Наран гийх тайван газар бяцхан тосгон байна. Энд энгийн даруу хүмүүс амьдардаг ажээ. Ядуу тариачны охин Жизель цэнхэр огторгуй, шувуудын жиргээн болон бүхнээс илүү амьдралыг нь гийгүүлсэн цэвэр ариун хайр сэтгэлдээ умбаж байна. Охин ойд цэцэг түүж яваад ан хийж буй хааны ханхүүтэй учирч, улмаар хайр сэтгэлтэй болцгоожээ. Ханхүү охинд үргэлж цэцэг бэлэглэдэг байв. Түүнийг Альберт гэх бөгөөд тэрбээр тосгонд байшин хөлсөлж амьдардаг байсан тул охин түүнийг язгууртан гэж үл мэднэ. Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс Жизелийн хайртай хүн Альбертийг тариачны хувцас өмссөн язгууртан гэж итгүүлэхийг оролдоно...
Хайртай хүнээсээ болж нас барсан Жизель сүнс болсон ч түүнийгээ хайрласаар л байна ( Жизель балетийн хэсгээс )
Балет бол яахын аргагүй тэнгэрлэг урлаг. Энэ тэнгэрлэг, ихэмсэг байдлын тод илэрхийлэл бүсгүй хүн билээ.
Бага байхаасаа л ээж шигээ балетчин болох мөрөөдлөөр жигүүрлэсэн бяцхан охин Алимаа ОХУ-д суралцаж ирээд амьдралын бузар муухай, тэнгэрлэг ариун нь юундаа байдгийг мэдэж таньдаг. Ариун нандин хайр сэтгэлтэй учирсан түүний дүр нийгэмд байдаг шударга бус зүйлсийг гаргаж ирснээрээ онцлогтой. Аавынхаа хайранд өлгийдүүлж өссөн эрх нандин тэр бяцхан охин хэцүү зүйлсийг хэрхэн даван туулж буйг харуулсан "Тю Тю" кинонд харуулахын зэрэгцээ нийгмийн хар бараан сүүдрийн нөлөөнд гэнэн цайлган охид хэрхэн хохирч буйг үзүүлжээ. Энэ кионы нээлт өчигдөр "Тэнгис" кино театрт болсон юм.
Жүжигчин Г.Ундармаагийн “U Film" студийн дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох ”Тютю” киноны Алимаагийн дүрийг ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан М.Цэрэндолгор бүтээжээ Түүний дурлалт залууд жүжигчин Л.Гантулга тоглосон байна. Мөн гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар энэ кинонд тогложээ. Киноны хөгжмийг "Никитон" хамтлагийн ахлагч Баачка бичиж, дууны найруулагчаар Томоо ажилласан бол хувцас загварыг Ариунаа Сүри гаргажээ.
Киноны зургийг "Black Zebra" студийнхэн авч, “Үргээлэг”, “Давхар цохилт” киноны продюсерээр ажилласан "Prime pictures" студийнхэн продюсерлэжээ.
Г. Ундармаа “Яагаад ТюТю гэж нэрлэв ээ гэж хүн болгон асууж байна. ТюТю гэдэг нь балетийн богино дэрвэгэр юбка. Эмэгтэй хүн бүхэн юбка өмсдөг. Харин гайхамшигтай гоо сайхны хамгийн дээд оргил болсон балетийн жүжигчин бүсгүйчүүд ТюТю өмсдөг. Эмэгтэйчүүд тэр юбкаа өмсөөд эрх чөлөөтэй, өөрийнхөө эрх дураар дэрвүүлээд, хөгжилтэй байж, амьдралдаа хэзээ ч уйтгар гуниггүй, үргэлж хорвоогоор дүүрэн цоглог аз жаргалтай байгаасай гэж энэ нэрийг өгсөн юм" хэмээн нээлтийн үеэр ярилаа.
Л.Гантулга ("Тютю" киноны хийлч залуу Төгөлдөрийн дүр)
Төгөлдөр хэмээх хийлч залуугийн дүрд тоглосондоо баяртай байна. Киног хамтран бүтээсэн "Prime pictures", "U Film", "Black Zebra" студийнхэнд баяр хүргэе.
-Анх удаа кинонд тоглохдоо хийлч залуугийн дүр гаргажээ. Цаашид ямар дүрд тоглох хүсэлтэй вэ?
-Уянгын шинжтэй киноны саналууд их ирдэг. Би ч гэсэн зөөлөн хүн болохоор тэгж харагддаг болов уу гэж боддог.
-Магадгүй дараагийн удаа ч хөгжимчин хүний дүр бүтээх санал ирвэл яах вэ?
-Мэдээж татгалзахгүй.
"ТюТю" киноны гол дүрд тоглосон М.Цэрэндолгор
"ТюТю" кино миний анхны уран бүтээл, мөн анхны гол дүр байлаа. Би ОХУ-ийн театр урлагийн сургуульд суралцдаг. Анх Ундармаа эгчээс энэ киноны саналыг хүлээн авч, амралтаарөө ирж тоглосон. Анхны болгон алдаа, оноотой бүтдэг. Туршлагатай кино багийнхантай хамтран ажиллаж, тэднээс ихийг сурлаа.
- Балетчины дүрд тоглохын тулд бэлтгэл сургуулилт, тэсвэр тэвчээр шаардсан байх. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Би өмнө нь балетаар хичээллэдэг байсан. Киноны саналыг хүлээж авснаас хойш өдөр бүр бэлтгэл хийсэн. Хоёр сарын хугацаанд театр дээр зураг авалт болсон. Мэргэжлийн балетчид их тусалж дэмжсэн.
-Багаасаа ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг байв? Орост кинонд тоглох саналууд ирж байна уу?
-Би одоо театр, киноны мэргэжлээр суралцаж байна. Энэ кинонд тоглосондоо баяртай байна. Багаасаа л жүжигчин болно гэж боддог байсан. Мөрөөдлөө зорилго болгоод урагшилж байна. Нэг нэг шатаар ахиж байгаад баяртай байна.
-Хэзээ буцах вэ?
Би өнөөдөр киноныхоо нээлтэд оролцчихоод маргааш өглөө 05.00 цагаас нислэгтэй. Очингуутаа шалгалттай байгаа. Одоо яг дөрөв дэхь удаагийн нислэг болж байна. Өглөө нулимстай орос руу буцах байх даа.
М.Болорцэцэг