Газар тариаланг тогтвортой хөгжүүлэх зорилготой “Атар-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон арилжааны 10 банкны удирдлага өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр арилжааны банкууд газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрийн чиглэлээр 800 тэрбум төгрөгийн зээл олгох нөхцөл бүрджээ. Үүнээс 350 тэрбумыг эргэлтийн хөрөнгө, 450 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгох юм байна. Улсын төсвөөс 2025 онд зээлийн хүүгийн дэмжлэгт 52.8 тэрбум төгрөг гаргах аж. Эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүний 10 хувийг Засгийн газар хариуцах гэнэ.
Эргэлтийн хөрөнгийн зээл хоёр, хөрөнгө оруулалтынх нь дөрөв хүртэлх жилийн хугацаатай байхаар гэрээнд тусгажээ. Хөрөнгө оруулалтын зээлийг иж бүрэн механикжсан үтрэм, агуулах, зоорь барих, мөөгний үйлдвэр байгуулах, зөгийн аж ахуйн үйл ажиллагааг тогтворжуулах, үр тарианы буюу шар буурцаг, царгас, вандуй, шош, сэвэг зарам, маалинга, хөх тариа, арвай боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зэрэг 15 чиглэлээр олгохоор шийдвэрлэсэн байна.
М.Оч