Хүн гээч амьтаны хамгийн сул бөгөөд хүчтэй талуудын нэг атаархал.
Тэр тусмаа эмэгтэйчүүд нэг нэгэндээ атаархах нь эрчүүдийн атаархлаас даруй хэд дахин их байдаг гэдгийг хүн төрөлхтөний амьдралын туршлага харуулдаг.
Сайн яваа нэгнээ хараад "Ямар сайхан юм бэ. Би энэ хүн шиг болох юм сан" гэсэн цагаахан атаархал зүрхэндээ тээсэн бол та хүчтэй хүн.
Тийм учраас атаархлыг бас хүнийг өөрийг нь хөгжүүлэх хүчтэй чанаруудын нэг гэж болно.
Харин харамсалтай нь "Энэ муу ийм болчих гэж. Нэг тийм хөгийн амьтан л байсан юм даг. Надаас илүү гарах юм энэнд юу байгаа юм" гээд л бодоод ирвэл хар муухай атаархал болж та тэр хэмжээгээрээ зовж тарчилна уу гэхээс биш өсөж дэвжихгүй нь лавтай.
Ямар хүн илүү атаач байдаг вэ?
“Атаачид бол бусдаас ямар нэг зүйлээрээ дутуу гэдгээ чин зүрхэндээ өөрөө мэдэрдэг хэдий ч тэрийгээ хүлээн зөвшөөрөх дургүй, атаархаж буй хүн шигээ болох чин эрмэлзлэлгүй, өөрөө өөрийнхөө сул талыг ялан дийлэх, хөдөлмөрлөх бие сэтгэлийн тэвчээргүй, ялангуяа аливаа юмыг олон талаас нь харж дүгнэх чадваргүй, муу муухайг биш сайн сайхныг харах билгийн нүдгүй харалган ойрын бодолтой хүмүүс байдаг” хэмээн Английн нэгэн сэтгэл судлаач хэлсэн байдаг.
Ямар ч зүйлд сайн сайхан зүйл оршдог. Тэр ч бүү хэл гэмт хэрэг хийсэн хүмүүст ч ямар нэгэн сайн сайхан чанар байгаа нь тодорхой.
Атаархлын тухай XIII Далай лам “Хүний болоод аливаа нэг юмны сайн сайхан зүйлийг харж чадна гэдэг бол хүнд бурханаас заяасан хишиг. Харин атаархагчдад бурхан ийм хишигээ дутуу хайрладаг” гэжээ.
Үүнээс үзэхэд атаархал бол хүний төрөлх зан авир. Үүнд түүний гень хамгийн ихээр нөлөөлсөн байдаг аж. Тоглоом тоглож буй хоёр хүүхдийн нэг нь нөгөө хүүхдээс арай илүү гоё тоглоомтой байя гэж бодъё. Атаархуу хүүхэд бол шууд л тийм тоглоомтой болохыг уйлан хайлан ээжээсээ шаардана. Найз нь түүнээс илүү гоё тоглоомтой болсонд атаархах хамгийн эхний шинж бол уурлана нүүр царай нь уй гунигтай болно. Улмаар шууд тоглоомыг нь булааж авахыг оролдоно. Эсвэл бүр аваад чиний энэ муу тоглоом муухай гээд шидээд эвдэж орхиж ч магад. Гэхдээ хүн энэ төрөлх зан авираа дарах зөв цагаахан атаархагч болгоход эцэг эх, орчин тойрны нөлөөлөл маш их. Эцэг эх нь хүүхэддээ өөөрийнх нь хуучин тоглоом хэчнээн хуучин ч түүнд бас давуу чанар байгаа гэдгийг зөвөөр ойлгуулж хүүхдээ зөв хүмүүжүүлж чадвал тэр хүн ирээдүйд хар атаач биш цагаан атаархагч болох магадлал өндөр.
Хэрэв тоглоомоо голсон хүний ээж жинхэнэ атаач нэгэн бол "Миний хүү энэнээс дутах юу байсан юм" гээд бүр илүүг авч өгөх. Түүгээр ч зогсохгүй "Одоо миний хүү түүнээс гоё тоглоомтой болсон" гэж сурталчлаад эхэлбэл та хүүхдээ ирээдүйд хар хорон атаач болгон төлөвшүүлж байна гэсэн үг.
Атаачид юунаас болж танд атаархдаг вэ?
Энэ бол маш өргөн хүрээтэй. Тэд таны нийгмийн гарал үүсэл, мөнгө хөрөнгө, авьяас чадвар, хайр сэтгэл, сайхан аз жаргалтай гэр бүлийн амьдрал, зүс царай, бие бялдар тэр ч бүү хэл сайн нөхөр, сайхан эхнэрт чинь хүртэл атаархдаг.
Атаачид тэгээд яадаг вэ?
Цагаахан атаархагчид бол хөдөлмөрлөнө зүтгэнэ хичээнэ тэр хирээрээ амжилтанд хүрнэ. Хар атаачид бол атаархаж буй хүнээ хараана зүхэнэ, сэмхэн хов жив тараана нэр хүндийг нь сэвтүүлэх элдвийн башир арга явуулга хийнэ. Гэхдээ тэдний үйлдэл бол их хорон муу, санаанд оромгүй байх тул зарим тохиолдолд цаад атаархалыг нь төрүүлсэн хүндээ ихээхэн хор уршиг тарьж ч чадах тийм хүчтэй байх нь ч бий. Эцсийн эцэст энэ нь амжилтад хүрдэг юмаа гэхэд харамсалтай нь байнга муу муухай хар бараан зүйлээр зүрх сэтгэлээ харлуулж явсан хүн хэзээ ч өөдлөхгүй тавилантай байх нь амьдралын үнэн.
Хар атаачдын нүүр, нүд бүгдийг хэлээд өгдөг. Байнга хэн нэгний дор орчих вий гэж эсвэл энэ муу надаас дээр гараад байна гэж шаналж явах тул нүүр царай нь эелдэг эеэргүү биш хахир хатуу шинжтэй болж ирдэг. Хэн нэгнийг гомдоох өдөөн турхирахдаа гаргуун тул үг яриа нь сөрөг хар энергитэй. Харьцаж нийцэхэд хүнд, хэн хүнтэй нийцгүй байх нь түгээмэл. Эсвэл бүр эсрэгээрээ хар санаагаа дотроо хумсаа нуусан муур шиг нууж таньд үнэнч царайлж явах нь ч бий. Гэхдээ л атаачид өөрөө өөрийгөө хуурч чадахгүй нь амьдралын үнэн билээ. Бас элдвийн хов жив хөөцөлдөх далд явуулга хийхдээ тун гаргуун болсон байдаг. Тэдний нүдний харц нь л андашгүй дээ. Амьдралын баяр баясалгүй, могой шиг хүйтэн бас тэгээд хурц ширүүн.
Атаачдаас яаж ангижрах вэ?
Ганц шилдэг шалгарсан арга бол тэднийг зүгээр л зөнгөөр нь орхих. Тэдэнд гомдож зүрх сэтгэлээ шархлуулж хэзээ ч болохгүй. Харин үүний оронд тэднийг өрөвдөж амьдрах. Зүгээр л түүний энэ сул талыг өрөвд. Өөрийгөө хамгаалж тэмцэх хэрэггүй. Тэгвэл та атаачдын хор нөлөөнд бүр автаж тэдний бах тавыг хангаж ч магадгүй. Тэмцэх тусам та ядаж тэдний хорон муу үйлдлийн талаар амьдралын туршлага байхгүй тул тэдэнд тухайн үедээ "ялагдана" уу гэхээс ялж гарахгүй.
Их эрдэмтэн номч Бямбын Ренчин гуайн нэг сайхан үг байдаг тухай аав маань дурсаж байсан санаанаас гардаггүй юм. Яруу найрагч Сэнгээ гуай тухайн үед мань хүнийг шүүмжилж "Далан настанд ч даруулга хэрэгтэй" шүлэглэл бичиж л дээ. Хүмүүс Ренчин гуай дээр ирээд та өөрийгөө өмөөрч ямар нэгэн хариу бичээч гэж хэлжээ. Хариуд нь Ренчин гуай "Би бол Бямбын Ренчин" л гэж хэлжээ. Тиймээ тэр хүн бол Бямбын Ренчин болохоос Сэнгээ биш. Хэрэв Бямбын Ренчин мөн л бол Сэнгээ гуайтай арцалдаж өөрийгөө өмгөөлж өөрийгөө Сэнгээ гуайн зиндаанд аваачиж доош оруулахгүй гэсэн логик байгаа юм. Бас нөгөө талаараа мань хүн Сэнгээ гуайн шүүмжлэлийг тэр хүний үзэл бодлыг өөрийнх нь өнцгөөс харах тийм агуу их билгийн нүдтэй байсандаа тэр удаа хэл ам хийлгүй өнгөрсөн ч байж магад.
Атаачид хол явдаггүй.
Үүнийг олон жишээнээс харж болно. Моцартын төрөлхийн авьяасанд атаархсан Австрийн хааны ордны хөгжмийн зохиолчийн хувь заяа яаж төгссөнийг та бүхэн энэ талаар хийсэн Холливудын нэгэн киноноос гадарлах байх. Тэр хүний амьдрал асрамжийн газарт ганцаардал уй гашуу дунд туйлын эмгэнэлтэй байдлаар дууссан гэдэг. Тухайн үед түүний элдэв явуулгаар залуухан Моцарт зовж шаналж түүнээс тэр атаархагч өөрөө бие болоод сэтгэлийн таашаал эдэлж байсан байхыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ тэрээр хэзээ ч Моцарт өөрөөс нь илүү гэдгийг мэддэгч өөдгүй атаач сэтгэлээсээ болоод түүнийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Одоо тэр нэр нь бүдгэрэн хэн ч биш болсон хааны ордны хөгжмийн зохиолчийн бүтээлийг өнөөдөр хэн сонсож байна вэ. Бүтээлийг нь сонсох нь бүү хэл нэрийг нь ч санах хүн байхгүй байгаа биз. Ингээд бодохоор атаачид өөрийн өчүүхэн цээжин дотроо муу аргынхаа хүчээр түрхэн зуур "амжилт" олж болох ч тэднийг амьдрал хэзээ ч уучилдаггүй. Харин та тэднийг уучилж бас өрөвдөж амьдар. Тэгж чадвал хар санаат атаачдаас та ангид байж чадна.