Урлагийн зөвлөл энэ сарын 18-наас ирэх сарын 8 хүртэл тав дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг цахим хэлбэрт шилжүүлжээ. “Зэрэглээ” хэмээн нэрийдсэн уг наадмаар техник, технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Мөн олон улсын медиа уран бүтээлчдийн цахим хамтын ажиллагааг өрнүүлэн, хамтран бүтээл туурвихад нь дэмжиж ажиллах гэнэ. Энэ хугацаанд 12 улсын уран бүтээлчийн гурван цогц арга хэмжээг танилцуулах аж. Үүнд монгол, герман уран бүтээлчдийн хамтарсан “Зэрэглээ”, Монгол дахь анхны 360 уран бүтээл, голланд, монгол уран бүтээлчдийн хамтарсан видео, медиа инстоляцыг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх юм.
Наадмыг зохион байгуулагчид “Зэрэглээ бол нүдэнд үзэгдэх хуурамч бодит байдал. Энэ цагт биднийг хүрээлж буй бодит байдал цаг хугацаа өнгөрөх тусам зэрэглээ мэт замхарна” хэмээж байна.
Бэлтгэсэн: Р.Жаргал