Улаанбаатар хот дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй бонд гаргах зөвшөөрлөө Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос аваад буй. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд шинэчлэн баталснаар Улаанбаатар хот санхүүгийн зах зээлд бонд гаргах эрхтэй болсон билээ. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын жишгийг дагаж санхүүжилтийн илүү үр ашигтай арга хэрэгсэл ашиглан дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдэх, санхүүгийн хувьд бие даан ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Улаанбаатар хотын бондыг санхүүгийн зах зээлд гаргах үйл явцад тэргүүлэх андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, дэд андеррайтераар “ТиДиБи секьюритис ҮЦК” болон “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллах юм. Үүний хүрээнд нийслэлийн ЗДТГ тэргүүлэх андеррайтер, дэд андеррайтеруудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
“БиДиСек ҮЦК” ХК-ийн ерөнхийлөгч Д.Даянбилгүүн “Улаанбаатар хот анх удаа бонд гаргаснаар нийслэлийн хөгжлийн шинэ түүхийг эхлүүлж байна. Нийслэл хотын бонд нь хөрөнгө оруулагч бүрийн сонирхлыг татсан, найдвартай үнэт цаас байна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн онцолсон юм. Тэргүүлэх андеррайтер “БиДиСек ҮЦК” нь Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн харилцаа үүсэн бүрэлдсэн цагаас хойш 31 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй, салбарын тэргүүлэгч компани юм. Тус компани 2006 онд Монголын хөрөнгийн биржидIPO хийж олон нийтийн компани болсон бөгөөд 2021 онд Монгол Улсын “Шилдэг брокер”, “Шилдэг хөрөнгө оруулалтын банк”-аар шалгарч байсан.
“Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ “Монголын хөрөнгийн зах зээлд түүхэн үйл явдал болж, орон нутгийн бонд гэсэн шинэ бүтээгдэхүүн нэмэгдэж буйд баяртай байна. Орон нутгийн бонд нь байгууллагын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг бүтээгдэхүүн” гэлээ. Дэд андеррайтер “Голомт капитал ҮЦК” ХХК-ийг 2011 онд үүсгэн байгуулсан бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд Монголын зах зээлд зарласан нийт IPO, FPO андеррайтерын үйлчилгээний 40 хувийг дангаараа гүйцэтгэсэн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг юм.
“ТиДиБи секьюритис ҮЦК” ХХК-ийн дэд захирал Г.Энхбат “Засгийн газрын бонд арилжихыг2015 оноос хойш завсарлаад буй энэ үед нийслэлээс орон нутгийн бонд гаргаж байгаа нь хөрөнгийн зах зээлд томоохон дэвшил авчирч байна. Улаанбаатар хотын бонд нь зөвхөн хөрөнгө оруулагч нарт өгөөжөө өгөөд зогсохгүй. Монгол Улсын иргэдийн тал шахам хувь нь амьдардаг нийслэл хотын бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, Улаанбаатарын иргэн бүрт үр өгөөжөө өгнө” хэмээн онцолсон юм. Дэд андеррайтер “ТиДиБи секьюритис ҮЦК” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд анх удаа гаргасан “Чингис” бондын дотоодын зөвлөхөөр ажилласан. Үүнээс хойш гадаадын зах зээлээс нийт 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан, олон улсын зах зээлд ажилласан ихээхэн туршлагатай компани юм. Тэд хамгийн сүүлд Монгол Улсад анх удаагаа АНУ-ын Засгийн газрын бондыг (treasury bill) хөрөнгө оруулагч нарт санал болгоод байна.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын бондыг олон нийтэд санал болгоход зуучлагч, баталгаа гаргагчийн үүрэгтэй мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тэргүүлэх андеррайтерыг нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерийн санал гарган, сонгон шалгаруулсан юм.