“Уран бүтээлч” буландаа СУИС-ийн багш, жүжигчин П.Мөнх-Одыг урилаа.
-Та уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлж байв?
-Би 1987 оноос Дарханы “Залуучууд” театрын драмын дугуйланд суралцсан юм. 1991 онд аравдугаар ангидаа тус театрын “Хойт эх” жүжигт тоглож байлаа. Эндээс л уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэж хэлж болно. Тухайн онд Монголын үндэсний телевизийнхэн зургийг нь авч, 1992 онд теле жүжиг болгон гаргаж байв. МҮОНТ-ийн архивт 30 жил хадгалагдаж буй сайхан уран бүтээл бий. Тэр жилдээ Монголын урлагийн үндэсний их сургууль буюу одоогийн СУИС-ийн кино драмын ангид шалгуулсан. Азаар шалгалт авсан багш нар миний тоглосон “Хойт эх” жүжгийг үзсэн байж таарсан юм. Ингэж л “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр нь үзэгчид эчнээ мэдэх Л.Лхасүрэн багшийнхаа шавь болсон доо. Оюутан болсон жилээ Ж.Барамсай гуайн “Хаданд ургасан цэцэг” өгүүллэгээс сэдэвлэсэн “Харуусал” гэж киноны гол дүрд тоглосон нь миний дэлгэцийн анхны уран бүтээл байлаа.
-Гэхдээ СУИС-ийн багш нар оюутнуудаа сургуулиа төгсөхөөс өмнө тайз, дэлгэцийн уран бүтээлд тоглоход жаахан дургүй ханддаг гэсэн шүү дээ. Та загнуулаагүй юу?
-Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Гавьяат жүжигчин Н.Мягмар багшийгаа заавал дурдах ёстой. “Харуусал” кинонд тоглосноо гурван багшаасаа нуучихсан юм. Гэтэл Л.Лхасүрэн багш киноны сурталчилгааг олоод харчихаж. Тэгээд “Надад чамд заах зүйл байхгүй. Чи жүжигчин болчихсон юм байна. Одоо яв” гээд хөөсөн. Би ч “Багш аа, би сургуулиа төгстөлөө дахин ямар ч уран бүтээлд тоглохгүй. Надад боломж өгчих л дөө” гэж гуйж гувшсаар байгаад үлдсэн дээ.
-Тэгээд оюутан ахуйдаа өөр ямар ч уран бүтээлд тоглоогүй юм уу?
-Үгүй ээ, тоглосон. Бас л хулгайгаар, багш нараасаа тас нууж байгаад хэд хэдэн бүрэн болон богино хэмжээний кино, теле жүжигт тоглочихсон. Бас уран сайхны болон хүүхэлдэйн кинонд дуу оруулж, ам барьдаг байлаа. Киноны зургийг хальсаар авахаа болж, видео кинонууд хийгдэж эхлэхэд мөн л хэдэн уран бүтээлд тоглосон. Багшдаа дахин дахин баригдаж, уйлж дуулсаар байгаад л сургуульдаа үлдсэн дээ. Багш “За Мөнх-Од оо, би чамд нэг л зүйл хэлье. Чамайг оюутан ахуйдаа кинонд дөнгүүр тогловол “Энэ жаахан охиныг тэр найруулагч ямар сайн тоглуулаа вэ” л гэж ярина. Харин тааруухан тогловол “Энэ чинь Лхасүрэнгийн шавь. Багш нь муу байна даа” гэж хэлнэ. Чи сайн бодож яваарай” гэж байлаа. Энэ үг ёстой орой руу минь орсон доо. Одоо би шавь нартаа багшийнхаа ингэж захисныг хэлдэг юм. Өөрөө багш болсныхаа дараа л багшийнхаа хэлж, захиж байсныг илүү ойлгож байна. Зохиол сайтай, сайн бүтээлд чамбай тогловол хамаа алга. Түүнээс биш, юугаа ч сураагүй, мэдээгүй, боловсроогүй хүүхдүүдийг болсон, болоогүй клип, реклам, контентод оролцуулах хэцүү. Дараа нь бүгд л түүнээсээ ичдэг, амаа барьдаг, харамсдаг. Түүнээс л сэргийлж хорьдог болохоос бус, харамладаг хэрэг биш.
-Та сургуулиа төгсөөд уран бүтээлээс хэсэг хөндийрсөн гэсэн. Яагаад?
-Гэр бүл зохиож, охинтой ч боллоо. Тэгээд аавыгаа бараадаж Дархан руу буцаж явсан юм. Миний хань Ц.Батнайрамдал “Залуучууд” театрын ерөнхий найруулагчаар ажиллахаар ч болсон. Харин би театртаа ажиллаагүй. Нэг театрт нөхөр нь ерөнхий найруулагч, эхнэр нь жүжигчин байна гэхээр эвгүй санагдаад. Тэгээд телевизэд нэвтрүүлэгч болж, овоо ч удаан ажиллажээ.
-Өнөөдрийг хүртэл дэлгэцийн хэчнээн бүтээлд тоглосноо багцаалж үзэв үү, та?
-40-өөд кино бий байх.
-Багш хүн гэдэг өөрөө үлгэр дуурайл байх хэрэгтэй. Таны хувьд ямар багш байхыг эрмэлздэг вэ?
-Жүжигчин, найруулагч, ер нь л уран бүтээлч хүн цаанаасаа төрдөг гэдэг дээ. Түүн шиг багш хүн ч онцгой төрдөг гэж би боддог. Хэдийгээр багш бүрийн заах арга барил ондоо ч хамгийн гол нь хүүхдүүдийнхээ дотоод ертөнцийг мэдэрдэг, сэтгэл зүйг нь ойлгодог байх хэрэгтэй болов уу. Маш буянтай ажил мөртлөө хариуцлага өндөр. Багшлаад 15 жил болжээ. Анх “Сити” их сургуульд багшилж, жүжигчин Э.Тодгэрэл, “Хувьсал” продакшны зохиолч, найруулагч Г.Бямбасүрэн, жүжигчин Н.Мөнхсоёл зэрэг шавь төрүүлсэн. Түүний дараа СУИС-иас санал тавьсны дагуу ажиллаж байна.
-Багшийн ажил, жүжигчний мэргэжил хоёр нь хоорондоо зөрчилдөх тохиолдол гардаг болов уу?
-Би жүжигчин мэргэжилтэй атлаа өөр ажил давхар эрхэлдэг байсан бол харшилдах, зөрчилдөх байж магад. Мэргэжлийнхээ дагуу багшилж буй болохоор зөрчилдөх нь харьцангуй бага. Би өөрөө сайн багш нарын “бүтээгдэхүүн” учраас тэднийхээ тавьсан суурин дээр өөрийнхөө хуримтлуулсан туршлагыг баяжуулж, түүнийгээ ирээдүйн уран бүтээлчдэд хүргэж байгаа. Мэдээж өөрийгөө улам л хөгжүүлж, шинэ мэдээ мэдээлэл, бусад улс орны театрын хөгжил, кино урлагийн өөрчлөлт, техник, технологийн дэвшлийг цаг алдалгүй авах шаардлагатай. Хүүхдүүдээсээ ч суралцана. Тэгж цаг үеэ мэдэрч, хөл нийлүүлж ажиллах нь хамгийн үр дүнтэй. Нээрэн, сүүлд нэг кинонд ажиллахад ахмад жүжигчин ах минь “Мөнх-Од оо, өмнө нь хоёулаа хэд хэдэн уран бүтээлд хамтран тоглосон. Чи уг нь маш гоё аялгатай, хий жүжиглэлгүй амьдарч тоглодог сон. Гэтэл сүүлийн үед нэг л өөр болоод байх юм. Удаан багшилж буйтай чинь холбоотой юм болов уу. Чи анхаараарай” гэсэн. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг шиг тэр ахыгаа тэгж хэлтэл би өөрөө ч анзаараагүй байж. Багшлахынхаа хажуугаар өөрөө ч ур чадвараа ахиулж, тордож байхгүй бол зэвэрч мэднэ.
-Гэрийг эзэгтэйн үүрэг, жүжигчний хувь уран бүтээл, багшийн албаа өнөөдрийг хүртэл хэрхэн хослуулж, амжуулж ирэв?
-Яаж ийгээд л амжуулна. Сурчихдаг юм. Одоо бүр эмээгийн ажил нэмэгдсэн шүү. Хань минь ч урлагийн хүн болохоор нэгнийгээ ойлгож дэмжээд өнөөдрийг хүрлээ. Сүүлийн үед ойр дотнынхон “Нэлээд хэдэн жил багшилчихлаа шүү дээ. Одоо хувийн уран бүтээлдээ илүү анхаарвал яасан юм бэ” л гээд байгаа. Багшлахаа болино гэхээр санаанд багтахгүй юм. Би өөрөө СУИС-даа сурсан, эндээс амьдралын ханиа олсон, охин, хүргэн минь ч энэ сургуулийг төгссөн гээд бодохоор амьдралын минь хамаг л сайхан үе сургуультай минь холбоотой. Тэгэхээр тэтгэвэрт гартлаа л эндээ ажиллах байх. Багшилдаг учраас олон ангит кинонд тэр бүр тоглож чаддаггүй. Олон ангит киноны зураг авах хугацаа уртаас гадна жүжигчдэд цаг наргүй ажиллах шаардлага тулгардаг. Тэгэхээр ийм төрлийн киноноос татгалзахаас аргагүй. Мөн олон хоногоор хөдөө зураг авах кинонд тоглох боломж ч бас хомс. Ер нь түүхэн юм уу, олон улсын наадмуудад зориулсан кинонд л түлхүү тоглож байна даа.
-Идэр залуу бүсгүйгээс ээж, нас тогтсон эмэгтэй, цаашлаад эмээгийн дүрд тоглоно. Уран бүтээлч, тэр тусмаа жүжигчин хүнд нас ахих гунигтай санагддаг уу?
-Гоо сайхны салонуудаас “Манай нүүр царай болооч. Хамтарч ажиллая” гэсэн санал тавьдаг л юм. Эмэгтэй хүнийхээ үүднээс бодвол янзлуулаад гоё болчихмоор ч юм шиг. Гэтэл би чинь жүжигчин хүн. Хиймэл төрхтэй байж болохгүй. Миний туулсан амьдрал, зовлон, жаргалын гэрч болсон үрчлээг би татуулаад ч яах юм. Тэглээ гээд би эргээд 25-тай болохгүйгээс хойш. Энэ тал дээр би хуучинсаг хүн байж магадгүй. Нэгэн ижил нүд, хөмсөг, уруул, хамартай охидыг харахаар тиймхэн л санагдах юм. Ялангуяа залуу жүжигчдийг. Ингэж хэлэхээр хүн нэг л амьдарна, өөртөө л таалагдаж байвад бусдад хамаагүй гэх л байх.
Зогсоож болдоггүй ганц зүйл чинь л нас ахих шүү дээ. Жам юм хойно гуниглаад ч яах юм билээ. Нас насандаа л тохирсон дүрд тоглоод явах сан л гэж боддог. Хөөрхөн охин, сайхан бүсгүйн дүрд тоглож л явлаа. Одоо ээж, нас ахиж яваа эмэгтэйн дүрд тоглож байна. Яваандаа эмээгийн дүрд тоглоно. Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай шиг сайхан жүжигчин болох сон гэж хүүхэд байхаасаа л мөрөөддөг байлаа. Ялангуяа “Мандухай сэцэн хатан” кинонд түүний бүтээсэн Юнгэн хатан шиг эсрэг дүрд тоглох сон гэж хорхойсож явдаг юм.
-Танд найруулагч нар ихэнхдээ сайн ээж, эхнэрийн дүр оноодог мэт санагддаг. Та амьдрал дээрээ ямар төрлийн ээж вэ?
-Ахмад найруулагч нар намайг “Ямар ч дүрд хувирахад бэлэн нүдтэй” л гэдэг юм. Гэхдээ ихэвчлэн эерэг дүрийн л санал тавьдаг. Зөөлөн төрхтэй болохоор тэр юм болов уу. У.Батбаатар, Б.Базаррагчаа, Г.Золбоот, Л.Дэмидбаатар зэрэг олон сайхан ахтайгаа эхнэр, нөхөр болж, хамтран тоглож байлаа. Харин “Хайр эргэсэн хавар” олон ангит кинонд эсрэг дүрд тоглосны дараа энэ төрлийн дүрийн санал нэлээд ирсэн.
Манайх ганц охинтой. Тийм ч болохоор тэр үү, нэг их чанга ээж биш. Эсвэл жаахан дотогшоо зантай минь ч холбоотой байж магад. Хэрийн зүйлд уурлаж бухимдаад, баярлаж хөөрөөд байдаггүй. Миний том эгч “Манай гэрээс ганц урлагийн мэргэжилтэй нь байж ямар ч сэтгэл хөдлөлгүй, гоёж гангалахыг мэдэхгүй, сонин хүн шүү” гэж намайг шоолдог юм. Саяхан эмээ боллоо. Зээ хүүгээ төрөхөд манай хүн, худууд, бүгд л баярын нулимс унагахад би дотроо магнайгаа тэнийтэл баярлаж байгаа атлаа гаднаа юу ч хэлж чадахгүй л зогсож байв.
-Тэгвэл уран бүтээлчийнхээ хувьд баримталдаг зарчим тань юу бол?
-Уран бүтээл бол хамтын ажил. Тиймээс бусдад хүндрэл учруулахгүй, бусдыг ч өөртөө төвөг удаахгүйгээр ажиллахыг эрмэлздэг. Хариуцлагатай байж, зураг авхуулахын өмнөх өдөр бүх зүйлээ бэлэн болгочихдог. Тухайн уран бүтээлд үнэхээр шаардлагатай л бол халуунд халах, хүйтэнд хөрөх, норох, даарахаас авхуулаад ямар ч нөхцөлд, орчинд ажиллахад бэлэн, тэвчээртэй байхыг хичээдэг дээ. Жүжигчин хүн дүрд ажиллахдаа үзэгчдийг хуурч, халтуурдаж хэзээ ч болохгүй. Харин 2012 онд Ч.Хоролдорж найруулагч Каннын кино наадамд өрсөлдөх зорилготойгоор “Шарга даага” нэртэй кино хийх гэж буйгаа хэлээд тоглуулах санал тавьсан юм. Уран бүтээлийн төлөө юу ч хийж, яаж ч зураг авхуулахад бэлэн гэж бардам боддог байсан би тэр киноны зохиолыг уншаад татгалзсан. Учир нь би тэр кинонд хоёр хүүгийн ээж болж тоглох ёстой байлаа. Би чинь хүүгээ алдсан хүн. Яагаад ч чадахгүй л гэж бодсон. Гэхдээ бодсоны эцэст эл дүрд тоглохоор шийдэж, жүжигчин Ц.Цэрэнболд, Д.Бямбацогт, Б.Батмэнд, С.Дамдин баавай нартайгаа хамтран ажилласан даа.