“Монголын сүм хийдийн түүхэн товчоо” төслийн хүрээнд Монголын урлагийн зөвлөл гаднын судлаачидтай хамтран олон жилийн судалгааны үр дүнгээ ард түмэнд танилцуулах үүднээс www.mongoliantemples.org хэмээх цахим хуудсыг энэ сарын эхээр нээжээ. Уг цахим хуудаснаа 1939 оноос өмнөх Монголын 1000 гаруй, 1990 оноос хойш сэргээсэн 300 орчим сүм хийдийн бүртгэл мэдээлэл хийгээд өдгөө зөвхөн бүдэг бадаг ул мөр нь тал нутагт үлдсэн дуган дацанд шавилан сууж байсан өндөр настнуудын түүхэн дурсамжийг хүүрнэх олон арван баримт, гэрэл зургуудыг дэлгэсэн байна. Эдгээр нь Монголын бурхны шашны түүхийг сонирхон судалдаг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын хувьд судалгааны мэдээллийн сан болохын зэрэгцээ өв соёлоо танин мэдэх боломжийг хүүхэд залууст олгож буйгаараа ач холбогдолтой аж.
2004 оноос хойш эхэлсэн судалгааны ажлын мэдээллийг төслийн зөвлөх Сю Бөрнийн удирдлагад өнгөрсөн дөрвөн жилийн турш цэгцлэн боловсруулж, англи хэл рүү орчуулан, олон нийтийн хүртээл болгохоор ажиллажээ.