Ардчилсан хувьсгалын он жилүүдтэй айлсан, манай улстай дипломат харилцаа тогтоосон улс бол БНСУ. 1990 оны гуравдугаар сарын 26-наас хойш 25 дахь жилдээ манай хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, өдгөө тус улс бидний гурав дахь хөршийн нэг болжээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт БНСУ-ын удирдаач Пак Жин Хён манай улсад ирж, ДБЭТ-ын хөгжимчид болон гоцлол дуучидтай хамтран “Монгол-Солонгос 25” нэртэй хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа. Энэ оны турш ДБЭТ Солонгосын театр, чуулга, уран бүтээлчидтэй хамтран олон тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд Пусаны “Мару” олон улсын хөгжмийн наадмын зохион байгуулагч, “Донгсео” их сургуулийн профессор Пак Жин Хёны тоглолт эхнийх нь болсон юм. Тэрбээр симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүтэй ээлжлэн удирдав. Монголд хэдхэн хоногийн өмнө ирсэн ч манай хөгжимчидтэй богино хугацаанд эвсэн, халуун дотно тоглолтыг үзэгчдэд хүргэж чадлаа. Түүнчлэн Удирдаач Пак Жин Хён 1996 оноос Пусаны хөгжмийн фестиваль болон Пусан хотын симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагч, удирдаачаар ажиллахын зэрэгцээ “Шилла” симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагчийн үүргийг давхар гүйцэтгэж байжээ.
Харин 2004 оноос БНХАУ-ын Тяньжин хотын ахлах зочин удирдаач, 2003-2011 онд Масаны филармонийн уран сайхны удирдагчаар ажиллаж байгаа аж. Тэрбээр Солонгосын, K.B.S, Пусан, Масан, Тэгү, Нэгдсэн Солонгосын симфони найрал хөгжим зэрэг Солонгосын шилдэг оркеструуд болон Испанийн Билбао, Экстрамадура, Италийн Сан-Рэмо, ХБНГУын Симметри, ОХУ-ын Санкт-Петербург, Унгарын Ремен, АНУ-ын Хойд эргийн симфони оркестрыг удирдан тоглуулж байсан туршлагатай. Монголд анх удаа ирж, хамтран ажиллаж байгаа хэдий ч олон оронд аялан тоглосон туршлага нь энэ удаагийн тоглолтын зохион байгуулалт сайн байхад чухал нөлөө үзүүлсэн болов уу. ДБЭТ-ын үзэгчдийн танхимд энэ үдэш олон солонгос хүн ирсэн байлаа. Тэд нутаг нэгт удирдаачийнхаа тоглолтыг үзэхийн зэрэгцээ эх орныхоо хөгжмийн зохиолчдын бүтээлийг сонсохыг хүссэн нь дамжиггүй. Тэдний хүсэлтийг биелүүлэн алдарт “Ариранг” зохиолоор тоглолтыг нээсэн юм. Монголын олон дуучин энэ дууг дуулж байсан ч энэ удаа симфони найрал хөгжим дангаараа тоглож, хөгжмийн яруу тансгийг мэдрүүлэв. “Ариранг” хэмээх энэ дуу улс үндэстнээ төлөөлөн дэлхий дахинаа алдаршсан бүтээл. Энэ дууг эр нөхрөө санагалзсан журамт гэргийн дуу хэмээн ойлгож болохоос гадна дууны хоёрдугаар бадагт Солонгосын амин сүнс болсон Пэктусан уулыг нар, сар, од мичидтэй байгаагаар дүрсэлсэн нь бий. Тиймдээ ч эх нутгаа санагалзсан солонгос хүн бүр энэ аялгууг сэтгэл догдлон сонсдог. Түүний дараа ДБЭТ-ын гоцлооч А.Сайнбаяр Солонгосын нэгэн алдартай дууг үзэгчдийн хүртээл болгов. Монголчуудад танил болж амжаагүй энэ дууг солонгос үзэгчид таашаан хүлээн авч буй нь мэдрэгдсэн. Тоглолтын эхлэлд солонгос хөгжмийн зохиолуудыг онцолсон байсан ч үргэлжлэл нь дэлхийн сонгодгууд, харин төгсгөл нь монгол хөгжим байсныг дурдах хэрэгтэй.
ГОЦЛООЧДОО ТОДРУУЛСАН “ШИНЭ” БҮТЭЭЛҮҮД
ДБЭТ-ын Симфони найрал хөгжим дуурь, балетийн хөгжим тоглохоос гадна концертын бүтээлүүд тоглодог. Гэхдээ тэр бүр тоглолт хийгээд байж амждаггүй ч энэ удаа олон гоцлоочоо тодруулан бүтээлээ толилуулах боломж тохиосон юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн дохиурын дор эгшиглэсэн Эммануэль Шабриегийн “Испани” миний хувьд “шинэ” бүтээл байлаа. Романтизмын төлөөлөл болсон Францын хөгжмийн алдарт зохиолч, төгөлдөр хуурч тэрбээр энэ бүтээлээрээ дэлхийд танигдсан түүхтэй. Дараа нь А.Моцартын Габой хөгжимд зориулсан концертын нэгдүгээр ангийг Г.Долгорсүрэн гоцлон тоглов. Энэ удаа оркестрыг Пак Жин Хён дохилоо. Хөгжмийн урсгал, төлөөллийг танилцуулангаа цаг хугацаагаар аялуулсан энэ тоглолтод И.Штраусын “Сарьсан багваахай” опереттагийн удиртгал багтсан байв. Вальсын хөгжмөөрөө алдаршсан хөгжмийн суут зохиолчийн бүтээл, танхимд цугласан үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, хөнгөн хэмнэл мэдрүүлэв. ДБЭТ-ын хөгжимчид энэ зохиолыг 2009 оноос тоглож байгаа. Уг бэсрэг хошин дуурийг Г.Эрдэнэбаатар найруулагч монголчуудын хүртээл болгож, тайзнаа амилуулсан юм. Өнгөрсөн жил хамт олныхоо дундаас тодрон гарч, бие даасан тоглолтоо хийсэн “Юнико” хамтлаг энэ удаа Ф.Пулёнкийн модон үлээвэр хөгжимд зориулсан “Секстет”-ийн нэгдүгээр ангийг тоглов. Энэ тоглолтод урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд, флейт хөгжимчин Т.Оргилцэцэг, төгөлдөр хуурч Б.Алунгоо нарын хөгжимчид бүтээлээ толилуулж, ур чадвараа харуулж чадсан.
ДУУРИЙН ИЛЭРХИЙЛЭЛ БОЛСОН ШИЛДЭГ АРИ
Удирдаач Пак Жин Хён энэ тоглолтын турш гоцлоочдын ур чадварыг харуулж, Монголын алтан хоолойт дуучдыг үзэгчдэд сонсгох боломж олгосон юм. Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Кавардоссийн ариг Г.Шижирболд, Ж.Вердийн “Аида” дуурийн Аидагийн ариг гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг нар дуулав. Энэ хоёр дуурь хайр дурлалын ээдрээт түүхийг өгүүлснээрээ ижилсдэг. Мөн гавьяат жүжигчин Э.Амартүвшин, ДБЭТ-ын гоцлооч Ш.Наранчимэг нарын “Травиата” дуурийн дуэт үзэгчдээс алга ташилт харамгүй хүртлээ. Тоглолтын төгсгөлд З.Хангалын “Салхит шувуун дуун”, Ж.Чулууны “Уран хас” эгшиглэж хөшиг хаагдав. Хөгжим бол хил хязгааргүй урлаг. Үгээр хэлж, орчуулж, тайлбарлахгүй байсан ч сэтгэлийн утсаар дамжин хөглөгддөг гайхамшигт мэдрэмж. Тиймдээ ч монгол, солонгос гэлтгүй танхимд цугласан бүх үзэгч сэтгэлийн илэрхийллээ “Браво”-гоор уламжилж, тоглолтын төгсгөлд суудлаасаа босон, уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж байлаа.
С.СЭРГЭЛЭН