, өөртэйгөө ярьдаг юм. “Би хэн билээ. Яах гэж дөрвөн жил сурч энэ мэргэжлийг эзэмшлээ дээ. Ингээд л бууж өгч болохгүй” гээд л. Уран бүтээл бүртээ сэтгэл зүрхээ зориулж, өөрийгөө дайчлах ёстойг өөртөө байнга сануулдаг.
-“Зүрхний хилэн”-гийн эхний эвлүүлгийн дараа дөрвөн цаг гаруйн бичлэг болсон гэсэн. Түүнийгээ дахин хасаж, хоёр цагийн кино болгож дууссан. Эвлүүлгээр хасагдсан хэсгүүдэд гол харлаж байгаа байх даа?
-Гол харлалгүй яах вэ. Сэтгэл зүрх, хөрөнгө зарж авсан зургаа хасах нь таатай зүйл биш шүү дээ. Гэхдээ бид уран бүтээлээ л бодох ёстой. Тиймээс гол харлалаа гээд “Хасахгүй” гэж болохгүй. Бид киногоо хоёр жилийн дараа IPTV-нүүдэд оруулна. Тэр үед эхний хувилбараар буюу дөрвөн цаг гаруйн киногоо байршуулна. Сонирхолтой байгаа биз.
-Киногоо Казакстан болон ойр хөршүүддээ үзүүлэх талаар бодож байгаа юу?
-Өнгөрсөн жилийн зун “Миний ах атаман” киногоо ОХУ-ын Улаан-Үд, Буриад, Казакстаны нийслэл Астанад гаргасан. Кино театруудынх нь шаардлагаар орос дуу оруулгатайгаар гаргасан л даа. Их таатай хүлээж авсан. Тиймээс бид энэ удаа ч тэдгээр улсад киногоо гаргах зорилго өвөртөлж байгаа. Хөндсөн сэдвээсээ болоод Хятадад гаргах боломжгүй юм билээ. Ямартай ч туурга нэгтэн, үндэстнүүддээ үзүүлэхийг хичээж л байна. Мөн олон улсын кино наадмуудад оролцохоор төлөвлөсөн.
-"Маш нууц-2" киног дэлгэцэд гаргасны дараа "Фантастик"-ынхан дахин түүхэн кино бүтээхээр төлөвлөж буй гэсэн үг үү?
-Урт чихтэй хүн юм аа. Тийм ээ, дахин түүхэн кино хийнэ. Гэхдээ одоохондоо энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна.
-Үе тэнгийн залуу уран бүтээлчид тань найруулагчийн ажил руу хөл тавиад хэдийнэ эхэлсэн. Б.Тамир, Г.Анхбаяр, Л.Ариунболд гэх мэтчилэн. Та ч бас гурван жилийн өмнө "Том толгойтын романс" киног найруулсан. Дахин кино найруулах бодол төрөх юм уу?
-“Том толгойтын романс” киног Италийн Лена Вертмюллер хэмээх зохиолчийн “Завинаас унасан нь” зохиолоос сэдэвлэсэн. Зохиолчийн ач охинтой холбогдож, “Монголд ийм кино хийхээр зорьж байна” гэдгээ хэлж, зөвшөөрөл авсан юм. Найруулагч гэдэг хэн хүн хийгээд байх ажил биш юм билээ. Гэхдээ эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг гэдэг дээ. Бодож л явна.
-Сэдвээ уран бүтээлээс түр холдуулъя. Гэр бүлээ уншигчдад танилцуулаач.
-Гэргий маань эдийн засгийн шинжээч мэргэжилтэй. Бид нэг хүүтэй. Эхнэр минь хэдийгээр өөр мэргэжилтэй ч гэлээ урлагийн мэдрэмжтэй, сайхан бүсгүй бий.
-Урлагийн хүний гэргий болох амаргүй шүү дээ. Таны гэргий ажлыг тань хэр ойлгодог вэ?
-Хэдэн сараар хөдөө, гадаа явж зургаа авахуулах үе бишгүй. Хэр баргийн эмэгтэйгээс гарахгүй тэвчээр гаргаж намайг хайрлаж, дэмждэгт талархдаг. Эмэгтэй хүний ханиа ойлгох, дэмжих ухаан амьдралыг залж явдаг гэж би боддог юм.
-Та их нээлттэй хүн мэт харагддаг. Ямар зан чанартай вэ?
-Шударга. Аль болох шударга байхыг хичээдэг. Худал, хуурмаг зүйлд дургүй. эр хүн хээгүй бол ёогүй гэдэг дээ. Хэлсэн, амласандаа хүрдэг байхыг эрмэлздэг.
-Их ажлынхаа хажуугаар өөртөө цаг зав гаргаж чаддаг уу. Чөлөөт цаг гарвал юу хийх дуртай вэ?
-Хөлбөмбөг үзэх дуртай. Тоглох ч дуртай. Бас кино үзэх хообийтой.