-Та уран бүтээл, ажлын гараагаа эл театраасаа эхэлсэн юм билээ. Хэзээнээс “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагчаар ажиллаж эхлэв?
-1989 онд дунд сургуулиа төгсөөд л эл театртаа дагалдан жүжигчнээр орж, ажлын гараагаа эхэлж байлаа. Эндээсээ 1990 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид шалгуулж тэнцээд, тэндээс СУИС байгуулагдаж одоогийн байрандаа тусдаа гарахад нь анхны төгсөгчдийн нэг болж төгссөн юм. Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр хэмээх театрын урлагийн домог болсон багшийнхаа гарын шавь болсондоо талархаж, бахархаж явдаг. Багш минь намайг хоёрдугаар дамжаанд байх үеэс л “Миний хүү, чи жүжигчин гэхээсээ илүү найруулагч болбол яасан юм бэ. Чамд найруулагчийн нэг “юм” байна” гэдэг байлаа. Яах вэ, ангийнхныхаа этюд, бусад төрлийн ажлыг найруулах гэж оролддог байсныг минь анзаарч, ажигладаг байсан юм билээ л дээ. Ангийнхан минь ч тэр үеэс намайг даапаалж гэх үү, үнэлж гэх үү, “Найраа” гэж хочилдог, дууддаг болчихсон. Жүжигчид, уран бүтээлчид найруулагч нарыг “Найраа” гэж товчилж, бас дотночилж дууд даг. Одоо намайг хүмүүс “Найраа” гэж дууддаг нь Батнайрамдал нэртэй минь биш, найруулагч мэргэжилтэй минь ч холбоотой биш, ангийнхны минь өгсөн хоч юм шүү дээ. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг анги дотроо л найруулагч нь байсан юм байлгүй. Ингээд гуравдугаар дамжаанд байхад минь багш намайг Армийн драмын театрт Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийг “Эцсийн шийд” жүжгээ тавих үед нь дагуулж очин, “Энэ хүүхдийг л найруулагч болгоод аль” гээд хүлээлгээд өгчихсөн. Түүнээс хойш хоёр багшийнхаа ачаар уран бүтээлч болох зам минь шулуудсан даа. Сургуулиа төгсөөд Төв аймгийнхаа театрт Ч.Лодойдамбын “Хугараагүй ноён нуруу”, Л.Шийтэрийн “Туулсан зам” жүжгийг найруулж, хамгийн түрүүнд багш нартаа үзүүлж байлаа. Ингэж л найруулагчийн гараа минь эхэлсэн.
-Та Дарханы театрын ерөнхий найруулагчаар хэсэг ажилласан байх аа?
-1996 оноос “Залуучууд” театрт ажилласан. Миний хань П.Мөнх-Од тус театрын жүжигчин байлаа. Төвийн гэхээсээ илүү орон нутгийн театрууд миний амьдрал, уран бүтээлийн суурь болжээ. Хөдөөгийн театр гэж хэлүүлэх дургүй. Манай орон нутгийн театрууд их сайхан нэртэй. “Саран хөхөө”, “Жаахан шарга”, Төв халхын дуулалт жүжгийн театр гээд л. Эдгээр нэрээр нь дуудаж хэвшээсэй гэж хүсдэг.
-“Монгол туургатан” театрынхан хамгийн сүүлд ямар уран бүтээл үзэгчдэд хүргэсэн бэ?
-Манай театрын хувьд нийслэл Улаанбаатар хотын хажууханд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс хотын үзэгчдийн зорьж очдог нэг театр байлгах сан гэж хүсдэг. Бид орчин үеийнхийг үндэснийхтэй сүлсэн хосолмол хөгжмийн бүтээлүүд болон драмын жүжгүүдийг хүргэх, түүнд тохирсон боловсон хүчнийг бэлтгэхээр зорьж байна. Урын сангийн бодлогоо ч үүнд зангидаж буй юм. Түүнчлэн нутаг орныхоо газар зүйн онцлог, түүхийг ч уран бүтээлээрээ харуулах шаардлагатай. Дэлхий даяаршиж буй ч бид уламжлалаа хаяад нүүж болохгүй. Театрын тайзнаа дэлхийн сонгодгоос авхуулаад орчин үеийн олон төрлийн бүтээлийг хүргэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ монголчуудын өөрсдийн уг язгуур, соёлын өв, зан заншил, уламжлал, амьдралын хэв маяг, эх хэлний баялгийг гайхуулсан уран бүтээл хомсдож байна. Тиймээс “Монгол туургатан” театр энэ бүхнийг шингээсэн уран бүтээлүүд хүргэнэ. Хамгийн сүүлд бид театрынхаа 40 жилийн ойд зориулан их зохиолч Д.Нацагдоржийн цомнол, Б.Дамдинсүрэнгийн хөгжим “Учиртай гурван толгой”, Л.Ванган, Ч.Чимид нарын цомнол, Л.Мөрдоржийн хөгжим “Хөхөө Намжил”, Д.Нацагдоржийн “Ламбагуайн нулимс” зохиолоос сэдэвлэсэн, Б.Лхагвасүрэнгийн цомнол, Х.Билэгжаргалыг хөгжим, ижил нэртэй дуурь, Ш.Гүрбазарын “Шар гэгээ” түүхэн жүжгийг үзэгчдэдээ хүргэсэн.
-Орон нутгийн театрын нөхцөл байдал ямар байгаа бол?
-Манай театр 1982 онд Хөгжимт жүжгийн театрын чиглэлээр байгуулагдсан. Энэ төрлийн театр ямар ч дуулалт, хөгжимт жүжгийг өргөн бүрэлдэхүүнээр тоглох хэмжээний хүчин чадалтай байх шаардлагатай. Харамсалтай нь, зах зээлийн шуурганаар орон нутгийн театрууд ганхаж, бүтэц нь өөрчлөгдөж, бүрэлдэхүүн нь танагдсан. 24 орчим хөгжимчинтэй байсан театр 12 хүртэл цөөлж, мөн тооны бүжигчин, жүжигчинтэй болгож цомхотгосон юм. Үүний дараа энэ бүрэлдэхүүнд л тохирсон бүтээлүүд хийх шаардлагатай болсон. Хэцүү шүү. 12 хөгжимчин, 10 гаруйхан жүжигчинтэй ямар дуулалт жүжиг, ямар хөгжимт жүжиг, ямар дуурь хийх вэ. Тиймээс оршин тогтнох, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд цөөхүүл хөгжимтэй концерт, бэсрэг жүжиг зэргийг түлхүү хийж эхэлсэн. Ингэхээр л хөгжимт жүжгийн театр гэдгээсээ алсраад явчихаж байгаа юм. Гэтэл одоо ч орон нутгийн театруудын боловсон хүчний тоо хэмжээ тэр хэвээрээ. Уг нь орон нутгийн театрууд хөгжиж байна. Үүнийг цааш улам хөгжүүлэхийн тулд шаардлагатай орон тоог нэмэх, уран бүтээлчдийг бодлогоор дэмжих шаардлагатай. Хэдийгээр театрын шинэ байрууд ашиглалтад оруулж, техник, технологи шинэчлэгдэж буй ч боловсон хүчний тоо цөөн тохиолдолд томоохон хэмжээний бүтээл хийхэд хүндрэлтэйг л онцолж хэлмээр байгаа юм.
-Уран бүтээлчид, ялангуяа залуу жүжигчид орон нутгийн театрт өсөж хөгжих боломж бий юү. Танай театрын зүгээс залуу уран бүтээлчдээ хэрхэн дэмждэг вэ?
-Сургуулиа төгсөөд орон нутгийн театрт ажиллах бодолтой залуус тун цөөн. Олон хүчин зүйл нөлөөлдөг байх л даа. Гэхдээ тухайн театраас бас шалтгаалах мэт санагддаг. Тухайлбал, чанартай, чансаатай уран бүтээл тасралтгүй туурвидаг театрт очиж ажиллаж л таарна. Өнөө жилийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадамд “Монгол туургатан” театр “Шар гэгээ” жүжгээрээ “Анна Каренина”, “Гэм зэм” зэрэг дэлхийн сонгодог бүтээлтэй өрсөлдсөний дараа СУИС-ийн оюутнууд “Дараагийн уран бүтээлд тань ангиараа очиж ажиллая” гэх жишээтэй. Ажиллаж буй уран бүтээлчдээ олон улсын наадам, уралдаанд оролцоход нээлттэйгээр хүлээн авч, дэмждэг. Хамгийн сүүлд гэхэд манай театрын жүжигчин Р.Янжиндулам “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын наадамд өнгөрсөн жил тэргүүллээ. Түүнчлэн Моно жүжгийн үндэсний төв хоёр жил тутамд СУИС-тай хамтран нэг хүний жүжгийн сургалтыг жүжигчид, энэ мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зохион байгуулдаг. Эл сургалтад уран бүтээлчдээ хамруулдаг. Би 2017 онд Австри улсад физикл театрын сургалтын арга барилд суралцсан. Энэ сургалтын хөтөлбөрөөр мөн жүжигчдээ хөгжүүлдэг.
-Одоо ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна даа?
-Ирэх онд Төв аймгийн 100 жилийн ой тохионо. Эл ойг тохиолдуулан монгол сонгодог хэмээн нэрлэж болох Д.Намдагийн “Ээдрээ” жүжгийг тавихаар ажиллаж байна. Түүний дараа Халхын хоёрдугаар хутагт Лувсандамбийдонмэгийн тухай дуулалт жүжиг хийхээр төлөвлөсөн.
-Та олон улсын театрын наадмуудад оролцож, гадаадад ч чамгүй мэргэжил дээшлүүлсэн. Харьцуулаад харахад манай театрын хөгжил хаахна яваа бол?
-Зарим хүн 100 жилээр хоцрогдчихсон гээд л сүржин ярьдаг. Харин би хөгжлийнхөө жамаар л яваа гэж боддог. Залуус эрэл хайгуул хийж, шинэ зүйлс зоригтой туршиж буй нь бэлхнээ харагдаж байна. “Орфей”, “Bee” гэхчлэн хувийн шинэ театр байгуулж, өөр өөрийн өнгө төрхтэй уран бүтээлүүд хүргэж буй. Тэд хөгжихийг хүсээд, эрмэл зээд, буцлаад, даргилаад, шатаж түлэгдэхээс айхгүй зүтгэж, тэмүүлж байгаа. Харамсалтай нь, тэднийг дэмжих бодлого, чиглэл үнэхээр алга.
-Та хэд дэх жилдээ багшилж байгаа вэ?
-2008 оноос багшилж байна. Анх “Сити” их сургуульд багшилж, жүжигчин Э.Тодгэрэл, “Хувьсал” продакшны зохиолч, найруулагч Г.Бямбасүрэн нарын ангийг төгсгөсөн. Түүний дараа СУИС-иас санал тавьсны дагуу Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатартай хамтран хөгжимт театрын жүжигчний анги төгсгөсөн. Эл ангиас УДЭТ-ын жүжигчин Г.Ганбат, П.Мягмарсүрэн, жүжигчин У.Билэгт-Од, мисс Ц.Аззаяа зэрэг залуус мэргэжлээрээ ажиллаж байна. “Gangbay” хамтлагийнхан миний отгон шавь нар. Хүүхдүүдээ мэргэжлээрээ ажиллаж, уран бүтээлээрээ олонд танигдахыг харах сайхан юм.
-Шавьтайгаа хамтран уран бүтээл хийх бүр ч сайхан биз?
-Сайхан байлгүй яах вэ. Хамгийн сүүлд гэхэд л “Риакшн” продакшны “Чи надад хайртай” хошин мюзиклд шавь нартайгаа хамтран ажиллаж, найрууллаа. Гэхдээ нэг тийм сонин мэдрэмж төрдөг юм байна. “Шавийнхаа уран бүтээлд би туслахгүй бол өөр хэн туслах билээ” гэсэн сэтгэл төрж эвийлэх ч улам л сайн, сайхан яваасай гэсэндээ хийж буйд нь жаахан чамлангуй хандаж хурцална, чанга, хатуу хандана. Тэгсэн атлаа хамт ажиллаж буйдаа бахархана. В.С.Красногоровын “Чи надад хайртай” мюзиклийн хувьд уран бүтээлчдийн зохицол, ойлголцол, гүйцэтгэл, үнэхээр байлаа. Ер нь энэ удаа ч биш, аливаа уран бүтээлд багш шавь, найруулагч жүжигчин гэсэн хаалт, заагийг арилгаж, хамт эрэл хайгуул хийж, туршиж, харилцан суралцаж, хөгжиж ажиллах л сайхан шүү дээ.
-Сүүлийн “Чи надад хайртай”-гаас гадна “Тунгалаг Тамир”-аас авхуулаад таны найруулсан мюзиклүүд бий. Энэ төрлийн уран бүтээлд дурладгийн тань шалтгаан юу вэ?
-Мюзикл гэдэг хэдэн дуу хэлхээд, үйл явдлаар холбоод л болчихдог зүйл биш. Хөгжимт жүжиг, эсвэл дуулалт жүжиг гэх зэрэгтэй хольж хутгах нь ч бий. Мюзикл бол олон төрлийн урлагийн нэгдэл. Мюзиклд симфони, жааз, рок, блюз, хип хоп ч дуугаргаж болно. Гол нь хөгжмийн эдгээр төрөл дүр дүрээ илэрхийлэх хэрэгтэй. Зүгээр ч бүжиглэх, дуулах биш, биеийн үйлдэл, хөдөлгөөнөөс авхуулаад уран бүтээлчээс ч ур чадвар, хичээл зүтгэл шаардана. Тийм ч болохоор мюзиклийн жүжигчдийг тусад нь бэлтгэдэг юм. Шийдэх зүйл олонтой, судлах зүйл ихтэй учраас сонирхолтой төрөл.
-Багшлах, найруулахын аль нь ярвигтай бол?
-Аль аль нь амаргүй. Зөвхөн багшлаад явахаар “Би чинь уран бүтээлч, найруулагч хүн шүү дээ” гэж дотроос хатгаад, театртаа очиж уран бүтээлчидтэйгээ бужигнамаар санагдана. Театртаа зөвхөн уран бүтээлээ хийгээд явахаар хүүхдүүдээ санаад, мэдсэн сурснаа хуваалцмаар, сургууль руугаа гүймээр санагддаг. Ингээд бодохоор би аль алийг нь л хийх дуртай юм. Тэгэхээр амаргүй ч, амттай байх нь. Найруулагч ч бай, багш ч бай, аль алийг нь хийхдээ хуваалцаж, хүртэлцэж ажилладаг болохоор тэр юм болов уу даа.