Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн дэлгэхээр болжээ. Тус үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд монгол бичиг, соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг олон нийтэд таниулах, дэмжих зорилготой юм. Өнөө жилийн үзэсгэлэнг “Чингис хаан ба Монголын их амар амгалан” сэдвийн дор хүргэнэ. Уг үзэсгэлэнгийн бүтээлүүдийг ирэх арваннэгдүгээр сарын 7 хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн байр болон Бичиг соёл төвийн bichigsoyol2020@ gmail.com цахим шуудангаар хүлээн авах аж. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, 8-12 дугаар ангийн сурагчид уран бичлэг, үсгийн урлалын төрлөөр бүтээлээ ирүүлэх боломжтой.