Залуу дуучин Э.Болор-Уянгын “Учралын эгшиг” тоглолт энэ сарын 30-нд “River sounds” клубт болно. Хоёр жилийн өмнө тэрбээр эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалыг хүндэтгэн “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” дууг багтаасан, “Дуулъя, дурсъя” цомог гаргасан юм. Хүндэтгэж, хайрладаг дуучныхаа уран бүтээлийг мөнхжүүлэхийн зэрэгцээ өөрийгөө таниулж, шинэ уран бүтээл гаргаж яваа залуу дуучинтай өчигдөр 12.30 цагт утсаар холбогдож, мэдээлэл авлаа.
-Сайн байна уу. “Утасны анд” ярьж байна. Бие даан тоглолт хийх болсонд тань баяр хүргэе. Та яг одоо хаана, юу хийж явна вэ?
-Яг одоо тоглолтынхоо үеэр дуулах шинэ дуугаа сурч байна. “Никитон” хамтлагийн аргил гитарчин Буян-Өлзийгийн ая, “Элькондор”- ын Хэрлэн ахын үгээр бүтсэн энэ дуунд нэр өгөөгүй байгаа юм.
-“Учралын эгшиг” дуу бараг 30 жилийн түүхтэй. Харин та энэ дууг хэдэн жил дуулж байна вэ?
-Д.Эрдэнэцэцэг агсныг нас барсны дараа хүмүүс энэ дууг мартаж, нэг хэсэг дуулахаа больсон. Харин би багаасаа л энэ дууг дуулах дуртай байсан болохоор 2004 онд албан ёсны эрх авч дахин дуулсан. Шүлгийг нь яруу найрагч Ц.Чимэддорж, аялгууг нь “Чингис хаан” хамтлагийн ахлагч Жагаа ах зохиосон. 1987 оны гуравдугаар сарын 8-наас хойш эгшиглэж, монголчуудын сэтгэл, зүрхэнд хүрсэн дуу. Жагаа ах энэ дууныхаа хоёр дахь хувилбарыг зохиочихоод дуучнаа хараахан сонгож амжаагүй байгаа гэсэн. Би энэ тухай сонсчихоод “дуулъя” гэж их гуйж байгаа.
-Энэ тоглолтод дурсамжит сайхан дуунуудаас гадна шинэ уран бүтээл багтаж байгаа гэлээ. Тоглолтын тасалбар ямар үнэтэй вэ?
-2006 онд гаргасан анхны цомгийнхоо дуунуудыг эхний хэсэгт нь дуулна. Хоёр дахь хэсэгт нь Д.Эрдэнэцэцэг агсны дуулж, амьдруулсан дууг дуулна. Төгсгөлд нь шинэ уран бүтээлээ толилуулна. Тасалбар 30 мянган төгрөгийн үнэтэй.
-Өнгөрсөн онд гавьяат жүжигчин Б.Сарантуяатай хамт олон аймагт тоглолт хийсэн. Та хэн хэнтэй хамтран ажилладаг вэ?
-Эх орныхоо бүх аймагт тоглож байлаа. Өнгөрсөн жил Б.Сарантуяа эгчийн багт ажиллаж, орон нутагт хийсэн аялан тоглолтод нь оролцож, их зүйл сурч мэдсэн.
-Дуулаачийн мэргэжил эзэмшиж амжсан уу?
-Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлооч Д.Ганхуяг багшийн шавь. Хүүхдийн ордны дуулаачийн дугуйлан, дараа нь СУИС-д орж Д.Ганхуяг багшаараа заалгаж яваа. Багшаасаа байнга л зөвлөгөө авдаг.
-Таны бодлоор тоглолтын хамгийн сайхан танхим, тайз хаана байдаг вэ?
-Гадаад, дотоодын олон сайхан тайзан дээр дуулж байлаа. Гэхдээ халуун алга ташилт нижигнүүлсэн үзэгчтэй тайз л хамгийн сайхан. Тэнд үзэгчдийн тоо хамаагүй. Үзэгчид миний тоглолтыг хүлээн авч, сэтгэлээсээ алга ташиж байвал л сайхан.
Ж.СОЛОНГО