БНХАУ-ын Харбин хотноо болсон цас, мөсний наадамд оролцсон манай улсын уран бүтээлчдийн урласан мөсөн баримлууд шилдгээр шалгарч, цасны сийлбэрийн төрөлд өрсөлдөх гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус наадамд оролцсон, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш Д.Цэрэнбаттай ярилцсанаа хүргэе.
-Харбины цас мөсний наадамд амжилттай оролцсонд баяр хүргэе. Хэр олз омогтой ирсэн бэ?
-Би 2000 онд Дүрслэх урлагийн дээд сургууль төгсөж, 2007 оноос сургуульдаа багшилсан. Ангийнхан болон шавь нартайгаа 2008 оноос олон улсын цас, мөсөн баримлын тэмцээнд оролцож эхэлсэн. Энэ жилийн тэмцээнд 26 орны 30 гаруй баг өрсөлдлөө. Бид найман хүний бүрэлдэхүүнтэй очиж, мөсөн сийлбэрийн төрөлд дөрвөн баг болж, цасныхад нь хоёр хуваагдаж оролцсон. Мөсний тэмцээнээс Мөнхтуул ахлагчтай баг хүрэл медаль авч, Х.Батбаатар бид хоёр “Цагаан сүүний ургамал” бүтээлээрээ шилдэг ур чадварын шагнал хүртсэн. Эрдэнэт хүний биеийг олж төрөх том хувь тавилан, зол завшаан байхад манай хотын агаарын бохирдол урагт, бидний эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. “Цагаан сүүний ургамал”-даа энэ санааг дэвшүүлж, хүний хурууны хээн дээр эхийн хэвлийд бойжиж буй, хорт утааны масктай ураг дүрсэлсэн юм. Цасан сийлбэрийн төрөлд нөгөө баг маань “Хөхөө Намжил”-ын домгийг үзүүлсэн “Сэтгэлийн аялгуу”-гаар, манайх “Цагийн урсгал” баримлаараа тус бүр гуравдугаар байр эзэлсэн. Манай баг сүг зураг, буган чулууны дүрслэл оролцуулж, Монголынхоо түүхэн цаг үеүдийг элсэн цаг дээр дүрсэлсэн. Элсэн цагны жижиг нүхээр хорвоогийн бүх юм багтдаг, цаг хугацаа дийлдэшгүй гэдгийг үүгээрээ илэрхийлж, дэлхийн бөмбөрцгийг дор нь бүтээсэн. Харбины наадмаас Монголын сийлбэрчид одоогоор дэд байрт нэг, гуравдугаар байрт таван удаа шалгарч, тусгай байр болон шилдэг ур чадварын шагналыг оролцох бүртээ авч байна. “Энэ уралдаанд танайх нэгдүгээр байрт орох байсан юм. Шүүгчид хэрхэн дүгнэснийг ойлгохгүй юм. Баяр хүргэе” гэх агуулгатай сэтгэгдэл гадаадын уран бүтээлчдээс хоёр ч удаа сонссон нь их урам өгсөн.
-Та өмнө нь ямар тэмцээнд оролцож байсан бэ?
-Би Харбины цас, мөсний наадамд гурав дахь жилдээ оролцлоо. Сийлбэр гэдэг агуу урлаг. Цас мөсөн баримал бол зөвхөн нэг хэсэг нь. Чулуу, алт, мөнгө, ган, элс, яс, хөөсөнцөр гээд сийлж болох бүх материалаар бид урладаг. Манай уран бүтээлчид Финланд, АНУ-ын Денвер, Аляскад зохион байгуулдаг тэмцээнүүдэд оролцох бүртээ байр эзэлдэг. Бусад улсад сийлбэрээсээ баримал нь илүү хөгжсөн учир Монгол, БНХАУ, ОХУ-д л сийлбэрчид байдаг гэхэд хилсдэхгүй. Бусад орны уран бүтээлчид ихэвчлэн баримлаар дагнадаг юм билээ. Тиймээс модон сийлбэрийн тэмцээн болох нь ховор. Би өнгөрсөн зун Ангарск хотод зохион байгуулсан модон сийлбэрийн тэмцээнд оролцож, мөнгөн медаль авсан. Бусад улсын уран бүтээлчид бүгдээрээ ивээн тэтгэгчтэй, тэднийхээ логог хувцсан дээрээ байрлуулдаг. Индонез барималч бүр “Манайх цөөхөн, тавхан ивээн тэтгэгчтэй” гэж байсан. Гэтэл бид дур сонирхлоороо нэгдэж, өөрсдийнхөө хөрөнгөөр эх орныхоо нэрийг дуурсгадаг. Тухайн улсын хөгжлийг урлагаар нь тодорхойлдог гэдэг дээ. Тэгэхээр уран бүтээлчдийг өнөө маргаашийнхаа тав, 10 цаасыг олох гэж ажилладаг гэж ойлгож болохгүй.
-Сийлбэр олон янз байдаг гэлээ. Тэдгээрийн ялгаа, мөн чанарын тухай ярина уу. Та юугаар сийлэхийг илүүд үздэг вэ?
-Би зөвхөн нэг төрлөөрөө дагналгүй, үргэлж шинийг сэдэж, туршихыг хичээдэг. Хөөрөг, мөнгөн бүс, дал болон зааны ясан сийлбэр хийж байсан. Чулуу цуурдаггүй, олон жилийн настай ч уран бүтээлчээс их хөдөлмөр шаарддаг. Жижиг учир ясан дээр сийлэх нь чимхлүүр ажил ихтэй. Яс хугарчих гээд байдаг талтай ч мод шиг амархан цуурдаггүй.
-Цас, мөсөөр урлахад гар даарахаас эхлээд бэрхшээл их биз?
-Машин цасанд суухад дороос нь хэр их хэмжээний цас ухаж байж гаргадгийг уншигчид мэдэх биз. Тэгтэл уран бүтээлчид бид маш өндөр нягтаршилтай, том хэмжээний цас авахын тулд гурав хоног ухдаг. Гар, хөлөө хөлдөөж байгаагүй ч мөсөнд даруулж бэртэх тохиолдол байдаг.
-Мөс сонгохдоо ч учиртай ханддаг байх.
-Байгалийн жамаар хөлдсөн мөс тунгалаг байдаг. Бид нуурын мөс цоолж, бэлтгэдэг учир амь өрссөн, эрсдэлтэй. Хамгийн багадаа 1.5 ам метр мөс гаргалаа гэж бодоход бараг л хоёр тонн жинтэй. Өртөг өндөртэй учир захиалагчид биднийг баян гэж ойлгодог ч үнэндээ мөнгөнийх нь ихэнх нь энэ мэт зардалд үрэгдэж, уран бүтээлчийн гар дээр цөөхөн хэдэн төгрөг үлддэг. Бид л мөсөө өөрсдөө бэлтгэдэг болохоос биш, гадаадад мөс ухдаг хүмүүс тусдаа байдаг юм билээ.
-Ингэхэд та яагаад сийлбэрч болсон бэ?
-Багадаа зураач болохыг хүсэж, зохион бичлэг хийх даалгавартаа энэ мөрөөдлийнхөө тухай дурддаг байлаа. Зургадугаар ангидаа шаазан морь хараад анх удаа дуурайлгаж хийсэн. Дараа нь хөрш айлын бурхны дэргэд зандан модоор сийлсэн азрага байхыг үзээд хуулбарласан. Тэр үедээ адилхан болсон шиг санагдсан ч мэдээж хүүхэд хойно ямар болсон нь ойлгомжтой. Тэр үеэс өдгөө хүртэл 400 орчим морь сийлсэн ч хадгалж үлдсэн нь хоёрхон.
-Бүтээлийнхээ санааг хамгийн сонирхолтой байдлаар олж байсан түүхээсээ хуваалцана уу?
-Би дотроо ихийг бодож, бясалгах дуртай хүн л дээ. Санаа чилээсэн нийгмийн асуудлууд, хорвоогийн учир байдлыг өөрийнхөөрөө үнэлж дүгнээд бүтээлдээ тусгадаг. Дорнодод нар мандахыг хараад “Талын аялгуу” бүтээлээ хийсэн. Газар дороос томоо гэгчийн улаан нар мандаж, есөн давхар хоёр барилга доод үзүүрт нь өчүүхэн үзэгдэхэд шинэ санаа төрж, угалзлан сийлж байлаа.
-Та ямар улиралд дуртай вэ?
-Цас, мөсөөр урладаг учир өвөл гэж хариулна гэж бодсон байх. Зун, намар, өвөлд дуртай. Цэцэг дэлгэрч, бүх юм шинэлэг мэдрэмж төрүүлдгээрээ хавар сайхан ч хавсарга нь таалагддаггүй.
-Дээхнэ үед Сүхбаатарын талбайд өвөл бүр байгуулдаг байсан мөсөн хотхон олон хүүхдийн гэгээлэг дурсамжийн нэг хэсэг байх. Одоо яагаад хотхон байгуулахаа больсон юм бол?
-Намайг оюутан байхад улсын санхүүжилтээр мөсөн хотхон барьж, уран бүтээлчдийн дунд уралдаан зарладаг байлаа. Манай ангийнхан гурван жил дараалан түрүүлж, нэг удаа гуравдугаар байрт шалгарсан. Тэр үед цэргийн ангиудаар цас, мөс бэлтгүүлдэг байсан. Хэдхэн сарын настай учир дэмий зүйлд мөнгө үрлээ гэсэн шалтгаанаар улсаас дэмжихээ больсон байх. Уг нь үүнийг Монголдоо ашигтайгаар эргүүлж, гадаадын жуулчдыг татах боломжтой. Жишээлбэл, Харбины мөсөн хотхоныг үзэхээр жуулчид дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг. Биднийг бүтээлээ хийж байхад монголчууд ч гэсэн их үзсэн. Харих замдаа Бээжингээр дайрахад Харбин руу явж байгаа монголчууд ч олон таарсан.
-Хүч хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэлээ зориулж босгосон бүтээл тань хэдхэн сарын настай байдаг нь нэг талаараа харамсалтай санагддаг уу?
-Нэг талаараа харамсалтай боловч бидэнд таашаалтай. Гадаа хэдий хүйтэн байсан ч салхи гэдэг агуу учир нүх сүвээр нь үлээсээр нарийн сийлбэрүүдийг нь танигдахаа больтол мөлийлгөдөг. Цас, мөсөөр урласнаараа шинийг санаачилж, олон улсад ур чадвараа сорьж байна. Хэрвээ Монголдоо гадаадын уран бүтээлчдийг хамруулсан ийм уралдаан, наадам зохион байгуулбал манай барималч, сийлбэрчид болоод энэ чиглэлээр суралцдаг оюутнууд, олон улсын урлагийнхны чиг хандлага, арга барил, туршлагыг судалж харьцуулан дүгнэж, хөгжихөд нь нэмэртэй.
-Манай нийслэл дэх баримлуудын тухай бодлоо хуваалцана уу?
-Тендерийн будилаан гэдэг шиг чанарыг нь бодолцохоосоо илүү танилуудаараа хийлгэдэг тал бий. Жишээ дурдахад, манай талийгаач багш Ч.Угтаабаяр академич Б.Ринчен гуайн баримлыг жижиг хэмжээгээр гайхамшигтай урласан. Үндэсний номын сангийн өмнө байдаг Б.Ринчен гуайн хөшөөг зээ хүү нь хийсэн юм гэнэ билээ. Өвөөгөө хүндэлдэг бол Б.Ринчен гуай чинь дээлээ ч олигтойхон бүсэлчихэж чаддаггүй хүн байсан юм уу даа гэж бодогдуулахаар, хоёрын хооронд бүтээл хийхгүй байсан болов уу гэж боддог. Урлагийн хөгжил хотын өнгө үзэмжид нөлөөлнө. Хот цэвэр цэмцгэр байвал хүмүүс ч соёлтой болно шүү дээ.
-Тэгвэл таны сэтгэлд хамгийн их нийцсэн баримал аль вэ?
-Хэзээ ч цаг үеэсээ хоцрохгүй, хаана ч тавьсан орчиндоо зохицох, орчин үеийн шийдэлтэйгээрээ Үндэсний музейн өмнөх Хэлмэгдэгсдийн хөшөө.
Б.ДӨЛГӨӨН