Мэдээллийн МОНЦАМЭ, БНХАУ-ын “Синьхуа” агентлаг хамтарч Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан “Түүхэн замнал” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг Уран зургийн галерейд өчигдөр нээв. Хамтын ажиллагаатай хоёр байгууллага тус бүрээс хэд хэдэн чиглэлийн сэдэв бүхий 70 гэрэл зураг залжээ. Одоогоос 50-60 жилийн өмнөх үеийнхээс авхуулаад хэдхэн хоногийн өмнөх бүтээл ч буй аж. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн айлчлал, нийгэм, соёлын салбар дахь үйл явдлуудыг түүх болгосон нь ч байна. Шинжлэх ухааны академиудын хамтын ажиллагааг харуулсан, үе үеийн үзэсгэлэн яармагуудын үйл ажиллагааг мөнхөлсөн бүтээлүүд сонирхолтой. МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчдын БНХАУ, тэр дундаа ӨМӨЗО-д аялж явахдаа дуран авайдаа буулган, байгалийн үзэмж төгс, эгэл ардын амьдралын талаар өгүүлсэн зургууд үзэсгэлэнд чухал байр эзэлж байгааг харж болно. Үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.
Бэлтгэсэн: Р.Жаргал