-“Туулын том тулнууд”-аас спортын замналаа эхлүүлсэн таныг энэ удаа эмэгтэйчүүдийн лигт“Сторм” клубээр овоглоход олны адил гайхаж суулаа.
-Тамирчин хүн өсөн дэвшихийн тулд өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй. Надад шинэ клубт тоглох, олон хоног бодсоны эцэст багийнхандаа явах болсноо хэлэх амар байгаагүй. Өнгөрсөн жил футзалын эмэгтэйчүүдийн цом, эмэгтэйчүүдийн лигийн АШТ-д оролцож байхад А.Алтантуяа эгч холбогдож “Сторм” нэртэй шинэ баг байгуулж байна. Манайд хаалгач дутаж байгаа. Чамайг л авах гэнэ. Чи нэгдэж тоглооч” гэж санал тавьсан. Түүний дараа тус клубийн эзэн уулзахдаа “Би эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлмээр байна. Манай багийн тамирчид цалинтай. Тамирчдаа клубт байнгын бэлтгэл хийлгэхээр зохицуулсан. Эмэгтэйчүүдийн лигийн олон улсын тэмцээнд оролцуулахын тулд тус багийг байгуулсан юм” гэсэн нь их таалагдсан. Намайг “Сторм”-ын тоглогчидтой нэгдэхэд өмнөх багийнхан минь “Битгий яваач, бидэнтэй үлдээч” гэсэнл дээ. Би 2015 оноос хөлбөмбөг со нирх сон. Гэсэнч чин сэтгэлээсээ ойлгож, дурласан үе минь 2018 он байв. Тоглох техник, тактик, багийн уур амьсгалыг мэдэрсэн тэр үеэс өөрийгөө тамирчин болсон гэж боддог.
-Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багт тамирчин бүр дуудагдаад байдаггүй. Танд өөрийгөө хөгжүүлэх бас нэг том боломж гарсан болов уу?
-Тийм ээ. Багадаа тамирчин болохыг хүсэж, бодибилдинг, тулаан, хүндийг өргөлт, жүдо гээд хүч, хурд шаардсан спорт сонирхдог байлаа. Намайг биерхүү болохоор хүмүүс “Чи жүдогоор барилддаг уу” гэж их асуудаг сан. Олонх эцэг, эх охидоо эрсдэлтэй спортоор хичээллүүлдэггүй шүү дээ. Ээж минь тэдний адил бодолтой байсан. 2018 онд хөдөөг зорихоор зэхэж байтал эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багт дуудлаа. Дундговь аймаг дахь ахынх руугаа явах уу, эсвэл хөлбөмбөг тоглох уу гээд шийдэж чадахгүй эргэлзэхэд ээж “Чи хөлбөмбөгөө сонго” гээд үлдээсэн. Ангийн маань жүдогоор хичээллэдэг нэг хүүхэд “Чи сонирхож байвал дэвжээнд нэг өдөр бэлтгэл хийгээд үзээч” гэснээр дагаж очоод бэлтгэл хийхэд болмоор санагдлаа. Гэртээ ирээд ээждээ “Би жүдогоор хичээллэе” гэхэд “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог юм. Чи хөлбөмбөг тогло” гээд зөвшөөрсөнгүй. Надад тэр үед багийн спортоос илүү ганцаарчилсан төрөлд амжилт гаргах нь чухал санагддаг байв.
-Б.Болд багшийн шавь нараас шилдэг тоглогч цөөнгүй төрсөн. Түүний нүдэнд хэрхэн өртсөн тухайгаа сонирхуулаач.
-Долдугаар ангид дэвшихдээ 34 дүгээр сургууль руу шилжсэн. Миний хувьд адал явдлаар дүүрэн нэг жил өнгөрлөө. Өмнө нь 41 дүгээр сургуулийн сурагч байхдаа сагсан бөмбөг, гүйлтээр хичээллэдэг байв. Нэг өдөр сургуулийн хөлбөмбөгийн АШТ болоход юу ч мэдэхгүй ангийнхантайгаа оролцсон юм. Талбайд тоглож байтал хижээл насны нэг хүн ирээд ханцуйнаас татсанаа “Охин минь сайн байна. Чи мундаг тоглож байна шүү” гэв. Ингэж Б.Болд багшийн нүдэнд өртсөнөөр ногоон талбайд хөл тавьж, 2015 оноос тэмцээнд оролцож эхэлсэн. Бид медалиас мултарчихдаг байсан тул шагнал авч үзэх сэн гэж их мөрөөднө. Тэгтэл дүүргийн хөлбөмбөгийн АШТ болж, багаараа мөнгөн медаль гардаад их баярласан. Анхны шагнал болоод ч тэр үү үнэ цэнтэй ирсэн санагддаг. Түүнээс хойш медалийн буухиа тасраагүй. Миний шагналуудын хамгийн дээр уг мөнгөн медаль залаастай байдаг. Дараа нь эмэгтэйчүүдийн цомын АШТ, эмэгтэйчүүдийн лигт хагас хамгаалагчаар тоглож, багийнхантайгаа алтан медаль хүртсэн. Намайг манайхан футзалын цомын АШТ-д хаалгач болгосноор өнөөг хүртэл тоглож байна. Тэр жилээ 17 хүртэлх насныхны АШТ-д тоглохдоо шилдэг хаалгачаар шалгарч, нөхөдтэйгөө алтан цом өргөсөн дурсамж одоо ч мартагддаггүй.
-Япон дасгалжуулагч Ики Ёжи эмэгтэйчүүдийн шигшээ багийг 2015-2018 он хүртэл удирдаж, тивийн чанартай тэмцээнд нэг бус удаа оролцуулсан санагдана.
-Би шигшээд дуудагдахаас өмнө лиг болон цомын АШТ-ээс цөөнгүй медаль хүртчихсэн байв. Түүнийг анх санал тавихад нь хөдөө явах шаардлага гарсан тул тоглоогүй. Тэрбээр 2018 онд эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг анх байгуулахад дахин дуудлаа. Монголд тэр жилийн намар Зүүн Азийн залуучуудын АШТ-ий урьдчилсан I шатны тоглолт анх удаа болсон юм. Гэтэл намайг гурван тоглолтын турш гараанд нэг ч гаргасангүй. Талбайд тоглосон нөхдөө харж зогсох надад урамгүй байлаа. Тэмцээнд манайхан түрүүлж, аваргын цом гардаж баярлахад би хамт тоглоогүйдээ гомдож суусан. Нэг ч тоглолтод оролцоогүй хэрнээ багийн бүрэлдэхүүнд багтаж, алтан медаль хүртэх надад утгагүй санагдсан юм. Олон зүйл ойлгуулсан тэр тоглолтоос хойш өөртөө зорилго тавьж, бэлтгэлээ шаргуу хийснээр олон улсын тэмцээний гарааны бүрэлдэхүүнд багтах болсон.
-Таныг шинэ бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн лигт оролцоход үзэгчид хэрхэн тоглох бол гэж харьцуулж харсан байх.
-Монголд хаалгачийн дасгалжуулагчтай баг цөөн. Надад тамирчны хувьд, басамьдралын шаардлагаар “Сторм” клубт нэгдэх нь чухал бай сан. Учир нь тус багийнхан хаалгачийн дасгалжуулагчтай байсан нь шийдвэр гаргахад нөлөөлсөн юм. Энэ нь нэг талаар өөрийгөө хөгжүүлэх том боломж байв.
-Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн босго алхсан анхны өдөр олон охины аашийг яаж олно доо гэх бодол төрсөн үү?
-Сэтгэлд нэг зүйл тод үлджээ. Би дуу цөөнтэй, зөвхөн бэлтгэлдээ анхаарал хандуулдаг байсан тул багийн охид шалихгүй зүйлд нэгэндээ гомдож, тунирхсаныг мэдээгүй. Бэлтгэлийн дараа өрөөнд сууж байтал үеийн охид орж ирээд “Биднийг эгч нар үргэлж үл тоомсорлодог. Тэдэнд хэзээ ч бууж өгөхгүй шүү. Одоо ярилцахдаа хэлнэ” гэж ярихыг нь сонсоод “Эгч нарынхаа үгийг эхлээд сонсъё. Дараа нь өөрсдийн тайлбарыг тавьж, санаа бодлоо хуваалцъя” гэв. Тэд юу ч ярьдаггүй намайг ихэд гайхаж, нэг нь “Чи үргэлж ийм байгаач” гэж билээ. Манайхан миний зөвлөснөөр эгч нарынхаа үгийг сонсож, ярилцсан юм. Бид тэр өдрөөс нэгнээ ойлгодог болсноор өнөөг хүртэл хамтдаа урагшилж байна.
-Тамирчин хүн алдаанаасаа суралцаж, амжилт руу тэмүүлдэг. Таныг шилдэг хаалгач болтол тань хөдөлмөрлүүлсэн зүйл юү байв?
-Шигшээ багийнэгч нарыг Ливанд тоглосны дараа бид Тажикистанд болсон тэмцээнд хамт оролцсон. Тэнд манайхан Сингапурын багийнхантай эхэлж тоглосон. 2:0-ээр хожиж яваа нөхдөө хараад догдолж “Бид тэднийг бараг ялчихлаа” гэж тайвшран гоол ирэхэд нь сандарсандаа алдчихав. Би ч шоконд орж, нөхөд минь ч сэтгэлээр унасан. Тэгтэл багийн маань нэг хаалгач ирээд “Зүгээр дээ, битгий сэтгэлээр уна” гээд чин сэтгэлээсээ тэврэхэд тайвширсан. Тэр тоглолт надад маш том сургамж өгсөн. Сайн хаалгач болохын тулд алдаанаасаа суралцаж, өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөх ёстойг ойлгуулсан юм. Түүнээс хойш олон улсын тэмцээнд оролцохдоо алдаа, дутагдал гаргасан ч айхааргүй зоригтой болсон байлаа. 2020 онд эмэгтэйчүүдийн лигийн АШТ-д “Дэрэн”-гийнхэн түрүүлж, “Туулын том тулнууд”, “Арвис”-ын тоглогчдыг 2:0-ээр буулган авч, II байр эзэлсэн юм. Би тэр жил лигийн тоглолтод шилдэг хаалгачийн шагналыг анх удаа гардахдаа хүн хичээх тусам амжилт гаргаж, зорилгодоо хүрдгийг мэдэрсэн. Үзэгчид тэр үеэс намайг мэддэг болсон доо.
-“Сторм” клуб шилдгүүдээр хүч сэлбэж, баг бүрдүүлсэн болохоор үзэгчид энэ удаа лигт түрүүлнэ гэсэн итгэл тээн дэмжиж байгаа харагдсан.
-Бид тэдний урмыг хугалаагүй. Хүмүүс бусад багтай хэрхэн тоглох бол гэж харьцуулан дүгнэж үзсэн. Лигийн тэмцээнд хүчтэй багуудтай өрсөлдөхдөө олны анхааралд тоглох амаргүй байлаа. Бид шинэ ч гэлээ дээд лигт өрсөлддөг багийнхан шиг нэгдэж, тоглолтын эхний тойргоос хожлын салхийг өөрийн талд эргүүлсэн. Энэ удаа “Хараацай” клубийнхэн “Арвис”-ын шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн тул хамгийн хүчтэй өрсөлдөгч байв. Манайхан тэдэнтэй оноо тэнцээгүй бол лигт түрүүлэх хэмжээний тоглолт гаргахгүй байсан болов уу. Тэнцээ манайхны бодлыг өөрчилж, ямар ч багтай таарсан ялах зорилготой болгосон. А.Алтантуяа эгч ахлагчийн хувьд багийнхандаа “Ямар ч тоглолтод өөрсдийнхөө бүх хүчийг дайчилж гарга. Ялсан гэж битгий бод. Тоглолтын үр дүн дараа нь харагдана” гэж зөвлөсөн. Тэрбээр багийн ахлагч ямар байхыг тоглолтоороо үлгэрлэж харуулдаг. Энэ удаа шилдгээр шалгараагүй ч багийнхаа тоглолтод гол үүрэг гүйцэтгэсэн тамирчид бий. Тухайлбал, аваргын төлөөх тоглолтод “Хараацай” клубийн Г.Цолмон хамгийн гоё, сонирхолтой тоглолт харуулсан. Намайг шигшээд анх дуудагдаж ирэхэд тэрбээр хөдөлгөөн, хурдаараа багийн “уураг тархи” нь байлаа.
-Алдаа дутагдлаа хэрхэн засаж, давуу талаа хөгжүүлэв?
-Шилдэг хаалгач болно гэж өөртөө амласан тул богино хугацаанд ур чадвараа ахиулсан. Миний хувьд футзалын цомын АШТ-д гурав, эмэгтэйчүүдийн лигийн АШТ-д хоёр удаа шилдэг хаалгач болсон. Өмнө нь хичээж тоглосон ч медалиас атгаад алдахад хүмүүс “Чи шилдгийг нь аваагүй ч хамгийн сайн нь байсан шүү” гэж урам хайрладаг байв. Үзэгчид ч гэлтгүй өрсөлдөгч багийнхан ч тэмцээний дараа баяр хүргэдэг. Тэр үед “Шилдгүүдийн шагналыг гардах өдөр надад ч гэсэн нэг өдөр тохино” гэж боддог байлаа. 2021 онд Э.Цэнджав найз минь шилдэг хаалгачаар шалгарч, намайг баярлуулсан. Бид нэгнийхээ амжилтад атаархдаггүй. Тэрбээр шартай, амархан бууж өгдөггүй зантай. Миний хувьд түүн шиг дайчин биш ч хичээл зүтгэл, идэвхээрээ амжилтад хүрсэн гэж боддог. Бид зан чанарын хувьд өөр ч зорилгоороо нэгдэж чаддаг шүү.
-Хөлбөмбөгт үлдэх болсон шалтгаан тань яг юу юм бол?
-Надад хоёр зүйл маш их нөлөөлсөн. Эхнийх нь хаалгачийн дасгал, техникүүд. Хоёр дахь нь Монголд 2018 онд болсон Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтын дараа төрсөн сэтгэгдэл. Тэр үед уйлж суухдаа “Хүн хичээл зүтгэлтэй байвал ур чадвараа хаана ч харуулж болдог. Тэр тусмаа үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт ямар болсноо заавал харуулна” гээд бодож байв. Түүнээс хойш өөрийгөө хөгжүүлэх ямар боломж байна тэр бүхнээс суралцсан. Энэ удаагийн лигийн тоглолтод хэр хөдөлмөрлөснөө харуулсан гэж бодож байна. Надад сурах зүйл их бий. Тиймээс зогсолтгүй хөдөлмөрлөнө.
-Энэ удаагийн лигт “Туулын том тулнууд”-тай учраа тааравуу?
-Гурван удаа таарч тоглосон. Би 41 дүгээр сургуульдаа эргэн ирж төгссөн юм. Намайг хөлбөмбөгөөр хичээллэхээс өмнө ангийн маань хоёр охин тоглодог байлаа. Тэд Б.Болд багшийн даалгавраар намайг урвуулчихсан юм шүү дээ. Тэднийг 2015 онд охидын шигшээд дуудагдахад би хөлбөмбөгөөс түр завсарлаж байлаа. Бид нөхөрлөсөн цагаасаа “Туулын том тулнууд”-д тоглосон. Намайг “Сторм”-д нэгдэхэд “Чи багтаа эргээд ирээч. Хаалгач ямар их хэрэгтэйг мэдэрлээ” гэж байв. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг үг бий. Найзуудаа хааяа санаж үгүйлдэг. Хэдийгээр багийнхныхаа өрсөлдөгч болдог ч тэмцээний дараа нөхөдтэйгөө уулзахаар гүйчихнэ. Миний хувьд одоогоор их, дээд сургуульд сурахаас илүү гадаадад ажиллаж, амьдрахыг сонирхож байгаа. Ээж намайг Европын орнуудын аль нэгэнд нь сургахыг хүсдэг байсан юм. Тиймээс хүслийг нь биелүүлэх бодол бий.