Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг оны шилдэг утга зохиолын бүтээл шалгаруулах "Алтан өд-2014” наадам зохиолчдын эвлэлийн 86 жилийн ойн өдөр буюу энэ сарын 9-нд Улсын филармонийн их танхимд боллоо.
“2001 оноос эхлэн 14 дахь жилдээ зохиож буй уг наадамд жил бүр 100 гаруй бүтээл шандас хүчээ сорьж шилдгүүд тодордог. Түүнчлэн шилдэг бүтээл шалгаруулаад зогсохгүй утга зохиолынхон бүтээлээ ард түмнээрээ дүгнүүлэх томоохон ажил болдог юм. Уг наадам Монголын утга зохиолын бүх төрлийг тэгш хөгжүүлэхэд гол зорилго нь оршдог” хэмээн МЗЭ-ийн үндэсний зөвлөлийн дарга Ц.Буянзаяа наадмыг нээх үеэрээ хэллээ.
"Алтан-Өд" наадамд энэ жил шилдгийн шилдгээр тодорсон бүтээлүүдийг зохиолчийн хамт толилуулж байна.
1. Яруу найраг-М.Саруулдалай “Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш”
2. Хүүхдийн зохиол- Ч.Наранцэцэг “Тунгалаг өнгө”
3. Утга зохиолын орчуулга- Ж.Оюунцэцэг “Хөршүүд”
4. Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл- М.Уянсүх “Айшхи”
5. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл- Ж.Заяабаатар “Омог босоо хавт
Хасар”
6. Жүжиг, киноны зохиол- Н.Сүхдорж-“Галдан Бошгот хаан”
7. Баримтат уран зохиол- Б.Цогнэмэх- Цагаан морины домог
8. Утга зохиолын судлал- М.Чимидцэеэ “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон”
9. Утга зохиолын шүүмж - Г.Батсуурь “Мета утга”
Мөн уг наадмын үеэр МЗЭ-ийн нэрэмжит шагналын эзнээр:
Ч.Алтангэрэл “Ганнибал”
Б.Баясгаланг “Зөнгийн нүд”
С.Бүрнээ “Савдагт Алтайн дууль”
Д.Бямбацэнд “Хатан сэрэл”
Ж.Гун-Аасүрэн “Сэргэлэн одод чуулсан шөнө”
Т.Дашбалдан “Сэтгэлийн шувуу”
Я.Мөнхжаргал “Тэвчээр”
М.Отгонбаяр “Сураггүй хаврыг хүлээхүй”
Б.Хүрэлтогоо “Илчлэлт” зэрэг бүтээлээрээ хүртсэн бол шинэ залуу бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг Б.Болорцэрэн, Ө.Үлэмжтөгс нарт өглөө.
Дашрамд сонирхуулахад, МЗЭ-ийн нэрэмжит шагналыг 1964 онд анх бий болгож Бэгзийн Явуухулан нарын гурван хүний бүтээлд олгосон байдаг. Харин Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг 1991 оноос анх залуу яруу найрагчийн шилдэг бүтээлд олгох болжээ. Ж.Болд-Эрдэнэ, Ц.Хулан, Ц.Бавуудорж, Л.Хасар, Л.Ганзул, Л.Моломжамц, Б.Золбаяр нарын зохиолчид шилдэг бүтээлээрээ хүртсэн байдаг.