Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж болон Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ой, Монгол Төрийн бэлгэ тэмдэг, Монгол Улсын Төрийн дууллыг зохиосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Төрийн дууллыг Төрийн түүхийн музейд залах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэхүү арга хэмжээг “Л.Мөрдорж сан"-гийн санаачлагаар БСШУСЯ-ны Соёл урлагийг дэмжих сан, "Эйрмаркет" компанийн санхүүжилтээр Архивын ерөнхий газар, Төрийн түүхэн музей хамтран зохион байгуулсан юм.
Соёл урлагыг дэмжих сан нь 2019 онд 64 төсөл арга хэмжээг дэмжин ажиллажээ. Үүний нэг нь бүрэн төгс үг өгүүлбэртэй, яруу тод эгшигтэй Төрийн дууллаа Төрийн түүхийн музейд залах ёслол байлаа.
Арга хэмжээний үеэр Төрийн дууллыг бүтээсэн тухай архивын баримтыг баримтат киногоор олон нийтэд үзүүлсэн юм. Мөн энэ үеэр "Төрийн дуулал байх ёстой газраа өөрийн гэсэн орон зайтай өвлөгдөн үлдэж байгаад маш их талархаж байна" хэмээн Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн онцоллоо.