“Эко соёл” сан, “Хөвсгөл далай ээж” нийгэмлэг хамтран “Хөвсгөл нуур-хамгаалал” хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл зохион байгуулагчид Далай ээжийн өнөөгийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр дэлгэлээ. 2019 болон энэ онд авсан, нуурын эрэг орчмыг жуулчны баазууд хэрхэн эзэлж, доройтуулсан, сайжруулсан шороон зам, өвс, ургамлыг нь хэрхэн бохирдуулж буйг “өгүүлэх” гэрэл зургуудыг энд онцолжээ. Тухайлбал, 2019 онд Хөвсгөл нуурыг хамгаалах ач холбогдлыг иргэдэд таниулах зорилгоор “Далай ээж” төслийг эхлүүлсэн. Тухайн үед Хөвсгөл, Улаанбаатарт 14 хоног үргэлжилсэн арга хэмжээнд оролцсон найман орны судлаач, байгаль хамгаалагчийн авсан гэрэл зургийг эндээс харж болно. Аялагчид нуурын эргийг хогийн цэг шиг болгосныг харуулсан зургийн хажууд Хатгал сумын үзэсгэлэнт байгалийн зургийг харьцуулан тавьсан байна. Мөн өнгөрсөн зун сэтгүүлч, судлаач нарын хамтарсан баг Хөвсгөл аймгаар 10 хоног аялж, бодит байдалтай танилцахдаа авсан гэрэл зургуудыг ч дэлгэжээ.
“Эко соёл” сангийн тэргүүн Т.Саруул “Засгийн газар эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нуурын эрэгт 500 автомашины найман зогсоол барих тогтоолыг 2019 онд гаргасан. Хууль бус үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр буудлуудыг цэгцэлж, нүхэн жорлонгуудыг устгаагүй мөртлөө машины зогсоол барих нь эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн оновчтой бодлого биш. Бид өнгөрсөн жил Хөвсгөлд очиход нуурын ус бохирдож, хүмүүс хог хаяж, нутгийн иргэдийн эрх зөрчигдсөн зэрэг олон асуудал тулгарсан байсан. Харамсалтай нь, энэ жил тэдгээрээс алийг нь ч шийдэж чадсангүй. Нөхцөл байдал улам дордохоос өмнө асуудлыг шийдэж, машины зогсоол байгуулах бус, тэнд тулгарч буй асуудлуудыг шийдэх дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Тэдгээрийг шийдтэл “Далай ээж” төсөл үргэлжилнэ” хэмээлээ.
Бэлтгэсэн: О.Алуунгуа