Чөлөөт бөхийн Азийн АШТ өнөөдөр Киргизэд эхэлнэ. Энэ сарын 16 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манайхан 366 тамирчинтай өрсөлдөхөөр Бишкек хотод хөл тавилаа. Тэнд хоёр тэмцээн хэдхэн хоногийн зайтай болно. Эхнийх нь тивийнх, дараагийнх нь олимпын эрх олгох тэмцээн. Олимпын эрх олгох тэмцээнд Гавьяат тамирчин П.Орхон тэргүүтэй энэ жилийн УАШТ-д түрүүлсэн бөхчүүд оролцоно.
Япон Улс энэ удаа Юй Сусаки тэргүүтэй хүчирхэг багаа илгээжээ. Тэднээс эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөх зургаан тамирчнаас дөрөв нь Парисын олимпод хүч сорих эрх авсан. Эзэн орны шигшээгээс дэлхийн аварга Акжол Махмудов, Айсулуу Тыныбекова нар оролцоно. Тэд нутгийнхаа дэвжээнд аваргаа хамгаалж барилдах нь лавтай. Бишкек хот эл тэмцээнээс хойш зургаан жилийн дараа дахин тивийн АШТ-ийг зохион байгуулах юм. Бахрейн улсаас дэлхийн болон Азийн аварга Ахмед Тажудинов 97 кг-ын жинд зодоглох нь. Тэрбээр хос алтан медальтан болох зорилго тавьжээ. Энэтхэг улсын тамирчдын эрхийг сэргэсний дараа эх орныхоо далбаан дор өрсөлдөх анхны тэмцээн нь энэ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо тус улсын бөхийн холбооны үйл ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэрээ өнгөрсөн сард цуцалсан юм.