Монгол Улсын гавьяат жүжигчин Б. Батзаяа кино хийхээр төлөвлөж , “хошин урлагийн нэвтэрхий толь” ном гаргахаар ажиллаж байгаа аж.
Тодруулбал, сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн шалтгаанаар тайз, дэлгэцнээ гараагүй жүжигчин Б. Батзаяа, нэрт зохиолч Н. Банзрагчийн “Сүүлчийн буун дуу” романаар уран сайхны кино хийхээр зохиол дээрээ ажиллаж, зохиолын ажил 50 хувьтай явж байгаа аж. Мөн өөрийн хошин урлагт зүтгэсэн 20 гаруй жилийн туршлага, мэдлэгт тулгуурлан “хошин урлагийн нэвтэрхий толь” гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Зохиолч Н. Банзрагчийн “Сүүлчийн буун дуу” роман нь Монголын түүхийн ээдрээт цаг үе болох Манжийн дарлалын үеийн Монголчуудын аж байдлыг өгүүлэхдээ Цэрэнбат, Дэлгэрбат хэмээх идэр насны ах дүү хоёрын хувь заяанд тухайн цаг үеийн байдал, хэрхэн нөлөөлж буйг дүрсэлдэг. Хэдийгээр төрсөн ах дүү хоёр боловч цагаатан, улаантан хэмээх үзэл сурталд өөрийн мэдэлгүй автаж, зам мөр нь салж, эмгэнэлтэйгээр хагацаж байгаа ч зохиолын гол санаа нь ганц Монголчуудаас гадна нийт хүн төрөлхтөн үзэл суртал даган даамжирсаар бие биерүүгээ буу тулган хөнөөж байна гэсэн санааг гаргасан байна.