Хятадын алдарт Шаолины шоуг Монголын үзэгчдэд тун удахгүй хүргэхээр болжээ. АСА цирк, “Монгол циркус” төв, “Гэрэлт медиа” групп хамтран “Шаолины шоу Монголд” төсөл хэрэгжүүлэх гэж байна. Зохион байгуулагчдын төлөөлөл өчигдөр Бээжинг зорьсон бөгөөд Хятадын талтай гэрээ хэлэлцээгээ эцсийн байдлаар тогтох гэнэ. Дараа нь тэд дэлхийд алдартай Шаолины шоуны багууд бэлтгэл сургуулилалтаа хийдэг Ханен тосгоны нэгэн өндөр ууланд байрлах сүмд очиж, Монголд авчирч тоглуулах “уран бүтээлчдээ” сонгох аж. “Шаолины шоу Монголд” төсөлд Хятадаас нийтдээ 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно гэдгийг “Гэрэлт медиа” группийн ерөнхий продюсер М.Дорждэрэм хэлсэн. Уг шоуг гуравдугаар сарын дундуур АСА циркт дөрвөн өдрийн турш үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн орон нутагтаа аваачиж тоглуулахыг хүссэн аймгуудаас хамгийн олон санал ирүүлсэн хоёрыг нь сонгон үзүүлбэрээ толилуулах гэнэ.