Нэгэн халимаг иргэн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд дөрөв хоног гацаж байгаа талаараа өчигдөр нийгмийн сүлжээнд мэдээлэв. Тэрбээр энэ сарын 23-нд тус нисэх буудалд ирснээс хойш өчигдрийн байдлаар ийнхүү дөрөв хоножээ. “Хилийн албаныхан намайг нэвтрүүлээгүйгээс нисэх буудалд саатсан. Энэ нь миний паспортын хугацаа нислэгийн өмнөх өдөр дууссанаас шалтгааллаа. Уг нь би хоёрдугаар сарын 20-ны тийзтэй байсан ч Казахстаны эрх баригчид намайг саатуулж, хугацаа алдсанаас ийм асуудал үүссэн. Үүнээс шалтгаалан Монголын хилийн албаныхан намайг хүчээр албадан буцаахыг оролдсон ч тэмцсэний үр дүнд үлдлээ” хэмээн өчигдөр фэйсбүүкт бичсэн байв. Холбогдох албаныхны хувьд паспортын хугацаа дууссан тул буцаахаас өөр аргагүй гэсэн хариу өгч байгаа аж. Үндэстний цөөнхийн эрхийн төлөө тэмцэгч тэрбээр Монголоос орогнол хүсэж ирснээ дурдсан байв.
Бэлтгэсэн М.Оч