Зураач Г.Оюунгэрэл бие даасан анхны үзэсгэлэнгээ “Улаан дулаан” нэртэйгээр дэлгэжээ. Эл үзэсгэлэндээ тэрбээр 40-өөд уран бүтээлээ багтаасан бөгөөд бүгд байгалийн өнгө аястай, шохойн пастелаар туурвисан зураг аж. Түүнчлэн энэхүү үзэсгэлэн нь Монголд анх удаа эмэгтэй уран зураач шохойн пастелаар байгалийн судалбар зураг зурснаа дүрслэх урлаг сонирхогчдод хүргэж буйгаараа онцлог юм. Тэрбээр Байгал нуур, Дундговь, Өмнөговь аймаг, Тэрэлж, Туул гол зэрэг газарт очиж, байгалийн өнгө үзэмжийг нь биеэр мэдрэн, орчинтойгоо харилцан, сэтгэлийн илэрхийллээ бүтээлүүддээ шингээснээрээ давуу талтай аж. “Улаан дулаан” үзэсгэлэн ирэх сарын 3 хүртэл “Норфей” арт галерейд үргэлжилнэ. Ташрамд дурдахад, зураач Г.Оюунгэрэл нь 2010 онд оны шилдэг эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд “Багтай бүжиг”, энэ жил Азийн олон улсын 28 дахь удаагийн усан будгийн бүтээлийн үзэсгэлэнд “Хавар” бүтээлээрээ оролцсон юм.