Хятадад “Apple” корпорацийн хамгийн сүүлийн “iPhone 6” ба “iPhone 6 +” ухаалаг гар утас өнгөрсөн онд эрэлт ихтэй байжээ. Ингэснээр Хятад дахь борлуулалт нь Америкийн зах зээл дэх борлуулалтаас анх удаа давсан тухай технологийн мэдээний төв “pingwest.com” цахим хуудас хөрөнгө оруулалтын “UBS” банкны тайлангаас иш татан мэдээллээ.
“UBS”-ийн шинжээч Стивен Мүлинович хэлэхдээ, “iPhone”-ий эрэлт Хятадад эрс ихэссэн бөгөөд 2014 оны сүүлийн улиралд нийт борлуулалтын бараг 35 хувийг Хятад эзэлж байсан бол, Америкийн зах зээл үүнээс хамаагүй бага буюу 24 хувийг эзэлж байжээ.
Өнгөрсөн оны мөн үед Хятадын зах зээлийн эзлэх хувь 22 байсан аж. “iPhone 6” болон “iPhone 6+”-г Хятадад 10 дугаар сарын 17-ноос л борлуулж эхэлсэн ч том хэмжээтэй утсыг илүүд үздэг Хятадын хэрэглэгчдийн дунд хамгийн их эрэлттэй, борлуулалт сайтай байсан байна.
Онлайн худалдааны томоохон төлөөлөл JD.com цахим хуудсаар борлуулж эхэлснээс хойш гурав хоногийн дотор захиалга 10 саяд хүрчээ.
"UBS"-ийн тайланд дурдсанаар, 2014 оны сүүлийн улиралд “Apple” 69,3 сая “iPhone” борлуулж, улирлын шинэ дээд амжилт тогтоожээ.
“БНХАУ ”Apple”-д хамгийн их орлого оруулагч болоход зөвхөн цаг хугацааны асуудал үлдлээ” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк 10 дугаар сард Хятадад очихдоо хэлж байсан юм.
Мөн ирэх хэдэн жилд Хятадад байгаа “Apple”-ийн жижиглэн худалдааны дэлгүүрийнхээ тоог 15-аас 40 болгон нэмнэ гэж тэрбээр хэлсэн билээ.
Эх сурвалж: BBC