“Blue moon” галерейд “Бодол” үзэсгэлэнгээ дэлгэсэн зураач, барималч, судлаач Б.Эрдэнэбаттай ярилцсанаа хүргэе.
-Таны тухай цахим ертөнцөөс мэдээлэл хайхад юу ч гарч ирсэнгүй.
-Би ил гарах дургүй, нуугдмал хүн. Олны танил болох нь хүсээд байх зүйл биш учраас телевизэд ярилцлага өгөх дург үй. Энд, тэнд өгсөн ярилцлагаас өлгөж аваад л шар хэвлэлийнхэн мушгиад тавьчихдаг. Нарийн хайвал миний тухай мэдээлэл гарч ирнэ. Харин фэйсбүүк хуудсаараа дамжуулж, хүмүүстэй нээлттэй харилцдаг. Анх уран бүтээлээ хийхийн тулд судалгаа хийж, тэр нь гүнзгийрээд түүхч, угсаатны зүйч болсон. Угсаатны зүй, түүх судлахын тулд эртний нанхиад санскрит хэл судлан, хэл шинжилж эхэлсэн.
-Судлаач, түүхч эрдэмтэн болоход диплом хэрэгтэй юү?
-Олон гэрчилгээ, дипломтой болсноор өөрийгөө мэргэжилтэй боллоо, одоо л ажил хийж болно гэж манайхан төөрдөг. Ямар түвшинд боловсорсноос хамаарч мэдлэг тодорхойлогдоно. Гэхдээ энэ нийгэмд бол хүнийг танихаас өмнө юун түрүүнд цаасан баримт баталгаа, шалгуур болдог. Харин өөрийгөө хэн бэ гэдгээ таниулчихсан тохиолдолд тийм шаардлага байхгүй. Надаас аль сургууль дүүргэсэн бэ гэж хэн ч асууж байгаагүй.
-Түүхээс юу таны сонирхлыг илүү татдаг вэ?
-Түүх мэддэггүй байгаад нэг ном уншсан хүнээс аль нь илүү сонирхол татаж байна гэж лавлах шиг өрөөсгөл асуулт байна. Монголын түүх, Монголтой холбоотой гэсэн юм бүхнийг сонирхдог. Гэхдээ бүгдийг нь судалж амжихгүй учир шаардлагатайг нь судална. Би “Монголын нууц товчоо”-г 30 гаруй жил судалж байна. “Монголын нууц товчоо” музей байгуулах хүсэлтэй. Энэ талаар ихийг судалж, олон ч улсаас материал цуглуулсан нь бэлэн хэрнээ яагаад дэлгэхгүй байгаа вэ гэвэл надад нэг хүлээлт бий. “Монголын нууц товчоо”-ны жинхэнэ монгол эх нь олдчих болов уу гэсэн горьдлоготой. Нэг их ном судар нуусан газруудаас олдох магадлалтай. Судалгааны баг байгуулаад хайх төлөвлөгөө ч бий. Хэрвээ монгол эх нь олдвол одоо бидний “Монголын нууц товчоо” гэж хэрэглээд байгаа нанхиад эхээр хөрвүүлсэн хятад хадмалтай зөрөх, эсэхийг үзмээр байна. Монголын түүхийг энд, тэндээс судлахаар “Монголын нууц товчоо”-нд үйл явдал дутуу бичсэн, анхаарал татахуйц хэсгүүд байдаг. Мин улсын хаадын захиалгаар жижиг сажиг юм хавчуулсан байж болзошгүй гэсэн эргэлзээтэй зүйл ч байгаа. Бид одоо ч гэсэн социализмын үеийн, захиалгаар бичсэн түүх уншаад үнэмшээд л суудаг. Тэр үед хийсэн түүхэн кинонуудыг баяр ёслолоор телевиз үүд ээлжлээд л гаргах юм. Уг нь түүх гуйвуулсан кинонуудыг олон нийтийн сувгаар гаргаж болмооргүй, бодолцох цаг ирсэн. Би 20 гаруй түүхэн баримтат кино хийснээ интернэтэд байрлуулахаас цаашг үй, хүнд хүрэхгүй юм. Судлаачдын байдгаа зориулж хийсэн, шинэчилсэн судалгааны ажлуудыг олны хүртээл болгох зайлшг үй шаардлагатай байна.
-Хийсэн кинонуудынхаа тухай ярина уу?
-Жишээ болгож нэг киноныхоо тухай л ярья. Бат хааны баруун гарын цэргийн арми Легниц хотод очиж Хенрих II вангийн удирдсан Европын нэгдсэн хүчийг ялсан тухай “Легницийн хавар” нэртэй бүрэн хэмжээний нэг ангит кино хийсэн минь 20 гаруй удаа эфирээр цацагдсан. Чех, Унгар зэрэг олон улсад очиж, 10 гаруй жил судалж байж бүтээсэн юм. Бат хааны аян дайны тухай судалдаг Европын нэлээд олон эрдэмтэнтэй санал солилцсон. Энэ тухай бичсэн тэдний 20 гаруй ном, эрдэм шинжилгээний өгүүлэл уншлаа. Тэд монгол цэргийн байлдах арга, нүүдлийн соёл, ухааныг өнөө хэр нь ойлгоогүй юм билээ. Монгол цэргийн дайтах уламжлалт урлагийг судалдаг Хайнзангийн Шагдар ахтай хамтран Легницийн талд очиж, уул ус, гол, газар нутгийн байдлыг үзээд тулалдааны тухай саналаа дэвш үүлэхэд Европын эрдэмтэд “Яаж ингэж тактикийнх нь учрыг олов оо. Бид яаж ч бодоод ойлгохгүй байж” гэж гайхаширсан.
-Та урлагийн түүх судалдаг уу?
-Судалж байгаа зүйлсээ сэдэвчлэн хуваахаар 24 боть ном гаргаж болохоор материал цуглуулжээ. Үүнд Монголын дүрслэх урлагийг түүхчилсэн хоёр боть бий.
-Эрдэнэбат нэртэй олон зураач байдаг юм билээ. Тэднээс юугаараа ялгардаг вэ, хоч бий юү?
-Уг нь миний жинхэнэ нэр Эрдэмбат юм. Бичиг баримт авахад л бичсэн хүн нь буруу сонсоод Эрдэнэбат болгочихсон. Хүмүүс Эрдмээ гэж дууддаг.
-“Бодол” үзэсгэлэндээ тавьсан морины баримлууд чоныг санагдуулж байна.
-Чонын төрхийг сонгосон. “Морь гэхэд яасан туранхай юм бэ” гэж хүмүүс хэлж байх юм. Энэ туранхай биш. Дун бүрээ хамартай, дуран хар нүдтэй, цолмон хоёр чихтэй, ташаа өндөр, салтаа уужим гээд хурдан морины шинжийг бодоод хийхээр иймэрхүү амьтан болж байгаа юм. Мэдээж зураач хүний уран сэтгэлгээ шингээсэн нь бий.
-Та бүтээлдээ морь дүрслэх нь их үү, эсвэл энэ үзэсгэлэнд онцолсон юм уу?
-Нарийн яривал би энд нэг ч морь зураагүй. Морины дүрс ашиглан, монголчуудын эртний гүн ухаан, ахуй зан заншлыг илэрхийлсэн хэрэг. Монголчуудыг хүн төрөлхтний түүхийн аль ч хэсэгт морьгүйгээр төсөөлөх боломжгүй. Морьгүй бол монгол хүн биш. Тиймээс мориор монголчуудыг төлөөлсөн. Тухайлбал, энэ зурагт дүрсэлсэн тойрог бол дэлхий. Монголчуудын буухиа захиа илгээхдээ тамгалдаг байсан морины туурайн дүрс дөрвөн талд нь зурсан. Дэлхий монголчуудг үйгээр хаашаа ч хөдл өхг үй, бид хүн төрөлхтний хөтөч гэсэн гүн ухаан илэрхийлсэн, монгол зураачийн бардамнал юм даа.
-Баримлаар илэрхийлж болохгүйг уран зургаар, уран зургаар дүрслэх боломжгүйг уран баримлаар үзүүлж болох уу. Эсвэл урлаг өөрөө хязгааргүй болохоор илэрхийлэх боломжгүй зүйл байхгүй юм уу?
-Манайхан барималч зөвхөн баримлаа, зураач зургаа л сайн бүтээдэг гэдэг. Миний бодлоор бол барималч хүн сайн зурж чадахг үйгээр баримал урлах боломжгүй. Баримал огторгуй шиг олон хэмжээстэй учир бүх талаас нь мэдэрч болно. Баримлынхаа урд талыг хийж байхдаа ч гараараа арыг нь мэдэрдэг, барималчдын мэдрэхүй өндөр хөгжс өн байдаг. Хавтгай дээр зурж, зөвхөн нэг талаас нь шийдэл хийгээд сурсан зураач бол баримал урлаж чадахгүй. Ийм зураач баримал хийх нь байдаг ч алдаа их гаргадаг.
-Энэ олон урсгалын талаарх бодлоо хэлнэ үү?
-Зураачид хамгийн анх бодит зураг сайн зурж сураад дараа нь түүгээрээ дагнах, эсэхээ шийддэг. Сэтгэлгээний урлаг бүтээхийн тулд изм рүү зайлшгүй орох болдог. Би 15 настайдаа кубизмийн томоохон төлөөлөгч Пикассогийн зургийг хараад гайхан, учрыг нь ойлгох гэж сонирхох болсон. Тэгтэл үүсээд 60-аад жил болсон футуризм манайд 1980-аад оноос дэлгэрч бидний үеийнхэн сонирхсон. Гэхдээ энэ төрлийн бүтээл хийхээр хөрөнгөтний үзэл шингэсэн гээд үзэсгэлэнд тавьдаггүй байлаа. Миний “Бодол” үзэсгэлэнд кубист, футуристэд суурилсан суперматист чиглэлийн бүтээлүүд бий. Гэхдээ судлаачид юу гэхийг мэдэхгүй юм. Зураач хүн измээ тодорхойлж, зургаа тайлбарлаад байж чаддаггүй, сэтгэлдээ байгаагаа л буулгадаг, ямар урсгал нь юм бүү мэд.
-Ямар нэгэн измийн гол төлөөлөгч болох, шинийг санаачлах хүсэл танд байдаг уу?
-Тийм юм бодож суух зав алга.
-Таны бодлоор ирээд үйд уран зургийн хөгжил хэрхэх бол. Хүний хөгжил, мөн чанар яаж өөрчлөгдөхөөс шалтгаалах уу?
-Үгүй. Дэлхий нарыг, сар дэлхийг тойрдог шиг бүх юм циклийн дагуу эргэлддэг. Цаг, сар, зурхай шиг хүний амьдрал ч гэсэн түүхэн үеэрээ давтагддаг. Нэг изм давамгайлж байгаад өөр урсгал хүчээ авснаа дахиад л буурдаг. Түүнээс биш, хэн нэгэн хүн зохиочихдоггүй юм.
-Тэгвэл одоо хэдэн оны үеийнхтэй давхцаж байгаа вэ?
-Урлагийн хувьд классицизм хүчтэй байсан үеэс эхлэн ярья. Классицизмын уламжлалыг эвдэж, орчин үеийн урлагийн эхлэл болох импрессионист бут цохин гарсан. Тэгээд кубист, футурист, сюрреалист зэрэг олон урсгал багтаасан модернист давамгайлсан. Нэн шинэ үеийн урлагтаа багтах олон измүүдийн аль нь ч давамгайлаагүй. Учир нь нэгэн цаг үед их мастерууд олон төржээ. Тэдний шавь нар, үзэл баримтлалыг нь дагагчид залгамжлаад өнөөдрийг хүргэжээ. Өдгөө классик урлаг давамгайлах маягтай байна. Урьдынх шиг хүчирхэгжиж чадахгүй ч огт тоохоо болсон үеийг бодвол сонирхох хүмүүсийн тоо олширч байна. Гэхдээ энэ байдал урт наслахгүй, эргэлдээд л явна. Техник технологи, хүний хөгжил өндөр түвшинд хүрсэн болохоор энэ зуунд нэг үзэл хэт давамгайлахг үй болов уу.
-Зураачид зурж чадах байдлаараа л ертөнцийг хардаг гэж Румыны нэгэн зохиолчийн хэлсэнтэй санал нийлэх үү?
-Худлаа үг байна. Зурах авьяас тааруу ч ихийг ойлгодог, бясалгадаг өндөр мэдрэмжтэй зураачид байдаг. Ер нь зураачид хамгийн гажиг, нууцлаг хүмүүс. Би олон орноор явлаа. Бусад орны энгийн хүмүүстэй харилцахад монголчуудаас маш их ялгаатай хэрнээ аль ч улсын зураачид ижилхэн, ойлголцоход дөхөм. Өөрөөр хэлбэл, монгол энгийн хүн гэдэг бусад орны хүмүүсээс хамаагүй өндөр түвшнийх юм билээ. Монголчууд хүн төрөлхтний зулай дээр байдаг, дээд тэнгэрээс язгууртай улс. Үндсэрхэг үзлийг өмнө нь би монгол хүний цээжээ дэлдсэн дэмий үг гэж боддог байлаа. Аричууд бусдаас илүү, англичууд язгууртнууд гэж өөрсдийгөө ярьдаг ч хэзээ ч бидэн шиг дээд тэнгэрээс заяатай гэдэггүй. Монголчууд маш их чадвартай, авьяастай.
-Ахмад дипломатч Д.Чулуундорж гуай “Монголчууд хэдий хүртэл бусдаас онцгой гэж цээжээ дэлдэх вэ. Өөрсдийгөө дотроос биш, шилэн хоргоны гаднаас харж дүгнэе” гэж байсан. Таны хэлснээр үнэхээр бид тэнгэр заяатай юм бол манай улс яагаад одоо ч гэсэн хүчирхэг биш байгаа юм бэ?
-Тэр хүний хэлсэнтэй санал нэг байна. Гэхдээ энэ бас л өнөө түүхийн эргэлт, цаг үетэй холбоотой. Ямар ч хүн тэр циклийг тойрч гарч чадахгүй. Хятадууд гэж муулаад л байдаг. Гэхдээ хамт олонч, эвсэг чанарыг нь тэднээс сурах хэрэгтэй. Бидний ийм дорой байгаа нь Мин улсын үеэс боловсруулсан монголчуудыг үгүй хийх, хүчирхэгжүүлэхгүй байх бодлогын үр дүн одоо ч үргэлжилсээр байгаатай холбоотой. Угсаатны зүй судлаачийн хувьд ажиглах нь ээ, төрд байгаа хүмүүсийн 60 орчим хувь нь эрлийз, хурлийз. Ийм хүмүүс төр барьж байгаа цагт хэзээ ч өөдлөхгүй. Эрлийз хүнд нутаг үгүй гэдэг дээ. Монголчууд сонгуульд санал өгөхдөө хэдхэн халтар төгрөгөнд хууртдагт их харамсдаг. Өнгөрсөн сонгууль монголчуудад их сургамж болсон байх. Миний дүгнэж байгаагаар хоёр сонгуулийн дараа монголчууд учраа олж, 2030 он гэхэд манай улс хөл дээрээ босно байх.
-Төрөөс дэмждэггүй болон нийгмийн байдлаас хамаарч бусад улсын уран бүтээлчидтэй харьцуулбал манай зураачид хэр тааруу амьдардаг. Чанартай будаг, хэрэгсэл авах чадалтай зураач ховор байгаа нь уран зургийн насанд нөлөөлнө биз?
-Төр дэмждэггүй нь үнэн ч уран бүтээлч ядуу амьдардаг цаг улирсан. Би нэг ч удаа хятад будгаар зурж үзээгүй. Мэдээж муу материалаар хийсэн зураг урт наслахгүй нь тодорхой. Тэр бүр чанартай будаг хэрэглэж чадахгүй зураач байна. Гэхдээ энэ нь олсон мөнгөө зөв зарцуулдаггүй, архи дарс уудаг, арчаагүй, боловсролгүй хувь хүнтэй нь холбоотой. Тэнгэрээс заяасан гайхамшигтай авьяастай хэрнээ ядуу амьдарч байвал зураачийн хохь. Би дусал ч архи амсдагг үй. Цаг үргэлж эрүүл байхг үй бол мансуурсан зураач бүтээл гаргана гэж үгүй. Дэмий өнгөрүүлэх цаг надад хайран.