Монголчуудын бахархал болж яваа залуу дуучин Чулуунбаатарын Бадралтай ярилцлаа. ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академид суралцдаг энэ залуу сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд гурван уралдаанаас гранпри, мөн тооны уралдаанаас дэд байрын шагнал хүртээд байгаа. Хамгийн сүүлд тэрбээр М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байрт шалгарсан юм. Ч.Бадрал Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул. 2006 онд ХБКийн дуулаачийн ангид элсэж, гавьяат багш Ц.Ерөөг өөр зам мөрөө “засуулан” дуурийн урлагт хөл тавьсан түүхтэй. Оюутан байхаасаа ЦДБЭЧ-д ажиллаж байгаад 2012 онд Гнесиний нэрэмжит хөгжмийн академид ОХУ-ын Ерөнхий сайдын тэтгэлгээр суралцах эрхтэй болжээ. Амралтаараа эх орондоо ирээд байсан залуу авьяастантай амжилтынх нь тухай хөөрөлдлөө.
-Нэгэн үеийн шижигнэсэн залуус Монголын дуурийн урлагийн нэн шинэ үеийн түүхийг бичиж байна хэмээн бид харж байгаа. Тэдний дунд та ч бас амжилтаараа тод мөр гаргаж байна. Уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе.
-Баярлалаа. Манай үеийнхэн гэвэл өөрөөсөө дээш, доошоо хоёр курсын зайтай төгссөн найзуудаа хэлмээр байна. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, ДБЭТын гоцлооч Ж.Бямбажав, Э.Анхбаяр гээд нэг үеийн найзууд маань мэргэжлээрээ амжилттай ажиллаж явна.
-Монгол дуучид сүүлийн жилүүдэд М.Глинкийн нэрэмжит уралдаанд тогтмол амжилт гаргадаг боллоо. Энэ амжилт нээлттэй харилцаатай холбоотой юу эсвэл дуучдын ур чадвар илт өсөж байна уу?
-Аль аль нь нөлөөлсөн байх. Өмнө нь манайхан мэдээллийг ийм нээлттэй авч чаддаггүй байсан. Бидний залуу дуучид нэгэн цаг үед “чихэлдэж” төрөөд, бие биеэ хөглөж, хоорондоо өрсөлдөж яваа нь ч бас нөлөөлсөн болов уу. Энэ зам мөрийг маш тод гаргаж өгсөн хүн бол гавьяат жүжигчин П.Ганбат агсан. ДБЭТ-ын гоцлооч А.Сайнбаяр ах энэ замыг тодруулж, мөнгөн жимийг нь Ч.Энхтайван гаргасан. Араас нь С.Мөнгөнцэцэг, Г.Ариунбаатар нарын дуучид бухиаг нь таслалг үй үргэлжл үүллээ. Бид ч мэргэжлийнхээ, эх орныхоо нэрийг гаргаж, энэ уралдаанд амжилт гаргасандаа баяртай байна.
-ЦДБЭЧ-д ажилладаг дуучид цэрэг эх орны сэдэвтэй болоод нийтийн дуу ихэвчлэн дуулдаг. Түүний зэрэгцээ сонгодог бүтээлээ орхилгүй сургуулилалж явсан нь ийм үр дүнд хүргэв үү?
-Цэргийн дуу сонгодог бүтээлээс ялгаатай. Урлагийн амьдралд хөл тавьсан цагаасаа эхлэн ЦДБЭЧ-даа ажиллаж, хамт олонтойгоо эх орноо хоёр удаа бүтэн тойрчээ. Хүн өөрөө хичээвэл цэргийн дууг ч, сонгодог бүтээлийг ч дуулна. Монгол хүн бүрийн сэтгэл зүрхнээс эх орон, байгаль, нутаг орных нь тухай дуу уяатай явдаг шүү дээ.
-Гнесиний нэрэмжит хөгжмийн академид суралцаж байгаа Монголын анхны эрэгтэй дуучин та болох нь ээ. Сургалт нь манайхаас хэр зэрэг ялгаатай вэ?
-Гоцлол дуучид бэлтгэж байгаа учраас ганцаарчилсан сургалт зонхилдог. Сургалтын арга барил нь нэг их ялгарахгүй. Харин сургаж байгаа орчин, материаллаг бааз нь өөр. Тухайлбал, Монголд ганцхан байгаа рояль төгөлдөр хуур нэг ангид хоёроороо байх жишээтэй. Монголын багш нар алтан үеийнхнээсээ өвлөж, мэргэшсээр өдгөө сургалтын өөрийн гэсэн дэгтэй болчихсон учраас тэдний маань заасан болгон хаана ч гологдохгүй юм билээ.
-Орчин бас нөлөөтэй байх аа. Сургуулийнхаа дэргэдэх театрт тоглож, байнга сонгодог тоглолт үздэг учраас мэдрэмж илүү сайн хөгждөг үү?
-Ядаж л найрал хөгжмийн тухай маш богино хугацаанд мэдэж авч байна. Хийл, төгөлдөр хуурын тоглолт байнга болдог. Монголын оюутнууд ДБЭТ-ын дуурь, балетийн бэлтгэлийг байнга үзэх боломжгүй байдаг. Долоо хоногтоо ганц л дуурь үздэг байлаа. Харин ОХУ-д сурч байгаа хүмүүс өдөр бүр тоглолт, бэлтгэл үзэх боломжтой.
-Танай сургуульд одоо хэдэн монгол оюутан суралцаж байна вэ. Өмнө нь Монголоос ямар ямар мэргэжлийн уран бүтээлч төгссөн бэ?
-Хөгжмийн зохиолч болон хөгжимчид суралцаж байсан түүх бий. Хийл хөгжимчин Төгөлдөр энэ сургуулийг дүүргэсэн. Хөгжмийн зохиолч Өлзийбаяр мэргэжил дээшлүүлж, магистр хамгаалсан байдаг. Дуулаачаар өнгөрсөн жил нэг хүн төгссөн. Энэ онд бас нэг дуучин төгсөх гэж байгаа. Одоо сурч байгаа таван хүн бий. Монголоос ихэвчлэн эмэгтэй дуулаачид ирж сурдаг.
-Мэргэжлийн багш нь хэн билээ?
-Наталья Анатольевна Дмитриева.
-Энэ сургуулиас төгссөн алдартнууд тоймгүй олон байх. Тэднээс онцлон санаж байгаа алдартнуудаа та бидэнд хэлж өгөөч.
-Алдартай удирдаач, төгөлдөр хуурч олон бий. Алдарт дуучин Иосиф Кобзон, Николай Басков гээд нэрлэвэл олон хүн бий. Дуурийн дуучин Дмитрий Восков төгөлдөр хуурч мэргэжлээр манай сургуульд сурч байсан юм билээ. Одоо бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн алдартан шүү дээ.
-ОХУ-д суралцах энэ боломж танд хэрхэн тохиосон бэ?
-2012 онд ОХУ-ын Ерөнхий сайдын тэтгэлгээр нэг хүн сургах хуваарь ирсэн. Орос багш нар Монголд ирж шалгалт аван, надад итгэл хүлээлгэсэн. Мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурах хүсэл байсан ч ийм боломж тохионо гэж бодож ч явсангүй. Орос хэлний ямар ч ойлголтгүй л явсан. Очоод дуулж байгаа дууныхаа үгийг ойлгож, ойр зуур ярьдаг болсон. Дажгүй сурч байгаа. Цаашдаа хэлний тал дээрээ сайн анхаарна аа.
-ОХУ-д олон уралдаан болдог. Таны оролцож, шагнал хүртсэн уралдаанууд хэр чансаатай вэ?
-Орост ардын жүжигчин, нэрт дуучдынх нь нэрэмжит уралдаан байнга болдог. Энэ бүх уралдааныг чансаагаар нь жагсаачихсан байдаг л даа. Би эхний аравт ордог уралдаанд нь оролцож, амжилт гаргахыг зорьдог. 2013 онд Оросын ардын жүжигчин Алексей Петрович Ивановын нэрэмжит конкурсын гран приг хүртсэн. 2014 оны хавар ОХУын Талет хотноо болсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаан болон ОХУ-ын ардын жүжигчин Наталья Шпиллерийн нэрэмжит анхны уралдааны гран приг авсан. Орост болдог уралдааныг эрэмбэлвэл нэгдүгээрт П.И.Чайковский, хоёрдугаарт М.Глинк, гуравдугаарт Римский Корсаков, дараа нь Г.П.Вишневская, Е.В.Образцова, И.П.Богач ёвагийн нэрэмжит уралдаан бичигдэнэ. Мэдээж цаашлаад баруун Европт алдартай олон уралдаан бий.
-Оросын сонгодог урлагийнхны анхаарлыг монгол дуучид татдаг болжээ. Танаас онцгойлон асууж, арга барилыг тань сонирхдог уу?
-Анхаарлыг нь маш их татаж байгаа. Монгол хүний чадамж, эрс тэс уур амьсгалдаа зохицсон тембр нь өөр сонсогддог байх. Уралдаанд оролцоод шагнуулаагүй байсан ч шүүгч нар нь хаана сурсан, хэнээр заалгасан гээд сонирхож асуудаг. М.Глинкийн нэрэмжит XXV уралдаан 14 шүүгчтэй байсан. Энэ удаа М.Глинкийн мэндэлсний 210 жилийн ой тохиосон учраас шүүгчдийн 50 хувь нь европчууд байсан. Нэг итали шүүгч уралдааны дараа надтай уулзаад “Чиний школ цэвэр Оросынх биш, Итали школтой ойролцоо байна” гэж хэлсэн. Тэгэхээр манай багш нарын туршлагаар бий болсон Монголын гэх сургалтын арга барил бий болсон байх нь гэж ойлгоод байгаа.
-Энэ зун болох П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд оролцох уу?
-Хүний хүсэл дуусах биш дээ. Оролцох санаа байна. Ингэнэ, тэгнэ гээд шууд шийдвэр гаргахад хэцүү байна. Дуучин хүний хоолой эмзэг. Муугаар бодвол өвдөж мэднэ. Гэсэн ч хичээнэ. -Та бага байхаасаа дуулдаг байв уу. Сонгодог урлагийг хэр мэддэг байсан бэ? -Манай дуучдын олонх нь хөдөөн өөс хотод ирж суралцсан байдаг. Сонгодог урлагийг ойлгож, мэдээд сургуульд орсон хүн ховор байх аа. Биднийг бага байхад Ц.Түвшинт өгс, Б.Эрдэнэбат нарын гавьяатууд нийтийн олон сайхан дуу дуулдаг байлаа. Тэдэн шиг дуучин болно гэж зориод л шалгуулсан. Миний аав их сайхан хоолойтой хүн л дээ. Дуучин болох хүсэлтэй байсан ч чадаагүй. Тэгэхээр аавынхаа хүслийг гүйцээх гэсэн хүүгийн зорилго ч байсан. Мэргэжлийн дуучин болно оо гэж лав ирээгүй. Гэхдээ энэ зам мөрийг сонгоход нөлөөлсөн олон зүйл бий.
-Нэг жаахан саваагүй гэмээр зүйл асуумаар санагдаад болдоггүй ээ. С.Мөнгөнцэцэг, Г.Ариунбаатар нар М.Глинкийн уралдааны амжилтаараа гавьяат жүжигчин цол хүртсэн. О.Хүрэлбаатар та хоёрыг шагналд тодорхойлсон болов уу. Хүлээлт байна уу?
-Энэ чинь их хэцүү асуулт л даа. Хариулахгүй байж болох уу ?
-Хариулмааргүй байвал...
-Энэ бол хэн дуртайд нь тохиодог завшаан, хүн болгоны гаргадаг амжилт биш. Гэхдээ тухайн уран бүтээлчид ийм зүйл хийчихээд л тийм шагнал авахсан гэдэг бодол, хүсэл байдаг. Бас хэн нэгнээр хэлүүлэлгүй төр засгаас үнэлбэл амттай, хүндтэй санагдана. Би залуу байна, хийж бүтээх зүйл ч их байна. Мэдээж тохирсон шагнал, урамшуулал өгөх юм бол би төр, засгийнхаа хайр хишигт талархан хүлээн авах болно. Тэгээгүй тохиолдолд ингэж ярих нь эрт юм уу даа.
-Өндөр зэрэглэлийн уралдаанд амжилт гаргаж, шүүгч нарын анхаарлыг татаж байгаа дуучинд том театраас урилга ирдэг л байх. Харин нууцлаад байж магадгүй. Сургуулиа төгсөх цаг ойртож байна. Хаана ажиллах бодолтой байна вэ?
-Би олон хүнд хэлээгүй л дээ. Хоёр ч газраас санал ирсэн. Санкт-Петербург хотын Марийнский театрын залуу гоцлол дуучдын группээс урилга авсан. Манайхан под групп гэж ярьдаг шүү дээ. Мөн Москва хотын Большой театрын араас эрэмбэлэгддэг Гликоноперагаас санал авсан. Алдартай сайн театр. Марийнский театрын залуу гоцлоочдын группээс намайг урина гэдэг бол маш том урам зориг өгч байгаа хэрэг. Энэ ондоо багтаад хамтран ажиллаж эхлэх байх аа.
-Амжилт амжилтаа дагуулдаг уу. Эсвэл хичээл зүтгэлийг амжилтаар шагнадаг уу?
-ОХУ-д сурч байх хугацаандаа ганцаараа байгаа учраас их зүйл бодно. Заримдаа сэтгэлээ нээгээд ярьчих хүн байхгүй, хэцүү санагдана. Гэхдээ энэ нь дотоод хүнээ нээж, өөрийгөө ойлгож ярилцахад дөхөм болдог юм уу даа. Амжилт бол өөрөөсөө авч байгаа хамгийн том бэлэг. Сэтгэлийн сайхан таашаал. Хэдийчинээ их хөдөлм өрлөж, зүтгэнэ тэр хэмжээгээр амжилт дөтөлдөг. Амжилтын ард олон хүн байгаа. Гэр бүл, найз нөхөд, хамт олон, багш нар. Олон түмний урмын үг, сэтгэлийн дэм ч бас нөлөөлнө. Гэр бүлийнхэн маань намайг дагаад сонгодог урлаг сонирхон үздэг болсон. Мэргэжлийн дуучдыг маш сайн танина.
-Гэрлэж амжсан уу, хүүхэдтэй юү?
-Мөрөөдөл, зорилгынхоо төлөө явсаар хүүхэдтэй болж амжаагүй л явна. Гэр бүлийн хүн маань СУИС-д хөгжмийн онолын чиглэлээр багшилдаг. Удахгүй ажил, амьдралаа аль алийг нь төвхнүүлнэ ээ.