Дэлхийн торгууд түмний их наадам энэ оны есдүгээр сарын 15-нд Ховд аймгийн Булган суманд болно. Торгууд өв соёлын холбоо, “Чингис хаан” дээд сургууль, “Торгууд нутаг” клуб энэ наадмыг санаачлан, зохион байгуулахаар бэлтгэж байна. АНУ, БНХАУ, Тайвань, Франц, ОХУ-ын Халимагт амьдардаг торгууд ястнууд уг наадамд оролцоно гэж тооцож буй аж. Наадмын үеэр үзэсгэлэн, худалдаа гаргаж, торгууд түмний язгуур соёл, урлаг, наадам зэрэг судалгаа шинжилгээний салбар хуралдаан зохион байгуулж, 20 гаруй илтгэл хэлэлцүүлнэ. Үүнд зориулж, эрдэм шинжилгээний номууд хэвлүүлэх юм байна. Номын ерөнхий редактораар “Чингис хаан” дээд сургуулийн захирал, доктор профессор Х.Лхагвасүрэн, торгууд судлаач зохиолч Ж.Буяндалай нар ажиллахаар болжээ.