Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн АШТ өндөрлөж, Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг хос хүрэл медальтай эх орондоо ирсэн. Францын Парист зуны 33 дахь олимпын бамбар асахын өмнө уг наадмын эрх олгох гурван тэмцээн болно. Хонконгод энэ сарын 12-14-нд зохион байгуулах эхний тэмцээнд найман улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман баг өрсөлдөх юм.
Дээрх тэмцээнд өрсөлдөх Монголын эрэгтэйчүүдийн 3х3 шигшээ багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн жил Азийн АШТ-д тэргүүлсэн тамирчин Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар бий. Тэдний бэртэл эдгэсэн тул бэлтгэлээ базааж буй. Эмэгтэйчүүдийн шигшээ багт мөн өнгөрсөн жил Азийн АШТ-ээс хүрэл медаль зүүсэн бүрэлдэхүүнээ илгээнэ. Шигшээ багийнхныг сойх дасгалжуулагчаар Стив Сер, Г.Цэнгүүнбаяр, япон мэргэжилтэн ажиллах нь. Манай эрэгтэйчүүд В хэсэгт Хонконг, Нидерланд, Австри, Швейцар, Латви, Египет, Шинэ Зеланд, эмэгтэйчүүд Хонконг, Унгар, Нидерланд, Азербайжан, Польш, Египет, Чилийн шигшээгийн хамт багтжээ. Олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн Японы Үцүномия хотод тавдугаар сарын 3-5-нд өрнөнө.
Эрэгтэйчүүд Египет, Пуэрто Рико, Литва, Япон, Франц, Латви, эмэгтэйчүүд Кени, Бразил, Австрали, Нидерланд, Япон, Герман, Канад, Австрийн багтай нэг хэсэгт тоглох юм. Тэгвэл гурав дахь тэмцээн нь Унгарын Дебрецен хотод тавдугаар сарын 23-26 хүртэл үргэлжилнэ. Эрэгтэйчүүд Унгар, Египет, Мадагаскар, Пуэрто Рико, Канад, Япон, Франц, Литва, Нидерланд, Латви, Бельги, Австри, Швейцар, Герман, Польш, эмэгтэйчүүд Унгар, Египет, Тунис, Канад, Чили, Япон, Герман, Испани, Нидерланд, Литва, Азербайжан, Польш, Чех, Итали, Израилын сагсан бөмбөгчидтэй хэсэгтээ өрсөлдөхөөр болжээ.