Тавь гарсан эр нулимс унагахыг харлаа... Ширүүн дориун төрхтэй, буурал сахалтайгаас нь болоод ч тэр үү, бас утсаар холбогдоход “Би ярилцлага өгдөггүй, дургүй. Гэхдээ “Өнөөдөр” сонинд бол болно” гэснээс ч болов уу, соёлын тэргүүний ажилтан Ж.Пүрэвдоржоос халган байж уулзав. Тэгтэл энгийнээс энгийн хэрнээ эрхэмсэг оршихуйтай тэрбээр чин сэтгэлээ уудлахын зэрэгцээ хүндэлж явдаг эрхэм найруулагч Г.Доржсамбуу агсныхаа тухай ярихдаа нулимсаа нуусангүй. Тэгэхээс ч аргагүй юм. Ж.Пүрэвдоржийг Завханы Хөгжимт драмын театрт ажиллаж байхад нь “олзолж”, УДЭТ-ын жүжигчин болгосон ачтан бол бидний мэдэхээр “Говийн зэрэглээ”- гийн Арслан. Шекспирийн “Макбет” , Р.Таагүрийн “Цусан тахилга”, А.П.Чеховын “Цахлай” тэргүүтэй 80 орчим жүжгийн гол болон туслах дүрд тоглож, “Цахилж яваа гөрөөс”, “Амьдралын урсгал”, “Цагаан дуганы гэгээ”, “Зүрхэнд шивнэсэн үг” зэрэг дэлгэцийн арав гаруй кинонд дүр бүтээсэн түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таныг зоотехникч мэргэжилтэй гэж дуулсан. Яагаад жүжигчин болсон юм бэ?
-Тийм шүү дээ, миний амьдрал их сонин түүхтэй. Ховдын Хөдөө аж ахуйн техникумыг зоотехникч мэргэжлээр дүүргээд Завханыхаа Шилүүстэй суманд ажиллаж байлаа. Би дуулж хуурддаг уран сайханч, урлагийн наадмын алт, мөнгөн медальтай байсан юм. Тэгтэл Завханы Хөгжимт драмын театр байгуулагдаж, намайг дуудсан. “Шилүүстэй сумын зоотехникч Пүрэвдоржийг Хөгжимт драмын театрт ажиллуулсугай” гээд аймгийн Намын хорооныхон шийдвэр гаргачихсан тул гурав хоногийн дотор очихгүй бол болохгүй. Надад бурхнаас авьяас заяажээ гэж боддог. Дээд боловсролгүй зоотехникч байгаад Улсын драмын эрдмийн театрт ажиллана гэдэг хэр баргийн хүнд тохиох хувь тавилан биш. Гэлээ гэхдээ Завханыхаа Хөгжимт драмын театрын жүжигчний дамжаанд суралцаж, шалгалт өгч байж “Жүжигчин” гэсэн ногоон үнэмлэхтэй болсон юм шүү.
-УДЭТ-т гуйж биш гуядаж, Доржсамбуу найруулагчийн урилгаар ажиллах болсон гэдэг.
-Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүрээнд шилдэг жүжиг шалгаруулах улсын уралдаан зохион байгуулсан. Бүсийн шалгаруулалт Ховдод болж, би хоёр жүжгийн гол дүрд тоглосон. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ардын зураач Ц.Доржпалам, найруулагч Г.Доржсамбуу, Н.Ганхуяг нар шүүгчээр ажиллаж, Ховдын “Мэнгэ” жүжгийг шалгаруулсан. Гол зорилго нь жүжиг шалгаруулах байтал намайг УДЭТ-т жүжигчнээр ажиллуулах тухай тэд хурлаар ярилцсан юм билээ. Доржсамбуу гуайтай уулзаад “Би тэр том газар ажиллаж барах болов уу даа, яана даа” гэхэд “Чамайг би гуйдаг юм бил үү” гэж хэлсэн. Завхандаа очоод удаагүй байтал урилга ном нь ирсэн.
-Таныг аймгийнхаа театрын ачааны хүндийг үүрч явсан хүмүүсийн нэг гэдэг. Аймагтаа бэлтгэсэн боловсон хүчнээ тийм амархан өгсөн үү?
-Хүний эрх хойно өөрөө дуртай байхад явуулахгүй гээд яах вэ дээ. Гэхдээ хүндхэн туссан байх. Намайг анх Хөгжимт драмын театрын Дэмбэрэлсамбуу найруулагч нухаж байж дөртэй болгосон юм. Хөгжимт драмын театр учир найрал хөгжим, бүжиг, жүжиг, дуулаачийн ангитай. Би “Учиртай гурван толгой”-н Балганд хүртэл дуулж явлаа. Хэмжээ алдаж дуулдаг учир жүжиглэхдээ илүү дуртай болсон. Дуулуулах гэхээр үлдчих санаатай “Найруулагч аа, миний хоолой сөөгөөд муу байна” гэж жүжиглэдэг байсан.
-Тэр том найруулагч дотроо нэгийг бодож, хоёрыг тунгааж УДЭТ-т авчирсан байх.
-“Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр ард түмний мэддэг Доржсамбуу найруулагчийн тухай энд дурдахгүй байж болохгүй. Сайн сурган хүмүүжүүлэгч, жүжигчин “төрүүлдэг” найруулагч. Даанч сод авьяастнууд богино насалдаг юм байна. Түүний ачаар энд азтай ирсэн ч олон жил хамт ажиллаж үнэтэй сургамжийг нь сонсож чадсангүй. Тэр билэг танхай хүн намайг авьяастай гэж тоожээ. Тиймдээ ч би өдийг хүртэл 32 жил урлагийн салбарт зүтгэсэн юм. Намайг 1991 онд УДЭТ-т дөнгөж ирээд байхад жүжигчид баруун аймгуудад бригадаар явчихсан. Н.Онон дөнгөж сургуулиа төгсөж ирээд байсан үе. Доржсамбуу найруулагч “Та нар зүгээр суухаар нийлж бригад бол” гээд ардын жүжигчин Б.Мэндбаяр эгч, гавьяат жүжигчин Урнаа, “Загийн алим”-ын Хүдэр, Онон биднээр “Сэрүүлэг” жүжиг болон Ч.Ганхуягийн “Нүгэл дагасан сүнс”- ийг бэлдүүлж орон нутагт тоглуулсан.
-Та зоотехникч байхдаа, дараа нь уран бүтээлийн оргил үедээ юу хүсэж мөрөөддөг байв?
-Зоотехникч байхад урлаг, уран сайхны ажилд оролцоно гэдэг л хамгийн сайхан санагддаг байсан. Харин яасан мундаг юм бэ гэж өөрөөрөө бахархахаар зүйлтэй оргил үе миний амьдралд байхгүй гэж боддог. Ногдсон дүрээ онц биш юм гэхэд сайн бүтээх гэж хичээдэг жирийн л нэгэн жүжигчин хүн шүү дээ.
-Эгэл байх нь танд эрхэм гэж ойлгож болох уу?
-Би эгэл жирийн байя гэж бодсонгүй. Байгаагаараа л амьдарч өдийг хүрсэн нь энэ.
-Настан буурлаа хүндэлдэг, муу санаагүй, шулуун шударга хүн гэж С.Дамдин гуай таныг дүгнэсэн. Та ямар хүн байхсан гэж хичээдэг вэ?
-Бүгд л сайн хүн байхыг эрмэлзэнэ биз дээ. Гэхдээ хүн бүр хоёр нүүртэй. Угаасаа ч нэг зангаараа шулуун шударга явдаг хүнтэй хэн дотно байх вэ дээ. Одоо бол хүний чанар өөрчлөгдөж, гурав болон түүнээс ч олон нүүртэй болж. Надад хоёр нүүр байгаа ч гурав дахийг нь гаргачихгүй юмсан гэж хичээдэг.
-Таныг С.Дамдин гуайтай дотно нөхөрлөдөг гэж театрынхнаас сонсоод түүнээс асуутал “Бид муу талын л найз шүү дээ” гээд инээж байсан. Энэ ямар учиртай вэ?
-“Таны хамгийн дотно нөхөр хэн бэ” гэж надаас асуувал театрынхнаа бүгдийг нэрлэнэ. Үйлчлэгч, тайзны ажилчдын нэрийг зарим жүжигчин мэддэггүй. Намайг арын албаныхан, шинэ, хуучингүй Пүүжээ ах аа гэдэг. Дамдин ах бид хоёрын “муу нөхөрлөл” гэдэг их учиртай. Бид дээхнэ үеэс л мөрий тавьж шатар тоглодог болсон. 10 гаруй жилийн өмнө тоглоомноосоо болж муудалцаад барилцаж авч байлаа. Түүнээсээ болоод цагдаагийн газарт зодолдсон гээд бүртгэлтэй болчихов оо. Тэр үед театрын захиргааны хурлаар оруулж, Н.Сувд гуай “Та хоёр даанч дээ. Ийм насны хүмүүс ингэж байдаг” гээд л зэмлэж билээ. Дамдин ахтай одоо хүртэл шатар тоглодог ч, дахиж муудалцаагүй.
-“Цахилж яваа гөрөөс” киноны түүхээс ярина уу?
-1993 онд И.Нямгаваа найруулагч УДЭТ-т урилгаар “Ноён Амелкар” жүжиг тавихад би зураач Машугийн дүрд тоглосон. С.Өлзийхүү бид хоёр тэр жүжигт тоглоод л найруулагчийн анхааралд өртсөн байх. Урлагийн буянд, тэр киноны ачаар Японд болсон кино наадамд оролцож, анх удаа хилийн дээс алхаж байлаа.
-Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс” бол нөхөртөө хаягдсан Дэжид, хүний нөхөртэй дэр нийлсэн Тогоохүү, хоёр эхнэрийн дунд яах учраа олохгүй байгаа Дамбын дотоод ертөнцийг монгол хүний сэтгэлгээгээр гайхалтай илэрхийлсэн зохиол. Дүрээ бүтээхдээ дотроо юу бодож байв. Хэрвээ Дамбын оронд байсан бол амьдралаа аль тийш эргүүлэх байсан бэ?
-Би дүрд орох гэж янз бүр болоогүй, өөрөөрөө л байсан. Миний амьдралд тийм зүйл тохиолдсон бол тэр үеийн сэтгэл зүйгээрээ л шийдэх байх. Түүнээс биш, одоо ингэж суучихаад би тэгэх байсан гэж хэлэх боломжгүй.
-Тэгвэл гэр бүл салах гол шалтгааныг юу гэж боддог вэ?
-Нэг хүнийг насаараа хайрлах нь хүн төрөлхтний зүй тогтолд бараг л байх боломжгүй. Харин миний хань л насаараа намайг хайрласан, нээрэн шүү.
-Та эхнэрийнхээ сайхан чанараас дурдахгүй юу?
-Хэт хувийнхаа амьдрал руу өнгийлгөмөөргүй байна. Гэхдээ миний хань магтахгүй байхын аргагүй, сайшаалын үг ч багадмаар хүн. Өөрөө муу үйл хийдэггүй, боддоггүй хүн их цагаан цайлган, хардах сэтгэлгүй байдаг. Хэрвээ түүнтэй учраагүй бол би өдий зэрэгтэй амьдрахгүй байсан.
-Тэр зохиолд Дэжид Дамбыг хараад эр хүнийг морь, шүд хоёр л чимдэг юм байна гэж боддог. Таны бодлоор эр хүнийг юу чимдэг вэ?
-Ухаан.
-Таныхаар ямар хүнийг ухаантай гэх вэ?
-Алсын хараатай хүнийг л хэлэх байх.
-Тэгвэл та ухаантай хүн үү?
-Бусад хүн л миний ухаантай, эсэхийг дүгнэнэ биз ээ.
-Таныг хэн ч дотор тань орсон юм шиг сайн мэдэхгүй учир бусдаар дүгнүүлэх өрөөсгөл биш үү?
-Зарим нь “би”-гээр өвчилж, өөрийгөө том жүжигчин гэж бодоод байдаг. Тэгж болмооргүй байна. Өөрийнхөө мөн чанарыг тунгааж дотооддоо дүгнэлт хийнэ гэдэг сэтгэлийн ариусал, бясалгал байх. Миний хэн гэдгийг үйлдэл минь л бусдад харуулна. Алдаж, оносон хүн бүр муу биш. Алдаагаа засаж байвал болох нь тэр.
-Явцуу сэдэвтэй тааруухан киног ардын жүжигчид “чимэглээд” байгаа нь харамсалтай санагддаг. Та кинонд тоглохдоо хэр цензур тавьдаг вэ?
-Тэд тоглож л байг, яагаад болохгүй гэж. Жижиг сажиг дүрд яагаад заавал мэргэжлийн бус хүн тоглох ёстой гэж. Өөрсдийнх нь дур шүү дээ. Би үнэ мөнгө тохирохгүй бол том дуугарчихдаг. Ямар сайндаа зарим жүжигчин намайг өөрийнхөө өмнөөс гэрээ хийлгэе гэж онигоонд хийж байх вэ дээ. Саяхан ӨМӨЗО-ы уран бүтээлчдээс киноны санал ирсэн. Өгөх мөнгө нь өчүүхэн болохоор чадахгүй л гэлээ. Би хямдхан тоглочихоор дараа дараагийн монгол жүжигчдийн үнэ цэнэ яах юм бэ, үнэрхэх хэрэгтэй. Биднийг хамгийн сайн ойлгодог найруулагчид л үнэлэхгүй бол өөр хэн хайхрах вэ.
-Та Италийн уран бүтээлчдийн “Салхин хаан”, BBC агентлагийн “Чингис хаан”, Австралийн “Эзэнт гүрэн” кинонд тоглосон байх аа?
-Би бөөгийн дүрд олон тоглосон. “Салхин хаан”-д Хөхчү бөө, “Чингис хаан”-д Тэв тэнгэрт, найруулагч Ганболдын “Тэнгри”-гийн Ёрлоо бөө, “Тэнгэрийн хүү” жүжгийн Их зайранд тоглосон. Өвөл, зун, уул хадны оройд хэц хэнгэрэг нүдэж байлаа. Тэгэх бүртээ “Би өвөг дээдэс, тэнгэрээ доромжлоогүй шүү. Ажлаа л хийж байна” гэж дотроо залбираад бөөлж байсан. BBC-гийнхний киноны зургийн үеэр бөөлж байгаад ядарснаас ч болсон уу, бөөлжсөн юм. Тэгэхэд байсан уран бүтээлчид намайг жинхнээсээ бөө гэж эндүүрсэн юм билээ. Манай жүжигчид гадаадынхантай хэл нэвтрэлцэх талдаа л асуудалтай болохоос биш, чадвараараа тэднээс хамаагүй илүү санагддаг.
-Таныг эрэн сурвалжилж байна гэсэн зарлал 10 гаруй жилийн өмнө гэрлийн шонгууд дээр байсан санагдана. Тэр ямар нэгэн жүжгийн сурталчилгаа юу, эсвэл үнэхээр хэрэгт холбогдсон юм уу?
-Урьд нь жүжигчдийнхээ тайлан тоглолтыг зохион байгуулахдаа дэс дараалал болон хэн хэнтэй хамтрахыг сугалаагаар шийддэг байлаа. Хамгийн эхэнд Оюунсүрэн, Даваасүрэн бид гурав хамтарч тайлан тоглолтоо хийхээр болсон юм. УДЭТ-ын 70 жилийн ой тохиож байсан санагдана. Ч.Түвшингийн найруулсан тэр тоглолт үзэгчдийг татах их шинэлэг санаатай. Оюунсүрэн, Даваасүрэн, Пүрэвдорж нарын хэргийг шүүх хурал УДЭТ-т болно гэсэн зарлалтай. Агуулгаас нь дурдахад, “Пүрэвдорж чи Завханы Хөгжимт драмын театрт байсан хэрнээ яагаад ажлаа хаяад энд ирсэн юм бэ” гэж шүүгч асуухад үзэгчдийн дундаас өмгөөлөгч гарч ирээд энэ хүн ийм тийм жүжигт тоглосон гэж ярьж, миний тоглосон бүтээлээс дэлгэцнээ гаргана. Шүүгч “Чи Япон яваад ирсэн гэсэн. Тагнуул уу” гэх мэтээр сэжиглэж, миний амьдрал, уран бүтээлийн намтрыг үзүүлэх юм. Бид гурав бүх тасалбараа зарсан байсан ч 10 гаруй хоног театрын цахилгаан тасарснаас болж тайлан тоглолтоо үзэгчдэд хүргээгүй нь харамсалтай. Орой нь тасалбараа буцаах гэж их ажил болж билээ. Тэр үеэс хойш жүжигчид эрсдэлээс айж тайлан тоглолтоо хийгээгүй. Хүмүүс ч үзээгүй болохоор та гурав хоорондоо маргалдаж асуудалд ороо юу гэж байнга асуудаг байлаа. Одоо ч тэр “хэрэг” хуучирч дээ.
Б.ДӨЛГӨӨН