Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайнноён хан Т.Намнансүрэнгийн музейг Өвөрхангай аймгийн Уянга суманд байгууллаа. 2011 онд шавыг нь тавьсан тус музейн нээлтэд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн судлаач, доктор С.Чулуун, Д.Өлзийбаатар нар оролцов. Т.Намнансүрэнгийн Крымд Оросын II Николай хаантай уулзаж буй, Улаан талбайд зочлох үед нь хийсэн дүрс бичлэгийг Түүхийн хүрээлэнгийн судлаачид ОХУ-ын Петербург хотын архиваас олж авчирчээ. Уг бичлэгийг доктор С.Чулуун энэ үеэр тус аймгийн Засаг даргад гардуулан өгөв. Түүнчлэн дээрх үйл явдалтай холбоотой 100 гаруй гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, монголчуудад ил болоогүй түүхэн баримт дэлгэлээ.
Т.Намнансүрэн 1912 онд 34 насандаа Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, 1913 оны аравдугаар сарын 18-наас 1914 оны нэгдүгээр сарын 29-нд Орост айлчилжээ. Айлчлалын зорилго нь 1913 онд Монголын тусгаар тогтнолын асуудлаар Орос, Хятадын хооронд хийсэн нууц гэрээг хүчингүй болгох, эдийн засаг, зэр зэвсгийн тусламж авах, Орост Бүрэн эрхт Элчин сайдаа суулгах байв. Түүний айлчлалыг дэлхий нийтээр анхааралтай ажиглаж, 30 орчим сонин энэ талаар бичжээ. Тэрээр Францын Элчин сайдаар дамжуулан Францад Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулах тухай албан бичиг, Оросын Гадаад яамаар дамжуулан Японы эзэн хаанд Богд хааны албан захидлыг хүргүүлж, АНУ-ын Элчин сайдтай уулзан, Японы сонины сурвалжлагчид ярилцлага өгчээ. Энэ бүх түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зургийг Т.Намнансүрэнгийн музейд тавина.