Уран бүтээлч О.Алтанхуяг, Н.Насанбат, Ж.Шижирбаатар нарын хамтарсан “Парадокс” үзэсгэлэнг энэ сарын 17-31-нд олон нийтийн хүртээл болгоно. Уг үзэсгэлэнг “Б контемпорари” галерейд нээх бөгөөд гурван уран бүтээлч өөрсдийн өнцгөөр нийгмийн хурдацтай өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг дүрслэн үзүүлэхийг зорьжээ. Уран бүтээлч О.Алтанхуяг сюрреалист буюу бодит болон хийсвэр ертөнцийг хослуулан дүрсэлсэн уран зургуудаараа оролцож байгаа аж. Тэрбээр бүтээлүүдээрээ нийгмийн өөрчлөлт хувь хүний ухамсарт хэрхэн нөлөөлж буйг илэрхийлэхийг зорьсон байна. Харин уран бүтээлч Н.Насанбат амьдралын хэв маяг, иргэн бүрийн хэрэглээнээс үүдсэн үйлдлийг гиперреалист буюу бодит байдлыг бүтээлүүддээ нарийн детальчилж тусгажээ. Тэгвэл уран бүтээлч Ж.Шижирбаатар холимог техникийн аргаар нүүдэлчдийн соёл иргэншлийг өнөөгийн нийгэмтэй холбон илэрхийлсэн бүтээлүүдээ дэлгэх аж.
Тэд уран зургуудаараа өв соёлоо хамгаалахад хувь нэмрээ оруулж байгаагаа онцолсон. Цаашид бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөсөн бөгөөд гурван уран бүтээлчийн дотоод ертөнцийг соёлын бүтээгдэхүүн болгох ажлыг тус галерейгаас эхлүүлээд байна.
А. Дөлгөөнзул