“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний зургаа дахь судалгааг 2023 онд хийж, үр дүнг нь саяхан танилцуулсан билээ. Тухайн улсын хоол тэжээлийн байдлыг үнэлэхдээ жирэмсэн, хөхүүл эхийн болон 0-5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийг харгалзан үздэг байна. Судалгааны үр дүн, цаашид анхаарах асуудлаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хоол зүйн ухааны доктор Ж.Баясгалантай ярилцлаа.
-Энэ удаагийн судалгаа өмнөх буюу 2017 оныхоос юугаараа онцлог болов?
-“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгааг 1992, 1999, 2004, 2010, 2017 онд тус тус хийсэн. Хамгийн сүүлд 2023 онд хийлээ. Хүнсний тухай хуульд таван жил тутамд нэг удаа хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлж судлах ёстой гэж заасан байдаг. Хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдлыг судалж, ямар асуудал тулгамдаж буйг тогтоон, цаашид авах арга хэмжээг тодорхойлох нь судалгааны гол зорилго. 0-5 настай хүүхэдтэй өрхийн 15-49 насны хүмүүс, жирэмсэн эмэгтэй, сургуулийн буюу 6-18 насны хүүхдүүд гэсэн бүлгээр судалгаа авлаа. Насанд хүрэгчдийн хооллолтын чанар, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг олон улсын шинэ аргачлалаар тодорхойлсон. Мөн нялх, бага насны хүүхдийн хооллолтын дадлыг олон улсын шинэчилсэн удирдамжийн дагуу судаллаа. Тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн хүнсний баталгаат байдлыг ДЭМБ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан шинэчилсэн арга, аргачлалаар судалсан. Өмнөх судалгаануудад дандаа 6-11 настай хүүхдийг хамруулсан бол энэ удаа 6-18 насныхныг оролцуулснаараа онцлог. Өөрөөр хэлбэл, судалгааны хамрах хүрээг тэлж, өмнөхөөс 5200 орчим иргэн, 500 гаруй өрхийг нэмлээ. 2017 оны судалгаанд нийт 9800 гаруй хүн хамруулсан бол энэ удаа 14 833 иргэн оролцсон. Тодруулбал, эдийн засгийн дөрвөн бүс, 21 аймгийн 112 сум, нийслэлийн найман дүүргийн 40 хороог хамруулж, санамсаргүй түүврийн аргаар судалгааг явуулсан юм. Тухайн улсын хоол тэжээлийг байдлыг үнэлэхдээ жирэмсэн, хөхүүл эхийн болон 0-5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийг харгалзан үнэлдэг. Мөн тухайн өрхийн аж байдлын түвшин, усан хангамж, ариун цэврийн байгууламж зэрэг олон талаар судалдаг.
Тураалтай хүүхдийн тоо багасаж, илүүдэл жинтэй нь нэмэгдсэн
-Бүс нутгийн түвшинд манай улсын хоол тэжээлийн байдал ямар байна вэ?
-Тав хүртэлх насны хүүхдийн дундах уураг, илчлэг дутал болон илүүдлийн тархалтын нийгмийн эрүүл мэндийн нөлөөг үнэлэх олон улсын шалгуур үзүүлэлтээр туранхай хүүхдийн хувь 2.5-аас бага бол “маш бага”, өсөлт хоцрогдолтой нь 2.5-10 хувь байвал “бага”, илүүдэл жинтэй хүүхэд 10-15 хувийг эзэлбэл “их” таргалалттай гэж үнэлдэг. Энэ шалгуураар Монгол Улсын тав хүртэлх насны хүүхдийн дундах тураал, өсөлт хоцролт, туранхайн тархалт үндэсний түвшинд дээрх босго үзүүлэлтээс бага байна. Өөрөөр хэлбэл, хоол тэжээлийн цочмог дутлын тархалт “маш бага”, өсөлт хоцрогдлын тархалт “бага”, илүүдэл жингийн тархалт “их” орны бүлэгт хамаарч байна. Тав хүртэлх насны хүүхдийн дундах уураг, илчлэг дутлын тархалтыг 1992-2023 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн байдлын үндэсний судалгааны дүнтэй харьцуулахад тасралтгүй буурсан, харин илүүдэл жингийн тархалт 2004 оноос хойш 3.3 дахин нэмэгдсэн. Энэ үзүүлэлт 2017 оны судалгааны дүнгээс өөрчлөгдөөгүй байна. Тодруулбал, тав хүртэлх насны хүүхдийн дундах хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг дэлхийн болон Ази тивийн улс орны 2022 оны түвшинтэй харьцуулсан. Тав хүртэлх насны хүүхдийн өсөлт хоцролт дэлхийд 22.3, Азид 21.3 хувьтай байхад манайд 8.4 хувьтай гарсан. Мөн тураалтай хүүхдийн эзлэх хувь дэлхийд 6.8, Азид 9.3 бол Монголд 1.3 хувьтай байна. Харин илүүдэл жин манай улсад өсөлттэй байгаа. Илүүдэл жингийн тархалт дэлхийд 5.6, Азид 5.1 хувьтай бол Монголд 11.3 хувьтай гарсан.
-Судалгаагаар монголчууд шим тэжээлийн дутагдалтай, хооллолтын чанар тааруу, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн хэрэглээ хангалтгүй хэвээр гарчээ. Энэ нь өмнөх судалгаатай харьцуулахад ямар үр дүн бэ. Монголчуудын хүнсний ногоо, жимс, жимсгэнийн хэрэглээ нэмэгдээгүй гэж ойлгох уу?
-ДЭМБ-ын зөвлөснөөр хүн өдөрт 400-500 гр жимс, хүнсний ногоо хэрэглэх ёстой. Манай улс энэ зөвлөмж хэмжээнд хүрдэггүй. Эрүүл бус хүнсний хэрэглээ, жимс, ногоо огт хэрэглээгүй хүүхдийн тархалтыг үнэлэхэд 10 хүүхэд тутмын дөрөвт нь чихэрлэг ундаа уулгасан, эрүүл бус хоолложээ. Үүнийг анхаарах шаардлагатай. Мөн амин дэм, эрдсээр баялаг жимс, хүнсний ногоог гурван хүүхэд тутмын нэг нь огт идээгүй байв. 10 хүүхдийн тутмын дөрөв нь эрүүл бус хүнсээр хооллож байна.
-Хүүхэд, эмэгтэйчүүд бичил тэжээлийн дутагдалд өртсөн хэвээр байгаа нь ямар хор уршигтай бол. Үүнийг хэрхэн нөхөх вэ?
-Хүүхдүүдийн дунд цус багадалт, төмөр дутал, А, Д аминдэм дутал тулгамдсан асуудал хэвээр байна. А аминдэмийн дуталд орох эрсдэлтэй хүүхдийн тоо 57 хувьтай гарсан. Энэ нь цаашид анхаарах ёстой асуудал юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар тав хүртэлх насны хүүхдийг жилд хоёр удаа өндөр тунгаар А аминдэмээр, 6-23 сартай хүүхдийг үнэ төлбөргүй хангахыг заасан ч хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийг А аминдэмээр хангах санхүүжилтийг улсын төсөвт суулгасан ч хэрэглээ нь 2017 оны түвшнээс нэмэгдсэнгүй. Тиймээс А аминдэмийн бэлдмэл түгээх үйл ажиллагааг тогтмол хянах, үнэлэх, хэрэглээг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн хоёр хүүхдийн нэг нь Д аминдэмийн дуталтай гарсан. 2017 оны судалгаагаар хүн амын дунд бичил тэжээл, аминдэм, эрдсээр баялаг хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байгааг тогтоосон. Гэдсээ дүүргэхээс хэтрэхгүй байна гэсэн үг. Судалгааны дүнд улсын төсвөөс олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн санхүүжилтийг шийдсэн. Өрх, сумын эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан бичил тэжээлийг хүн амд олгож эхэлсэн юм. 2021, 2022 оны улсын төсөвт санхүүжилтийг нь нэмэгдүүлсэн боловч хэрэглээ хангалтгүй байна. Хэрэв олон найрлагат бичил тэжээлийн бэлмдэлийг шаардлагатай хүмүүст нь хүргэж чадвал эрдэс, аминдэмийн дутлаас сэргийлэх боломжтой. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдүүдийг Д аминдэмээр үнэ төлбөргүй хангах ёстой. Үгүй юм гэхэд хүнсийг баяжуулахад анхаарах шаардлага тулгараад байна. 2017 оны судалгааны үр дүнд Баяжуулсан хүнсний тухай хуультай болсон. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй. Эхэндээ гурилыг баяжуулж байсан ч өргөн хүрээг хамруулж чадаагүй. Хүнсээ баяжуулж хэрэглэж чадвал нэмэлт аминдэм шаардлагагүй шүү дээ. Хоол хүнсээрээ дамжуулан хэрэгцээт аминдэм, эрдсээ авах нь чухал юм.
Олон найрлагат бичил тэжээлийн хэрэглээг хянах шаардлагатай
-Өрхийн эмнэлгээс олгосон олон найрлагат бичил тэжээлийг, эцэг, эхчүүд хүүхдэдээ өгөхдөө хойрго ханддаг. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?
-Манай төв саяхан олон найрлагат бичил тэжээлийн хэрэглээний талаар үнэлгээ хийсэн. Ард иргэдийн ойлголт буруу байна. Өрхийн эмнэлгээс үнэгүй тарааж өгөхөөр “Яагаад манайд өгч байгаа юм” гэж гайхдаг, ядуу өрхөд л өгдөг гэсэн ойлголттой юм билээ. Мөн зарим эцэг, эх хүүхдэдээ өгөхөөс төвөгшөөдөг. Уг бэлдмэлийг халуун бүлээн хоолонд хутгаж өгдөг бөгөөд төмөр агуулдаг учраас хоолны үнэр, амт өөрчлөгддөг. Үүнээс шалтгаалан хүүхдийн өтгөний өнгө өөрчлөгдөхөөр гаж нөлөө үзүүллээ гэж буруу ойлгодог. Эмч нар сайн тайлбарлаж өгдөггүй, хэрэглээг нь хянаж, үнэлдэггүй учраас үр дүн гарахгүй байна.
-Хүүхдүүдийн 31.8 хувь нь жимс, хүнсний ногоо огт иддэггүй, тэгсэн хэрнээ эрүүл бус хүнсний хэрэглээ 42.2 хувьтай гарсан нь анхаарал татах, нэн даруй арга хэмжээ авах ёстой үзүүлэлт гэж судлаачид онцолсон байна лээ. Ийм үр дүн гарахад юу нөлөөлж буйг тогтоосон уу?
-Эрүүл бус бүтээгдэхүүний зар сурталчилгаа худалдан авалтад ихээхэн нөлөөлж байна. Хүүхдүүд хямд, чанаргүй бүтээгдэхүүнээр ходоодоо дүүргэж байгаа нь харамсалтай. Аав, ээжийнхээ өгсөн мөнгөнд авч болох үнэ хямд, чихэрлэг ундаа, чипс зэргээр өл залгуулж байна. Мөн тухайн айлын амьдралын хэв маяг, дадал хооллолтод чухал нөлөөтэй. Эцэг, эх нь жимс, ногоо иддэггүй бол хүүхдүүд мөн амсдаггүй. Нөгөө талаас аав, ээж нь боловсролтой айлын хүүхдүүдийн хоол ундны хэрэглээ өөр байгаа дүн ажиглагдсан. Аль хүнсэнд ямар аминдэм, эрдэс бодис агуулдаг талаар мэдлэггүй бол тухайн өрхийн хооллолт хангалтгүй гэж үздэг.
-Гурван хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундаа хэрэглэдэг гэжээ. Үүнийг багасгах ямар боломж бий юү?
-Хүүхдүүдийн дунд эрүүл бус хүнсний хэрэглээ 42 хувьтай гарсан. Хүүхдийг “уруу татдаг”, эрүүл бус хүнсний сурталчилгааг хуулиар хориглох хэрэгтэй байна. Бүх төрлийн чихэрлэг ус, ундаанд онцгой албан татвар ногдуулахаар боллоо. Монгол Улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь зохистой хооллож чадахгүй байна. Тэдний 31.8 хувь нь жимс, ногоо огт хэрэглээгүй. Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын дадлын үзүүлэлтүүд 2017 оны түвшнээс сайжраагүй төдийгүй их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ 42.2 хувьтай, гурван хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундаа хэрэглэж байна.
-Хүүхдүүд өсөлтийн хоцрогдолтой, тураалтай, хоол тэжээлийн цочмог дуталтай байна. Бууруулахад төр засаг хэрхэн анхаарах шаардлагатай бол?
-Хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах талаар өрх, сумын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг сургаж ирсэн. НҮБ-ын Хүүхдийн сангийнхантай хамтран нэмэлт тэжээл өгч байна. Үүний үр дүнд цочмог дуталтай хүүхдийн тоо буурч, эсрэгээрээ эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй илүүдэл жинтэй багачууд нэмэгдлээ. Бэлэн хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэх, гадуур хооллох зэрэг нь илүүдэл жинд нөлөөлдөг. Ямар тосонд яаж шарсан, ямар технологиор боловсруулсан хоол идэж буйгаа бид мэддэггүй шүү дээ. Мөн сургуулийн ойр орчимд зарахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт байгаа ч хянахгүй, хэрэгжилт хангалтгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаснаар хянах, үнэлэх ажил цалгардлаа. Хүнсний чиглэлийн бодлогын баримт бичиг бол хангалттай бий. Үүнийг хэрэгжүүлэхэд анхаарах нэн шаардлагатай болжээ.
-Цус багадалт 21.3, Д аминдэмийн дутал 48 хувьтай гарчээ. Амьжиргааны түвшинтэй холбоотой юу. Үүнийг яаж сайжруулах вэ?
-Төмөр дутлаас үүдэлтэй цус багадалт хөвгүүдийн дунд охидоос хоёр дахин илүү байна. Манай улсад уг нь төмрөөр баялаг хүнсний бүтээгдэхүүн хангалттай бий. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн элбэг. Мөн дайвар бүтээгдэхүүн болох малын гэдэс дотор аминдэм, эрдсээр баялаг. Үүнийг сайн боловсруулж, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны жоронд оруулах хэрэгтэй. Тогооч нарыг мэдлэгжүүлэх хэрэгтэй. Уламжлалт хоол хүнсийг сэргээж, шаардлагатай аминдэмийг нэмэлт тэжээлээс бус, дотоодын хүнснээсээ авах нөөц бололцоо бий.
-Танай байгууллагынхан судалгаа хийгээд л байдаг. Ямар үр дүн гарав. Судалгаанд үндэслэн хэрэгжүүлсэн ажил байна уу?
-Судалгаа бүрээр хоол тэжээлийн байдалд тулгамдсан асуудлыг илрүүлдэг. Тухайлбал, ээлжит судалгаагаар хүн амын дунд иодын дутал маш их байгааг тогтоосон. Үр дүнд нь Засгийн газраас иод дутлын эмгэгээс сэргийлэх, бууруулах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хүнсний давсыг иоджуулж, үүнээс үүдэх эмгэгийг бууруулж чадсан. Өөрөөр хэлбэл, 2010 он хүртэл иоджуулсан давс хэрэглэдэг өрхийн эзлэх хувь тасралтгүй өссөн. Гэтэл 2017 оноос хойш эл үзүүлэлт буурч, иод дутлаас хамаарах эмгэг ихсэх хандлага ажиглагдлаа. Саяын судалгаагаар хүн амын 47 хувь нь л иоджуулсан давс хэрэглэж байна. Үүний улмаас бамбайн эмгэг ихсэх аюултай. Мөн гадаад улсаас хүүхдийн сүүн тэжээлийг ихээр оруулж байгаатай холбоотой ээжүүд хүүхдээ хөхөөр хооллох нь буурсан. Тодруулбал, хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллосон, зохистой байдлаар хооллож байгаа 6-23 сартай хүүхдийн хувь буурахын зэрэгцээ эрт амлуулалт, эхийн сүүгээр хооллох үзүүлэлт сайжрахгүй байна. Иймд бага насны хүүхдийн хооллолтын талаарх мэдлэгийг сайжруулахад анхаарах, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг энэ талын зөвлөгөө өгөх ур чадварт сургах шаардлагатайг судалгааны үр дүн харуулж байна. Түүнчлэн ээжүүдийн ажил хөдөлмөр эрхлэлт бага насны хүүхдийн хооллолтод шууд нөлөөтэй байгаа учраас зорилтот бүлэгт чиглэсэн, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэ удаагийн судалгаагаар хүн амын дундах таргалалт, тэр дундаа хүүхдийн илүүдэл жин нэмэгдсэн нь тулгамдсан асуудал гэж тодорхойллоо. Манай улсын 15-49 насны эмэгтэйчүүдийн 53, эрэгтэйчүүдийн 57 хувь нь таргалттай байна. Таргалалтыг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах шаардлагатай. Хоол тэжээлийн хамааралт эмгэг гэдэгт дутал, илүүдэл аль алиныг нь тооцдог. Ходоодоо дүүргэх бус, аминдэм, эрдэс, уураг, өөх тос, нүүрс ус агуулсан гээд тэнцвэртэй хооллож сурах хэрэгтэй юм.
-Тэнцвэртэй хооллох талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-“Гэр” зөвлөмжийн дагуу таван бүлэг хүнсээ хэрэглэ. Махнаас уураг, гурил, гурилан бүтээгдэхүүнээс нүүрс ус, сүүнээс кальци, кали, хүнсний ногооноос аминдэм, эрдсүүдийг авч болно. Гэвч иргэдийн цөөнгүй нь мөнгөгүйн улмаас тэнцвэртэй хооллож чадахгүй байна. Мөн манай улсад нарийн ногооны олдоц тааруу. Үүнд салбарын яам, байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй. Нөгөө талаас иргэд импортын жимс, ногоо л яриад байдаг. Манай улс жимсний баялаг нөөцтэй. Чацаргана, аньс, нэрс, үхрийн нүд зэрэг жимс нь аминдэм ихээр агуулдаг шүү дээ. Харин эдгээрийг хэрхэн зөв зохистой хэрэглэх, хоол хүнсэндээ ашиглах талаар сурч мэдэх хэрэгтэй байгаа юм. Монголчуудын дунд сүүний хэрэглээ багассан. Кальци, кали зэрэг аминдэмийг сүүнээс нөхөж болно. Эдгээрийг хэрэглэх нь тухайн өрхийн орлого, эрүүл хооллолтын талаарх мэдлэгтэй нь холбоотой. Судалгаагаар тухайн өрхийн эзэмшдэг эд хөрөнгийн нэр, төрөл болон тоог харгалзан оноо өгөх байдлаар өрхийн аж байдлын түвшнийг тогтоосон юм. Энэ шалгуураар үзэхэд таван өрхийн нэг нь ядуу бүлэгт хамаарч байна.