Татварын багц хуулийг шинэчлэх болсонтой холбоотойгоор албаныхан таван багц хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан билээ. Энэхүү цуврал хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчдийн өгсөн санал, дүгнэлтийн талаар МҮХАҮТ-аас өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр “Наран трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Удвал “Улсад татвар төлөгчид цөөрсөөр байна. Тухайлбал, манай компани худалдаагаа явуулахдаа иргэдээс татвар авч, улсад тайлангаа тавьдаг. Үүнээс болоод манайх шиг байгууллагаар үйлчлүүлэх иргэд үгүй боллоо. Хэн 10 хувийн татвар нэмж төлж, бараа авахыг хүсэх билээ. Татваргүй, НӨАТ төлдөггүй захаар үйлчлүүлэх нь тэдэнд ашигтай. Татварын тэгш бус орчин, зохицуулалт үйлчилж байгааг энэ жишээ харуулна. Цаашлаад Сингапурт НӨАТ долоо, Тайландад зургаан хувь байдаг. Харин Манайд 10 хувьтай байгаа нь бизнес эрхлэгчдээ хумих бодлого шүү дээ. Уг нь онлайн бизнес эрхлэгч, захын худалдаачин ч НӨАТ төлөх ёстой. Цаашид татварын хоёр хувийг буцаан олгож, сугалаа явуулахыг шинэчилсэн хуулиар болиулах хэрэгтэй” гэсэн юм.
Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй багц хуулийг зөвхөн татвар, хураамжийг цуглуулж, улсын төсвийг бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжүүлж байгааг бизнес эрхлэгчид шүүмжилсэн. Тэд татвараа төлсний дараах орлогоороо үйл ажиллагаагаа өргөтгөх, ажилчдынхаа цалинг нэмэх, хөрөнгө оруулалт хийх, өсөн дэвших ямар ч боломжгүй байгаагаа учирласан. Тодруулбал, НӨАТ 10, нийгмийн даатгалын шимтгэл 14, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 хувь, нэмээд бусад төрлийн татвар, хураамж, торгууль, алданги давхар төлж байгаагаас компаниудын олонх нь зах зээлээс шахагдан, дампуурч эхэлжээ. Мөн татварын хууль тогтоомжууд нь нийтэд ойлгомжгүй, уялдаа холбоо муутай, холбогдох дүрэм журам, маягтууд нь салаа утга агуулсан, хуулиас давсан заалтуудтай журмууд нь хүнд суртал, чирэгдлийг үүсгэдэг, хуулийг хэрэглэх явцад татварын байцаагчид тухайн заалтыг өөрсдийнхөөрөө тайлбарлаж, мэргэжил, арга зүйгээр хангадаггүй аж.
Эдгээр нөхцөл, шаардлагыг харгалзан, монголчуудад, бизнес эрхлэгчдэд эх орондоо дарамт, бэрхшээлгүй ажиллаж, амьдрахын тулд татварын багц хуулийн зорилгыг эхний ээлжид аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих замаар улсын хөгжлийг түргэсгэх санал дэвшүүлжээ. Түүнчлэн татвар хураамжаар улсын төсвийг бүрдүүлэхдээ зохистой хэмжээ баримтлах, цаашлаад багц хууль, дүрэм журмын уялдааг сайжруулах, нэр томьёо, хэрэглээг тодорхой, ойлгомжтой, хүндрэл чирэгдэлгүй, нэгдмэл болгохыг шаардсан аж. Мөн бизнес эрхлэгчдэд ээлтэй, шударга, тэгш зарчимд үндэслэсэн татварын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ингэснээр татварын бодлогын шинэчлэл нь бизнесийн орчныг илүү таатай, тогтвортой болгоход чухал алхам болно гэв.
О.Оргилох