Бууз гэхээр үхрийн болон хонины махтай гэдгээр л ойлгодог үе ард үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, тун өргөн сонголттой болжээ. Худалдаа эрхлэгчид ч бүтээгдэхүүнийхээ амт, чанарт түлхүү анхаарал хандуулах болж. Үйлчлүүлэгчдийн хувьд ч гарал үүслийн бичигтэй, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан хүнсийг түлхүү сонгох болсон гэнэ. Цагаан сарын баяраар дан махан бууз идэх нь хоол боловсруулах эрхтэнд хүнд “тусдаг”. Тиймээс үйлдвэрлэгчид эрүүл мэндэд тустай, ногоотой бууз худалдаанд гаргажээ.
“Мандах бууз” цехийнхэн хонины, үхрийн махтай, ногоотой, сархинагтай бууз борлуулж байна. Жишээ нь, үхрийн гуяны цул махыг бууцай, цэцэгт байцай, байцай, лууван, юуцай зэрэг хүнсний ногоогоор амталж, бүхэл үрийн бор гурилаар ногоотой бууз хийжээ. Эрүүл мэндэд тустай, ногоотой бууз нь нэг кг нь 18 000 төгрөгийн үнэтэй. Дараагийнх нь сархинагтай бууз юм. Сүүлийн жилүүдэд иргэд малын дайвар бүтээгдэхүүнийг хэрэглэх нь багасаж буй. Иймд малын дайврыг боловсруулж, хэрэглэгчийн гарт хүргэж буйгаараа эл бууз онцгойрох гэнэ. Сархинагийг угааж, цэвэрлээд хүнсний ногоогоор амталж бэлтгэсэн юм байна. Эл бууз нэг кг нь 23 000 төгрөгийн үнэтэй.
Мөн “Туруун чанар” компанийнхан хонины сархинагаар хийсэн бууз худалдаж эхэлжээ. Энэ нь гурил ашиглаагүй гэдгээрээ онцлогтой. Хонины сархинагт хүнсний ногоо, мах, өөх зэргийг хийж амтлан бэлтгэсэн юм байна. Үүнийг усанд буцалгаж хэрэглэх бөгөөд хүссэн ногоогоороо амтлах боломжтой. Үнийн хувьд нэг кг нь 27 000 төгрөг аж. Бас хонины толгойны махаар хийсэн буузыг хувь хүмүүс кг-ыг нь 10 000 төгрөгөөр борлуулж байна.
Эдгээрээс гадна цагаан хоол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн ч байна. Тухайлбал, “Foody” брэндийнхэн маалингийн гурил, дүпү, ногоон сэвэг зарам, байцай, лууван, сонгино, шар буурцаг зэргийг ашиглаж хийсэн “Сэвэг зарамтай бууз” хэмээх бүтээгдэхүүнээ худалддаг аж. Мөн ногоон хулуу, лууван, цагаан гаа, бууцай, дүпү, сэвэг зарам зэргийг ашиглаж хийсэн “Моммос бууз” гэх бүтээгдэхүүн ч бий. “Сэвэг зарамтай бууз” 900 гр нь 15 200 төгрөгийн үнэтэй. Тэгвэл “Моммос бууз” 600 гр нь 14 200 төгрөгийн үнэтэй юм. Бас тэд шар буурцаг ашиглаж хийсэн буузны махыг нэг кг-ыг нь 21 000 төгрөгөөр худалддаг гэнэ. “Agnista” рестораныхан мөн веган бууз бэлтгэжээ. Хүнсний ногоогоор баяжуулсан “Шимт”, шар буурцгийн уурагтай, бүхэл үрийн гурилаар хийсэн буузыг тус рестораныхан худалдаж байна. Эдгээр нь кг нь 11 000-13 000 төгрөгийн үнэтэй гэнэ.
Ташрамд дурдахад, гэрт нь очиж бууз хийж өгөх үйлчилгээ ч бий болжээ. Ингэхдээ нэг кг буузыг 5000 төгрөг хийдэг. Түүнчлэн кг махыг 2500 төгрөгөөр жижиглэж бэлтгэдэг юм байна. Хувь хүмүүс гэр бүлээрээ, эсвэл найз нөхдөөрөө нэгдэж, айлуудын сар шинийн баярын бэлтгэлд туслах үйлчилгээ нэвтрүүлсэн аж.
А.Үүл