Хайрын өнө мөнхийн билэгдэл Цагаан уул цэцгээр нэрлэгдэж, уран үгсээр наадагч залуусын хүсэн хүлээдэг наадмын нэг бол яалтчгүй “Цагаан Уул” хайрын шүлгийн наадам юм.
Энэхүү наадмыг Монголын Залуучуудын Холбооноос 17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам нь хайрын шүлэг, хайрын тухай дууны үг шалгаруулах, хайрын богино хэмжээний шүлгэн мессежийн уралдаан гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдах аж.
Тэгвэл уг наадмын бичгийн шалгаруулалт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд энэ сарын 21-нээс ирэх сарын 10-ны хооронд оролцогчдын материалыг хүлээн авах гэнэ. Орон нутгаас “Цагаан Уул-2015” хайрын шүлгийн наадамд оролцох иргэд хоёрдугаар сарын наймны дотор орон нутаг дахь МЗХ-ны салбараас тодорхойлолт авч бүтээлээ ирүүлэх бол, нийслэл хотод байгаа иргэд бүтээлээ хоёрдугаар сарын 10-ны дотор МЗХ-ны 204 тоотод бичгээр авчирч өгөх, мөн МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар ирүүлж давхар явуулах бөгөөд яруу найрагч бүр гурван бүтээлээ ирүүлэх юм.
Материал ирүүлэхдээ өөрийн овог нэр, утас, харьяа сургууль, хаяг, и-мейл, FB хаягийг шүлгийн хамт ирүүлэх ёстой аж.