Зах зээлийн судалгааны "Global Web Index" пүүсийн судалгааны тайлангаар дэлхийн хүн амын бараг 80 орчим хувь ухаалаг гар утас, 50 орчим хувь нь таблеттай байгаа гэсэн тооцоо гаржээ.
Ухаалаг гар утастай хүмүүс бараг бүгд төхөөрөмжөө интернэтэд нэвтрэхдээ ашиглаж байна. Тухайлбал, өнгөрсөн сард тэдний 75 хувь нь гар утсаараа интернэтэд нэвтэрсэн аж. 2011 онд тэдний ердөө 49 хувь нь гар утсаараа интернэтэд холбогджээ.
Интернэт хэрэглэгчдийн хэлснээр, тэд одоо өдөрт дунджаар 1.85 цаг гар утсаараа интернэтэд ордог байна. 2012 онд энэ үзүүлэлт 1.24 цаг байсан аж. Харин дэлхийн хүн амын ердөө есхөн хувь ухаалаг цаг, долоохон хувь нь ухаалаг бугуйвч хэрэглэдэг ажээ.