Малынхаа түүхий эдийг хэрхэн боловсруулж, ашиглаж буй тухай Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн малчин С.Эрдэнэтуяатай ярилцлаа. Тэрбээр “Архангайн цагаан идээ-2025” үзэсгэлэн худалдаанд оролцож, өрөм, шимийн архи, шар тос болон олон төрлийн жимсээр амталсан ааруул худалдан борлуулж байна.
-Уг үзэсгэлэн худалдаанд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа ямар онцлогтой байв?
-Найм дахь жилдээ оролцлоо. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байна. Малчид орон нутгаас зорин ирэх нь сүүлийн жилүүдэд ихэссэн. Үүний зэрэгцээ ченж ч олширлоо. Жишээлбэл, Тамирын цагаан ааруул гээд улсад алдартай брэнд бүтээгдэхүүн бий шүү дээ. Гэтэл ченжүүд эрлийз үнээний сүүгээр хийсэн ааруулаа Архангайнх гэж худалдан борлуулах тохиолдол элбэг байна. Авууштай, бас дутагдалтай тал ч их байх юм.
-Ченж олон байна гэлээ шүү дээ. Уг нь энэхүү үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн малчид л оролцдог гэж ойлгосон.
-Голдуу Улаанбаатар хотын хүмүүс л байх юм. Бид Чулуут, Өндөр-Улаан, Ихтамир сумынх гээд нэгнийгээ андахгүй мэднэ. Манай сумын нэрэн доор хүртэл өөр нутгийн хүн худалдаа эрхэлж байна шүү дээ.
-Цагаан идээгээ олон төрлөөр баяжуулан боловсруулсан байна шүү дээ. Ингэхдээ ямар бүтээгдэхүүн ашигласан бэ?
-Энэ жил 10 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулж байна. Хүмүүс худалдаж авахад сонголт арвин байлгахын тулд цагаан идээгээ баяжуулан боловсруулсан. Мэхээрийн гурил, чацаргана, аньс, нэрс зэргээр амталсан. Ингээд амтлаад, өнгөлөг болгохоор хүмүүс ч дуртай худалдаж авах юм.
-Бүтээгдэхүүнүүд нь хэдэн төгрөгийн үнэтэй бол?
-Ааруул кг-ыг нь 35-55, шимийн архи, айраг нэг литр нь 10, бяслаг нэг кг нь 50 мянган төгрөгийн үнэтэй. Бас шар тос кг-ыг нь 50, цагааныг нь 40 мянган төгрөгөөр борлуулж байна.
-Та идээгээ аль улиралд голдуу бэлтгэдэг вэ?
-Манайх 8-11 дүгээр сард идээгээ бэлтгэдэг. Түүнийгээ нийслэлд авчирч зардаг юм. Манай нутагт аялал жуулчлал сайн хөгжсөн болохоор зуны улиралд сумдаа идээгээ борлуулах боломж ч бий.
-Малын түүхий эдийг боловсруулж, тогтмол орлого олох боломж малчдад байдаг уу?
-Боломжтой шүү дээ. Амьдралдаа нэмэр болохоор хэмжээний орлого олчихдог. Зарим айл 40 гаруй тонн цагаан идээ бэлтгээд үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Энэ хэмжээний идээ ойролцоогоор 40 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх байх. Манай гэр бүл энэ жил нэг тонн гаруй цагаан идээтэй оролцлоо. Байнгын худалдан авагч нартаа бүтээгдэхүүнээ эхэлж борлуулдаг. Үлдсэнийг нь үзэсгэлэн худалдаагаар зардаг юм.
-Ааруул гурилтай, аарцыг устай холчихсон байна гэх зэрэг шүүмжлэл их гардаг шүү дээ. Та худалдаа эрхлэгчийн хувьд үүнд ямар байр сууринаас ханддаг вэ?
-Үүнийг ёстой ойлгодоггүй. Ааруулыг яаж гурилтай холих юм бэ. Хийе гээд ч бүтэхгүй. Миний санаанд яагаад ч буудаггүй юм. Хүмүүс ч бас ингэж асуудаг. Шар сүүг нь дутуу шүүгээд, элсэн чихэр их хэмжээгээр хийсэн ааруулыг л гурилтай хольсон гэж андуураад байгаа бололтой. Ийм ааруул зунгааралдсан, зууралдсан болдог талтай.
А.Тэмүүлэн