Уулын спортын олон улсын хэмжээний мастер Ч.Тэрбишийн “Зүрхэнд залрах шүтээн” аялал, жуулчлал, танин мэдэхүйн гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа.
Уг үзэсгэлэн нь Орхон аймагт анх удаа гарч байгаагаараа онцлог юм. Байгалийн сүр хүч, гайхамшиг болон уулчдын амьдралыг харуулсан 50 зураг үзэгчдийн нүдийг хужирлалаа. Мөн дэлхийн хамгийн өндөр 14 оргилын зургийг тавьжээ. Ч.Тэрбиш анх 28 жилийн өмнө эл спортод хөл тавьжээ. Тухайн үед Уулын спортын мастер Д.Оюунбат, н.Ганболд нар эмэгтэй уулчдыг бэлтгэх зорилгоор “Эрдэнэт хивс” ХХК-иас таван эмэгтэйг сонгож авсан байна. Ч.Тэрбиш нь хөнгөн атлетикаар хичээллэж байсан тул уулын спортын хатуу, бэрхийг давж чадсан байна. Ийнхүү Эрдэнэтийн эмэгтэй уулчдын баг бүрдэж монголын төдийгүй дэлхийн ноён оргилуудыг “эзэлж” эхэлсэн байна. Орхон аймаг нь эмэгтэй уулчдаараа бахархаж тэдний төлөөлөл Б.Гангаамаа ч 2012 онд дэлхийн ноён оргил “Эверест”-д гарч нэрээ дуурсгасан билээ. “Зүрхэнд залрах шүтээн” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд Ч.Тэрбишийн багш Спортын мастер ахмад уулчин Д.Оюунбат, н.Ганболд нар хүрэлцэн ирж уулын спортын сонин, сайхнаас хуучилсан юм. Ч.Тэрбиш монголын төдийгүй дэлхийн ноён оргидад гарч байсан бөгөөд түүний мөрөөдөл нь өмнөд туйл гэнэ.