Жааз урсгалаар дуулдаг цөөн эмэгтэй дуучдын нэг Ц.Хулантай ярилцлаа. Чадалтай хоолой, найрсаг зангаараа олны талархал хүлээдэг тэрбээр ихэвчлэн кино, жүжгийн дуу дуулдаг
-Шинэ он гараад удаагүй байна. Өнгөрсөн онд хийж бүтээсэн зүйл арвин байв уу?
-Ажил, уран бүтээлийн амжилтаар дүүрэн жил байлаа. Өнгөрсөн жил Валентины баяраар “Hospot” хамтлагийн дуучин Н.Наранбаатар буюу Наагийтай “Би чамд хайртай” тоглолт хийсэн. Мөн төрсөн өдрийн тоглолт, “Christmas night” зэрэг жааз дууны олон тоглолтод оролцлоо.
-Өнгөрсөн жил Улсын филармонийн шилдэг ажилтан болсон гэсэн. Хэзээнээс энэ байгууллагад ажиллаж байгаа вэ?
-Улсын филармонид гурав дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн жил байгууллагынхаа шилдэг ажилтан болсон. Үнэхээр сайхан байсан. Уран бүтээлч хүн бүр мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллахыг хүсдэг байх. Мэргэжлийн байгууллага болохоор олон шалгууртай. Хамт олонтойгоо харьцах, ачаалал даах чадвар бол эхний шалгуур. Мэдээж мэргэжлийн түвшинд дуулах хэрэгтэй.
-Жааз дуу дуулаад хэдэн жил болж байна вэ. Яагаад энэ чиглэлээр дуулах болов?
-СУИС-д сурч байхад М.Эрдэнэбаатар багш надад жааз дуу дуулахыг санал болгосон. 2001 онд “Жааз жем” нэртэй тоглолт хийж байлаа. Багш чиглүүлж, шавь нь мэдлэгээ баяжуулах үүрэгтэй. Жааз дуу дуулаад 14 жил болж байна. Нэг үеэ бодоход жааз дууг мэддэг, мэдэрдэг хүрээлэл бий болчихсон. Үүнд миний оруулсан хувь нэмэр байгаа гэж боддог.
-СУИС-ийн удирдлагуудтай таарамжгүй байснаасаа болж төгсөж чадаагүй гэж сонссон?
-Оюутан байхад юу эсийг үзэж болно шүү дээ. Сургуулийн удирдлага, оюутан хооронд үл ойлголцох тохиолдол олон гардаг. Тэд надад шаардлага тавьдаг шиг би ч шаардлагаа тавьсан. Намайг сурч байх үед оюутнуудаа зориуд “дээш гаргахгүй” гэж “дардаг” үе байсан. Тэгээд л сургуулиа хаячихсан. Одоо харин сургалтын арга зүйд өөрчлөлт орсон юм шиг байна лээ. Миний сурч байсан үеийнхээс өөр болсон байх. Оюутнуудаа дэмжиж, тэдний талд зогсох хүмүүс бий болсон.
-Монголын рок попынхны ертөнц нэг л нам жим болсон юм шиг санагддаг. Харин та юу гэж дүгнэдэг вэ?
-Сүүлийн үеийн уран бүтээлчид мундаг байна. Намайг дуулж эхэлж байхад сонсдог хөгжим, чиглэл, урсгал цөөн байлаа. Одоо бүх зүйл нээлттэй болохоор өөрсдийгөө хөгжүүлэх боломж их байна. Б.Маралжингоо, Т.Эгшиглэн, Э.Агиймаа, “Лемонс”, “A-sound” зэрэг чадварлаг уран бүтээлчид байна. Би тэдний дууг сонсох дуртай.
-Танаас зөвлөгөө авдаг уран бүтээлч байдаг уу?
-Зөндөө бий. Энийг яаж дуулах вэ гээд асууж ирж байгаа хүн бүрт чадахаараа зөвлөгөө өгөхийг хүсдэг. Гавьяат жүжигчин Т.Ариунаа эгч хүртэл надаар дуугаа найруулуулж байсан. “Гурван охин”, “Extacy”, хип хоп дуучин Жэнни гээд надаас зөвлөгөө авдаг хамтлаг, дуучид цөөнгүй бий.
-Өглөө утсаар ярихад ээжийндээ амарч байна гэсэн. Хэдүүлээ амьдардаг вэ?
-Би нэг эрэгтэй дүүтэй. Аав минь уран барималч хүн байсан. Ээж минь эх баригч, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй. Нэгдүгээр амаржих газарт 15 жил ажиллаж, 16 мянга гаруй хүүхэд эх барьж авсан. Би аав, ээж хоёроороо маш их бахархдаг. Ээжийндээ ирж мах, гэдэс чанаж идэх дуртай. Нөхрөөсөө салаад олон жил болж байгааг маань хүмүүс мэднэ байх. Одоо охинтойгоо амьдардаг. “Харанга” хамтлагийн Чука ах намайг чадалтай хоолойтой гэдэг хэрнээ охиныг минь надаас илүү гэж хэлсэн. Гэхдээ охиноо дуучин болгохгүй гэж боддог.
-“Гоодаль” сэтгүүлд аав ээж хоёрын тань захианы тухай гарч байсныг санаж байна. Сайхан үгтэй нандин захидлууд нь одоо ч бий юү?
-Аав, ээж хоёр минь дунд сургуульд нэг ангид сурч байсан гэсэн. Тухайн үеийн хосууд захиагаар л харилцдаг байсан. Аав минь ардчиллын анхны хараацайнуудын нэг. Тухайн үед ээж Ленинградад сурч байсан болохоор аав улс төрийн байдал, хийж буй ажлаа захиандаа бичдэг байсан гэсэн. Ээж минь хайр дурлалынхаа гэрч болсон захиануудаа хаяж зүрхэлдэггүй болохоор өдий хүртэл нандигнан хадгалдаг юм. “Гоодаль” сэтгүүлд ярилцлага өгч, тэр захиануудаа дэлгэж байсан.
-Жааз дууг цөөн үгээр тодорхойлбол?
-Дотоод сэтгэлийн илэрхийлэл нь бусад дуунаас арай илүү юм шиг санагддаг. Тиймээс жааз хөгжим тодорхой хэмжээний мэдлэг, мэдрэмжтэй хүмүүст таалагддаг. Миний зан чанар ч жааз дууны илэрхийлэлтэй таардаг юм.
-Монгол ая, үгтэй жааз дуулж үзсэн үү?
-Жааз Монголоос үүссэн урлаг биш. Тийм болохоор монгол аялгуу оруулахаар жанрын хувьд өөр болчихдог. Ер нь жааз бол жааз шүү дээ (инээв). Гадаадын, олонд танигдсан жааз дуу дуулж байж л жинхэнэ утгаараа бүрэн болно. Миний хоолойны өнгө, дуулдаг арга барил барууны хэв маягтай учраас монгол жааз надад зохихгүй байх. Манай ардын хөгжимчид жааз чиглэлээр тоглож эхэлж байгаа ч хөгжим, дуу хоёрын хүнд хүрэх мэдрэмж өөр. Жаазыг монголчилж дуулж болно. Гэхдээ л монгол жааз дуу гэхээр миний санаанд буудаггүй юм.
-Гэхдээ манайд жааз дуу дуулдаг уран бүтээлч олон байдаг биз дээ?
-Би өөрийнхөө онцлогийг л ярьсан юм. Түүнээс биш гавьяат жүжигчин Б.Сарантуяа эгчийн блюз дуунууд байдаг. Шинэ уран бүтээлчдээс “Hospot”-ын Наагий жааз дуу дуулдаг. Мөн дуучин Б.Солонго заримдаа энэ чиглэлээр дуулдаг. “Kush & Oyuka” хамтлагийн дууг би сонсох дуртай.
-Улсын филармонид ажиллахын зэрэгцээ хувийн уран бүтээл хийх боломж нь ямар вэ?
-Улсын филармонид орсноосоо хойш “My world 2”, “Нэг биеийн хоёр зүрх” цомгоо гаргасан. Энэ жил дахиад хоёр цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа. Уран бүтээлч хүн байнга хөдөлмөрлөх ёстой. Филармонийн дуучид том арга хэмжээ, концертод нэг баг бүрэлдэхүүн болж оролцдог. Гэтэл би жааз дуугаараа олонд танигдсан учраас хувийн уран бүтээлээ туурвих хэрэгтэй шүү дээ.
-Цомгийн борлуулалт хэр байна вэ?
-Дуртай дуучныхаа цомгийг худалдан авч найз нөхөд, гэр бүлийнхэндээ бэлэглэдэг хүн олон байдаг. Өөртөө зориулж цомог авдаг хүмүүсийг ч би мэднэ. Саяхан би “A-sound” хамтлагийн цомог авч, найздаа бэлэглэсэн. “Лемонс” хамтлагийн цомгийг гадаадад амьдарч байгаа хэд хэдэн найз руугаа явуулсан. Миний цомог ч борлуулалт сайтай байдаг.
-Гадаадад цомгоо борлуулдаг гэж сонссон?
-Япон, Канад улсад туршилтын маягаар цомгоо борлуулж үзсэн. Хүн амын тоо их болохоор борлуулалт харьцангуй сайн байсан. Хамгийн чухал нь чанартай уран бүтээл шүү дээ.
-Шөнийн клубүүдэд их дуулдаг байх аа?
-Нэлээн олон жил хотын том гэгдэх клубүүдэд дуулсан. Одоо ажил, уран бүтээл ихтэй байгаа учраас тэр бүр клубт дуулах боломж гарахгүй юм. Клубт дуулах нь бэлтгэл болдог. Өдөр бүр гамм уншсанаас ялгаагүй. Дараалан хоёр концертод дуулахад ч бэлэн байдаг.
-Ам барьж дуулах нь хэвийн үзэгдэл гэж боддог уу?
-Зарим газар дуулахад тоног төхөөрөмж хангалтгүй байдаг л даа. Тийм газруудад би дуулдаггүй. Гэхдээ зарим дуучин олон цаг дуулахаар хоолой нь цуцдаг байх. Тэгээд ам барьдаг байж магадгүй. Үүнийг зөвтгөж болохгүй л дээ.
-Амралтаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Шинэ уран бүтээл хийж байгаа учраас бэлтгэлээ базаахын тулд одоо сайн амрах хэрэгтэй. Чөлөөт цагаараа гэр бүлийнхэнтэйгээ байх дуртай. Удахгүй “My world 3” цомог гаргана. Сонсогчдын сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа хүргэх болно. Мөн өмнө нь кино жүжгийн эсвэл гадаад дуу дуулдаг байсан бол энэ жил дан монгол дуутай цомог гаргахаар бэлтгэж байгаа.
Э.НЯМДУЛАМ