“S4” хамтлаг, бийтбоксчин Баачка хамтран Хятадын BTV залуучуудын сувгийн “You can” хөгжмийн наадамд оролцож нэгдүгээр шатандаа бусдаасаа хамгийн өндөр оноо авчээ. Орос, Америк, Солонгос, Япон, Тайвань, Австрали тэргүүтэй олон улсын 8000 орчим хүн оролцсон наадамд тэд “Төвдийн өндөрлөг уул” нэртэй дуу дуулсан аж. Оролцогчид хятад хэлээр дуулж, 10 шүүгчийн дор хаяж долоогоос оноо авбал тэнцэх дүрэмтэй гэнэ. “Бид бүх шүүгчээс оноо авч тэнцсэн. Монголд акапелла дуулдаг ийм сайн хамтлаг байдаг гэж бодсонгүй. Та нар хамгийн өндөр оноо авлаа гэж шүүгч үнэлсэн” хэмээн тус хамтлагийнхан хэлсэн. “Хятад хэлээр, тэр дундаа акапелла чиглэлээр дуулах хэцүү. Танай хамтлагийн нэг нь л монгол царайтай, бусад нь манайхнаас ялгагдахгүй харагдаж байна. Тиймээс үндэснийхээ онцлогийг харуулж, дээлээ өмссөн бол илүү гоё байлаа” хэмээн шүүгчдийн нэг нь зөвлөжээ. Уг наадмын сүүлийн шат энэ сарын 24-28-нд болох гэнэ. Дашрамд дуулгахад, “S4”-ийнхөн шинэ цомгоо тун удахгүй сонсогчдод хүргэхээр Бээжин, Сингапур, Монголын бичлэгийн студиудад дуунуудаа бичүүлжээ.
Б.Дөлгөөн