“Надаас аялгуу эгшиг яг л булгийн ус шиг ундарч байна” хэмээж байсан Австрийн хөгжмийн зохиолч Иоханн Штраусын бүтээлүүдийг “бүжгийн хөгжмөн яруу найраг” гэж судлаачид үнэлдэг. Тэрбээр сэвшээ салхи, хоржигнох горхи, навчсын сэрчигнэх чимээг магтан дуулж хүн байгалийн салшгүй холбоог вальсын аялгуугаараа илэрхийлдэг. “Хорвоо ямар гайхалтай баян юм бэ. Энэ дэлхий бол хүн таных. Тэгэхээр баяр баясгалантай аз жаргалтай амьдар” хэмээн бүтээлээрээ уриалж байх шиг мэдрэгддэг хэмээн уран бүтээлчид онцолдог. Тэгвэл ДБЭТ-ын балетчид түүний аялгуулаг, гэгээлэг зохиолуудаар дамжуулж амьдралын сайхан талыг үзүүлэх нь. “Бидний амьдрал заримдаа там шиг, хааяа оргилуун дарс шиг, бас амар амгалан диваажин шиг. Энэ тоглолтоороо амьдралын оргилуун дарс шиг хэсгийг үзүүлэхийг зорьж байна” хэмээн уг балетийн бүжиг дэглээч Д.Дашлхагва хэлсэн. Энэ сарын 24-нд нээлтээ хийх “Оргилуун дарс” балетад вальсын хааны “Цэнхэр Дунай”, “Венийн цус”, “Хаврын эгшиг”, “Уран бүтээлчийн амьдрал” зэрэг алдарт 13 бүтээл эгшиглэх нь. Зоригт баатар, хорон санаатан, гүнж, хөөрхийлөлтэй бүсгүй энэ балетад үгүй. Өөрөөр хэлбэл, хурц сужеттэй үйл явдалгүй аж.
Бүсгүй галерейд уран зураг үзэх зуураа нэгийг төсөөлөхөд хормын дотор өөрөө зураг дотор уусчихдаг. Тэрбээр уран зураг доторх залуутай бүжиглэж, тэр ертөнцийнхөнтэй хамт хүсэж мөрөөдөж, жаргаж зовох аж. Тархинд цөөн хором зурсхийгээд л өнгөрдөг төсөөллийг уянгалаг хөгжим, уран хөдөлгөөнөөр 90 минутад үзүүлэх юм байна. Балет пост модернист чиглэлээр хөгжиж яваа учир ДБЭТ-ынхан ч цаг үеэсээ хоцрохыг хүсээгүй гэнэ. Нээлтийн тоглолтод Б.Саруул, А.Эрдэнэболд гоцолж, маргаашийнханд нь А.Билгүдэ, О.Анужин нар гол дүрд бүжиглэх нь. Гавьяат жүжигчид, ид мандаж яваа гоцлоочид “Жизель”, “Хунт нуур” зэрэг томоохон балетад тоглодог, ДБЭТ-ынхан долоо хоног бүр балет тавьдаг учир бэлтгэлийн хажуугаар ачаалал дааж чадах, бас авьяаслаг, шинэ бүжигчдийг тодруулах зорилгоор тэднийг гол дүрд сонгосон гэнэ. Вена хотын сүлд дуу гэгддэг “Цэнхэр Дунай”-гаа бичихдээ Штраус “Долгиот усны эргүүлэг” вальсын аялгуунаасаа санаа авчээ. Мөрөөдөл, хошигнол, тэмүүлэл гээд хүний сэтгэлийн гүнээс гарч болох бүхий л төрхийг агуулсан баялаг дүрслэлтэйгээрээ “Хаврын эгшиг” нь үнэ цэнэтэй юм байна.
Амьдралынхаа 55 жилийг урлагт зориулсан тэрбээр 500 орчим бүжгийн хөгжим бичсэний тал нь вальсынх. Полька, вальс бүжгийн аялгуу нь симфони шиг эрэгцүүлэн бодож тунгааж, ухаан шаардах нь бага, энгийн ойлгомжтой учир хөгжмийн хөнгөн төрөлд багтдаг. Тэгвэл Штраус бүтээлээрээ ийм төрлийн цар хэмжээ, бүтэц хэлбэр, агуулгыг өргөжүүлж байжээ. “Оргилуун дарс”-ын бүжиг дэглээч Д. Дашлхагваас цөөн зүйл тодрууллаа.
-Энэ балетаар үзэгчдэд юу өгөхийг зорьж байна вэ?
-Монголчууд идэх зүйл, өмсөх хувцсаар хомсдож их, бага хэмжээгээр хямарчээ. Гэтэл бид энэ дэлхийд зөвхөн хоол идэж, тансаг сайхныг хэрэглэх гэж ирдэггүй. Өнгөрсөн зууны дунд үед долоон ямаатай, хоёр саалийн үнээтэй, уналгын хэдэн морьтой бол Монголд ядууд, Орост боломжийн амьдралтайд тооцогддог байлаа. Монголчууд хэзээ ч ядуу амьдарч байгаагүй ч ихийг хэрэглэдэггүй. Учир нь монголчууд хэрэглэх гэж биш жаргах гэж амьдардаг гэсэн сэтгэхүйтэй байж. Төгс гэгээрсэн хүмүүс, сэхээтнүүд хэрэглээнд ач холбогдол өгдөггүй. Монголчууд суурин иргэншилтэй болоод гадаадынхантай ойролцоо сэтгэдэг болжээ. Бид хэрэглэхээсээ илүү ихийг хүсээд өнөөх нь олдохгүй болохоор л сандарч байна. Дээхнэ үед монголчууд ганц дээлтэй амьдарч болоод л байсан. Хольцгүй талх идээд ч жаргаж болно. Хямрал гэдэг хэрэглээтэй л холбоотой. Тэгэхээр бид “Амьдрал гэдэг хэрэглээ биш. Дэндүү ихийг хүсэлгүй зовлонгүй амьдарч болно” гэдгийг сонгодог урлаг болон ДБЭТ-ынхны өмнөөс хүмүүст уриалахыг хүссэн. Махан биеийн биш, дотоод ертөнцийн амьдралаа илүүд үзэцгээе гэсэн үг. Энэ балетад нэгэн бүсгүйн төсөөллийн ертөнцийг үзүүлдэг юм. Хүний амьдрал үргэлж төсөөлснөөр л болдог. Архичин болно гэж хүмүүс хүсдэг болов уу. Зарим нь тэгж төсөөлж байгаа. Учир нь ойр орчмын хүмүүсээс буруу үлгэр дуурайл авч “Би архи уух ёстой юм байна. Зодоон хийе” гэж боддог. Тархинд юу бууна тэр нь үр дүн болдог. Хүн зөвхөн хоол л хүсээд байвал гахай шиг таргална. Өчигдрийн миний хүсэж байсан зүйл өнөөдрийн намайг бүтээнэ.
-Балетдаа илбийн үзүүлбэр ашиглана гэсэн үү?
-Циркийн үзүүлбэр гэж хүмүүс буруу ойлгох вий. Том жаазны цаана бүжигчид хөрөг шиг байрлана. Бүсгүй уран зурагт уусах үед хувцас нь хормын дотор солигддог илбэ ашиглах юм. Уг нь илүү сонин содон зүйлс нэмэхээр төлөвлөж байсан ч сонгодог урлагаас холдчих болов уу гэж бодоод татгалзсан. Гэхдээ балет анх үүсэхэд хаад, хатад өөрсдөө гол дүрд нь тоглодог байсан. Эрт үед бүжгийн хөдөлгөөн, үйл явдал, циркийн үзүүлбэр, хөгжмийн аялгууг хослуулдаг байж.
-“Оргилуун дарс” юугаараа онцлог вэ?
-Бүжгийн хөдөлгөөний, эмэгтэй хүний, бас амьдралын сайхныг үзүүлнэ. Гоё бүжгээс таашаал ав. Хүмүүс ДБЭТ-т орж ирэхдээ балет дуурь үзэж, хөгжим сонсохоос гадна сэтгэлээ жаргаах гэж ирдэг болоосой гэж хүсдэг. Тиймээс ч үүдэнд хөгжимчид тоглож, дуурийн дуучид дуулж байх юм. Хоёр давхарт гарахад цэнгээнт бүжгийн хамтлагийнхан угтана. Та хүсвэл тэдэнтэй бүжиглэж болно.
Б.ДӨЛ