Цагаан сарын хурал номын үйл ажиллагаатай холбоотойгоор Гандантэгчэнлин хийдийнхэн өчигдөр мэдээлэл өглөө. Хийдийн зурхайч лам Ч.Очирбат “Шинийн хоёрны өдөр золгодоггүй гэх зан үйл байхгүй. Тухайн өдөр шинийн нэгэн шиг цагаалж, золгон, мөрөө гаргаж болно. Дараагийн 100 жилийн түүхэнд ч бас 1-2 удаа шинийн нэгэн тасарна гэсэн судалгаа бий” хэмээв. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Цагаан сараар иргэд, сүсэгтэн олон засал хийлгэх, өглөг буяны үйл хийх гэж их ханддаг. Гандантэгчэнлин хийдэд энэ жил олон өөрчлөлт хийж байгаа. Манай хийд иргэд, сүсэгтэн олонд түргэн шуурхай үйлчилдэг болсон. Мөн ирж чадахгүй хүмүүс “Гандан” апплэйкшнээр номоо уншуулах боломжтой. Эсвэл цахимаар ном айлдах гандан.мн сайтад хандаж болно” гэсэн юм.
Тус хийдийн нийгэм, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл “Цагаан сарын баярын хурал ном хоёр хэсгээс бүрдэнэ. Хуучин номын хурлыг Цагаан сарыг угтаж хийдэг. Үүнд сор залах, Цэдэрлхам ном хурах гэх мэт тусгай зан үйл багтана. Ерөөлийн хурал шинийн 1-15-нд үргэлжилнэ. Мөн өнөө жил Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж шинийн найман буюу гуравдугаар сарын 8-нд олон нийтэд зориулан ном айлдах юм. Эл номын айлдвар хоёр хэргээс бүрдэнэ. Эхнийх нь Бурхан багшийн “Намтар цадиг” бол хоёр дахь нь “Насны авшиг”. Дараа нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба лам, гавж С.Гантөмөр ирэх сарын 16-нд ном айлдана. Мөн тухайн өдөр дэд хамба “Билгүүний зүрхэн судар” гэдэг номыг тайлбарлах юм. Энэ нь Бурхан багшийн айлдсан сургаал номын гол охь шим болох хоосон чанарыг тайлбарладгаараа онцлогтой. Гандантэгчэнлин хийдэд шинийн 15 хүртэл өдөр бүр 14.00 цагаас Цагаан сарын ном хурна” гэв.
У.Сүрэн