БНСУ-ын Пусан хотын Мару олон улсын хөгжмийн наадмын зохион байгуулагч, “Раом” агентлагийн удирдаач Бэк Жин Хён удирдаач ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран энэ сарын 15-нд “Сонгодог” тоглолт хийхээр болжээ. Тэрбээр урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүтэй хамт симфони найрал хөгжмийг удирдах юм. “Сонгодог” тоглолтод гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Э.Амартүвшин, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд, соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, А.Сайнбаяр, Г.Шижирболд, гоцлол хөгжимчин Г.Долгорсүрэн, Б.Алунгоо, Т.Оргилцэцэг нар оролцоно. Мөн тус театрын залуу хөгжимчдөөс бүрдсэн “Unico” хамтлаг дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлээс толилуулна.
Удирдаач Бэк Жин Хён 1996 оноос хойш Пусаны хөгжмийн фестиваль болон Пусан хотын симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагч, удирдаач, Шилла симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагчаар ажиллаж буй. Тэрбээр Солонгосын шилдэг оркеструуд болон Испани, Герман, ОХУ, АНУ-ын алдартай симфони найрал хөгжмийг удирдан тоглуулж байсан туршлагатай.