Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг манай улс 2023 онд заавал хийх дархлаажуулалтад оруулсан билээ. Ингэснээр нийт 13 вирусний эсрэг есөн вакцинаар хүн амыг дархлаажуулж буй. Үүний хүрээнд умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хүний папиллома вирусний эсрэг вакциныг 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд хийж эхэлсэн. Гэвч дархлаажуулалт зорилтот бүлэгтээ хүрэхгүй, хамрагдсан хүний тоо цөөн байгааг Эрүүл мэндийн яамныхан хэллээ. Энэ сарын 15-ны байдлаар дархлаажуулалтад хамрагдвал зохих 78 622 хүүхдээс 22 328 буюу 28.4 хувь нь вакцин хийлгэсэн байна. Орон нутагт 31.1, нийслэлд 28.4 хувьтай хамрагджээ.
Дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд орон нутагт техник арга зүйн дэмжлэг үзүүлж мэдээлэл, зөвлөгөө өгч буй аж. Тухайлбал, Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллажээ. Дархлаажуулалт Өвөрхангай аймагт 32, Баянхонгорт 44.1 хувьтай байна. Сургуульд суурилсан дархлаажуулалтыг байнгын, түр цэг, явуулын гэсэн гурван хэлбэрээр зохион байгуулж буй аж. Цаашид дархлаажуулалтыг нэмэгдүүлэхийн тулд аймаг, сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, товлолт вакцины тухай мэдээ, мэдээллийг зөв таниулах зэргээр бүх шатны байгууллагууд хамтарч ажиллахыг салбарын сайд нь үүрэгджээ. Мөн дээрх аймаг, сумын Эрүүл мэндийн төвүүдэд НҮБ-ын Хүн амын сангаас багаж хэрэгсэл гардуулсан гэнэ.
Ч.Туяа