“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Авгаржин Жа.Баяржаргалын 18 дахь ном “Дүрст чимгийн хас хүрдэн” нэртэйгээр уншигчдын хүртээл боллоо.
Энэхүү шинэ бүтээл “Дорнын хан хурмастын аймаг”, “Дорнын Цэцэн хурмастын аймаг”, “Дорнын тунгалаг мөрний аймаг” хэмээх гурван чуулбар шүлгээс бүрджээ. Номыг Ардын уран зохиолч Т.Галсан, П.Бадарч, гавж лам Т.Булган, Ө.Гүндсамбуу, яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг нар ариутган шүүжээ.
Нийтдээ 1000 гаруй шад шүлгээс бүтсэн эл номонд монгол хэлний 6000 гаруй үг ашиглаж, уран яруу, утга төгөлдөр бүтээл болжээ гэдгийг зохиолчид хэлж байна.
Ардын уран зохиолч П.Бадарч хэлэхдээ, “Энэхүү бүтээл яахын аргагүй монгол найрагчийн бичсэн Монгол шүлэг юм. Хэлээ мартаж, хэлбэрээ алдаж яваа энэ цагийн бидэнд монгол яруу найргийнхаа хэл, хэмнэл, айзам, туурвил зүйг уламжлан хадгалж, улмаар ухааруулан сэнхрүүлсэн нь нэн бахархалтай. Ерөөс яруу найраг гэдэг үгийг эзэмдэхийн урлаг хийгээд гүн бодрол чинад сэтгэлийн нууцад оршихуйгаа үгэнд шигтгэхийн уран чадвар. Тийн чадсанд Жа.Баяржаргалдаа баярлалаа” гэсэн юм.
Гавж лам Т.Булган “Эл чуулбарт ёгт нэрийг түгээмэл хэрэглэжээ. Хэдийгээр дөрвөн мөртэй ч утгыг арвин хураажээ. Шүлгийн гарчиг,утгын хувьд тун чухал. Түүнтэй уялдан дөрвөн шад тайлагдана. Ёгт үгс түгээмэл ахул зарим уншигч үл ухахын шалтгаанаар түвд хөрвүүлгийн хуулбар мэт санагдаж мэдэх. Тэгж хандах нь эндүүрэл авай” гэв.