“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн Монголын орчин цагийн уран зохиолын шилмэл өгүүллэг, туужсыг эмхтгэж “Монголын өгүүллэг, туужийн дээж” I-VI боть номыг хэвлэн уншигчдын хүртээл болголоо.
Тус номын нээлт маргааш “Интерном” номын дэлгүүрт болно.
Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржоос эхлээд уран бүтээлээ ид туурвиж буй өнөө цагийн нэртэй зохиолчдын шилмэл өгүүллэг, туужсын дээжийг багтаасан эдгээр ботийн эмхтгэгчээр МУСГЗ, Төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр, СГЗ, зохиолч Лу.Дашням нар ажиллажээ.
Эмхтгэгчид сонгодог бүтээлүүдээс гадна уран зохиолын өвөрмөц онцлог, хөгжлийг харуулж, төлөөлж чадахуйц шидээвэр бүтээлүүдийг бүрэн хамруулжээ. Мөн боть тус бүрт өмнөтгөл хийж, тухайн ботид орсон зохиолчдын сэтгэлгээ, бичлэгийн өнгө аяс, хэл найруулга, ахиц дэвшил зэргийг мэргэжлийн үүднээс тоймлон задлан тайлбарласнаас гадна гол төлөөлөгчдийн уран бүтээлийн тухай эрдэмтэн судлаачид, үзэг нэгтнүүдийнх нь өгсөн үнэлэлт дүгнэлтээс цөм хэсгийг нь түүвэрлэн авч, шигтгээ болгон оруулжээ. Түүнчлэн зохиолчдын ховор сонин, тэр бүр олон нийтэд хүрч байгаагүй түүхэн зургуудыг хавсаргасан байна.
Өнөөгийн утга зохиолын маш өндөр шалгуур, хэвлэлийн стандарт зэргийг бүрэн хангасан эдгээр боть нь хүүхэд залуусын гоо сайхны мэдрэмж, сэтгэлгээг хөгжүүлж, эх хэлний боловсролыг нь дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр болохын сацуу сургалт, судалгааны чухал хэрэглэгдэхүүн, Монголын хүүрнэл зохиолыг орчуулан дэлхийн тавцанд гаргахад үндсэн эх болно гэж мэргэжлийн хүрээнийхэн үзэж байгаа аж.