-Монголч эрдэмтэн Кристофер П.Этвүүдийг С.Чулууны ёс зүйг шүүмжилснийх нь төлөө албан тушаалаас нь чөлөөлжээ-
Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор наймдугаар сарын 9-14-ны хооронд зохион байгуулагдсан. Гэвч тус хуралд нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлсэн, Хойд Америк тив төдийгүй дэлхийн бөмбөрцөгийн баруyн бүслүүрийн тэргүүлэх Монгол судлаач нэрт эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны Дэд ерөнхийлөгч, Пенсильванийн Их Сургуулийн Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүүд оролцоогүй. Тэрбээр Монголын эзэнт гүрэн, Монголын шинэ түүх болон монголчуудын түүх бичлэг, нүүдэл зүйн онолын асуудлаар голлон судалгаа хийж, өрнөдийн Монгол судлалыг түүчээлэн ажиллаж байгаа тэргүүлэх монгол судлаач эрдэмтэн билээ.
Гэвч наймдугаар сарын 10-ны өдөр профессор Крифтофер П.Этвүүд “Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуунаас болж оролцох боломжгүй болсон” хэмээх мэдэгдэлээ ил захидлаар илэрхийлсэн. Тус захидалд “Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нь бусдын оюуны бүтээлийг хуулбарлаж, бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдэж, хүний хэвлүүлсэн бүтээлийг өөрийнх мэтээр мэдээлсэн зэрэг хэрэгт холбогдоод байгаа” гэдгийг дурджээ.
Мөн “Оюуны бүтээл хулгай хийх, бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдэх, залилан мэхлэх гэх мэт аливаа гэмт үйлдлээс зайлсхийх нь эрдэмтдийн ёс зүй, шударга байдлын гол үүрэг төдийгүй эрдэм шинжилгээний үндсэн дүрэм. Эрдмийн салбар, олон улсын монголч эрдэмтдийн хүрээлэл ийм бүдүүлэг зан гаргах газар биш гэдгийг анхааруулж, Олон улсын Монгол судлалын холбооны үйл ажиллагаанд С.Чулууныг оролцуулахыг хориглож, Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаас нь чөлөөлж, тус холбооны албан тушаалыг тогтмол сэлгэдэг байх, ёс зүйн хороотой болох” асуудлыг хөндсөн.
Гэвч Олон Улсын Монгол Судлалын холбооны хурал даруй болж, профессор Кристофер П.Этвүүдийг холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн байгаа юм. Оронд нь University of North Georgia-ийн Төв евразийн судлаач, профессор Тимоти Мэйг дэд ерөнхийлөгчөөр сонгосон ч тэрбээр шууд татгалзаж, татгалзсан шалтгаанаа мөн нээлттэй захидалаар илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, ёс зүйн зөрчил гаргасан С.Чулуун ажлаа өгч, тус холбоонд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхийг оролдсон профессор Кристофер П.Этвүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм. С.Чулууны оронд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилсон. Д.Заяабаатар нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбогдож, цахим ертөнцөд ёс зүйгүй байдлаараа танигдсан нэгэн.
Дээрх үйл явдал нь Монголын эрдэмтдийн нэр хүндийг Олон улсын хэмжээнд унагах үйлдэл боллоо. Үүнээс Монголч эрдэмтэн, судлаачдаа гадуурхдаг Монгол сэтгэлгээ Олон улсын Монгол судлалын холбоонд газар авсан нь харагдана. Ялангуяа сүүлийн таван жилд тус холбоонд фракц үүсэх, эрдэмтэн, мэргэдээ гадуурхах, дээрэлхэх, сүрдүүлэх улмаар бие мах бодид нь халдах байдал аажим аажимаар бэхэжсэн байгаа юм.
Уг нь Олон улсын Монгол судлалын холбоо нь Олон улсын эрдэм шинжилгээний индэр байх ёстой. Гэтэл энэхүү үүргээ биелүүлж чадахгүй болох эрсдэлд нэгэнт оржээ. Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр МУИС, МУБИС, Үндэсний түүхийн музейн багш судлаачид тус холбоонд үүсээд байгаа асуудлаар Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Шинжлэх ухааны академи, Оюуны өмчийн газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт хандан албан бичиг хүргүүлж, эсэргүүцлээ илэрхийлсэн ч дорвитой арга хэмжээ аваагүй ээ.
Харин ийм хандлага шийдэл, ёс зүйгүй, дүрэм журамгүй байдал зөвхөн монголд л байдаг гэдгийг С.Чулууны гар хөл бологчид, түүний арыг хамгаалагчид мартжээ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын хандлага, ёс зүйгүй байдал, нам дагасан сэтгэлгээ Олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагахад хүрлээ. Монгол судлалын салбарын томоохон эрдэмтэд болох Критофер П.Этвүүд, Тимоти Мэй нар ийнхүү нээлттэй захидал бичихэд хүрсэн нь тус байгууллагад томоохон асуудал байгааг харуулна.
Дээрх агуулга University of North Georgia-ийн Төв евразийн судлаач, профессор Тимоти Мэй-ийн ил захидалд дурдагджээ. Тэрбээр “Профессор Кристофер П.Этвүүдийг Олон Улсын Монгол Судлалын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас буулгасныг сонсоод багагүй цочирдлоо. Би профессор Этвүүдийг 30 жилийн өмнөөс мэдэх билээ. Энэ хүн хэр баргийн зүйлд бухимддаггүй бөгөөд маш том асуудал үүссэн учраас тэрхүү захидлыг бичиж мэдэгдэл гаргажээ. Ийм учраас профессорын хөндсөн асуудлыг бид маш нухацтай авч үзэх ёстой болохоос бус албан тушаалыг нь булаан авч залхаан цээрлүүлэх ёсгүй” гэдгийг онцолсон. Мөн “Асуудлаа нээлттэй ярилцаад шийдэхийн оронд Олон Улсын Монгол Судлалын холбоо өш хонзон авч буй мэт захидал бичсэн профессор Этвүүдийг албан тушаалаас нь зайлуулжээ. Холбооны гишүүд, манлай эрдэмтдийнхээ саналыг сонсож, үүсээд байгаа асуудалд нухацтай хандахыг хүсэхгүй байгаа албан байгууллагын цаана маш ноцтой зүйл байна гэсэн үг. Холбоо ёс зүйн асуудлыг хөсөр хаяж, академик нэр төртэй холбоотой асуудлыг ёс зүйн хороо байгуулж хэлэлцүүлэхээс татгалзаж байгаа бол энэ байгууллага өөрөө эрдмийн ёс зүйгүй, шудрага бус, эрх чөлөөгүй болсныг харуулж байна” гэдгийг дурдсан байна. Энэ мэт шалтгааны улмаас тус албан тушаалаас татгалзаж байна. Дотоод асуудлаа нээлттэй, шударгаар шийдэхийг хүсдэггүй, ёс зүйгээ хөсөр хаясан, асуудал дэвшүүлж, шүүмжлэл гаргасан гишүүдээ холбооноос хөөж цэвэрлэдэг, ямар ч эрдмийн эрх чөлөөгүй байгууллагын нэг хэсэг байж чадахгүй” гэдгээ илэрхийлжээ.
Ийм зүйл бичихэд хүргэсэн С.Чулуун тэргүүтэй эрдэмтэн нэр зүүсэн хүмүүсийн үйлдлийг зогсоохын оронд, өөгшүүлж байгаа нь, мөн Монгол дахь эрдэмтдийн дундах хагарал, талцал тус салбарын нийгэмлэгийн үнэ цэнийг үгүй хийх эсрдэлийг үүсгэлээ.