Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн цээжний хөндийн гол судасны цочмог хуулрал, I хэлбэрийн эмгэгтэй, хавхлагын цочмог дутмагшилтай 51 настай өвчтөнд мэс засал хийсэн нь амжилттай болжээ. Ингэхдээ эмчлүүлэгчийн цусны эргэлтийг зохиомлоор гүн хөлдөөн, тархины сонгомол перфузийн дор гол судасны өгсөх болон нум хэсгийн хууларсан цүлхэнг устгаж, хиймэл судсаар сольсон байна. Мөн гол судасны нумын цочмог хуулрал, титэм судасны хоёр салааны хүнд хэлбэрийн нарийсалтай 65 настай хүний гол судасны нумыг бүрэн сольж, титэм судаснуудыг нь хиймэлтэй залгах мэс заслыг яаралтайгаар хийж, амийг нь аварчээ. Үйлчлүүлэгчдийн бие сайжирч, өдгөө эмнэлгээс гарсан бөгөөд дараагийн шатны хяналтад шилжүүлснийг тус эмнэлгийнхэн хэллээ. Эдгээр мэс заслыг өмнө нь манайд хийж байгаагүй аж. Эмч нарыг гадаадад сургасны ачаар ийнхүү богино хугацаанд нутагшуулсныг УГТЭ-ийнхэн онцолсон юм. Тодруулбал, Монголд эмчлэх боломжгүй 26 бүлэг өвчин, эмгэгийн оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах ажлыг ЭМЯ-наас өнгөрсөн оны сүүлчээр эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд дээрх жагсаалтад багтсан, гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн, цүлхэнгийн хуулралын эмчилгээг нэвтрүүлэхээр УГТЭ-ийн зүрх, судасны мэс заслын багийнхан БНСУ-ын “Йонсей северанс”, Сөүлийн үндэсний их сургуулийн “Бунданг” салбар эмнэлэгт тус тус дадлагажуулах сургалтад хамрагдаад ирсэн байна. Үүний үр дүн эхнээсээ гарч, эмч, мэргэжилтнүүд цээжний гол судасны цүлхэн болон зүрхний бусад эмгэгийн үед цусны зохиомол эргэлтийн технологи ашиглан, хиймэл судсаар орлуулах мэс заслын аргыг нэвтрүүлжээ. Тэр дундаа гол судасны нумыг хиймлээр солих мэс заслыг зүрхний нээлттэй бусад хагалгаатай хавсран гүйцэтгэх технологийг амжилттай нутагшуулсан гэнэ.
Цээж, хэвлийн гол судасны цүлхэн нь зүрх, судасны мэс заслын нэн төвөгтэй, өндөр ур чадвар, тоног төхөөрөмж шаарддаг, хүндрэл, нас баралт ихтэй өвчин аж. Түүний дотор гол судасны цочмог хуулрал, цээжний гол судасны задрал нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсоор байгаа энэ үед эмчилгээг нутагшуулсан нь чухал алхам болжээ. Эмч нар цаашид цээж, хэвлийн хавсарсан, хүнд хэлбэрийн цүлхэн болон хуулралыг цусны зохиомол эргэлтийн тусламжтайгаар хиймэл судсаар бүрэн солих, чацархайн болон бөөрний судсуудыг шилжүүлэн суулгах, насанд хүрэгсдийн мэс заслын эмчилгээнд зүрх хамгаалах уусмалыг нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа хэлсэн юм.
О.Оргилох