Монгол бөхөнгийн тархац нутагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан баруун аймгийн эко клубийн сурагчид уг амьтны хорогдол, амьдрах орчны судалгаа хийж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхантай хамтран бөхөн бүхий нутгуудад эргүүл хяналт, тандалт судалгаа тогтмол хийж, холбогдох байгууллагынханд мэдээлэл дамжуулж байгаа аж.
“Бөхөн хамгаалах сүлжээ” багийн ахлагч Б.Батсайхан “Бунханы хар нуруу, Их шал орчимд ихдээ 25-50-иараа сүрэглэсэн бөхөнтэй таарлаа. Тэд багадаа 3-5, дунджаар 8-12-оороо сүрэглэн явж, 400-500 метрээс дотогш зайд хүн ойртуулахгүй, зугтаж байна. Эцэж муудсан, өвчилсөн шинж тэмдэгтэй бөхөнтэй таарсангүй. Сэг зэм ч бүртгэгдсэнгүй. Хойд хоолой, Хүйсийн говьд цас ихтэй, замгүй газраар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байна” хэмээн хамгийн сүүлд мэдээлэл дамжуулжээ.
Ж.Сувд