Монголын урлагийн салбарыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж, уран бүтээлч сэтгэлгээтэй залуусыг бэлтгэдэг Хөгжим бүжгийн коллеж 2015-2016 оны хичээлийн жилд элсүүлэх сурагчдаа энэ сарын 12-21-нд сонгон шалгаруулахаар болжээ.
Энэ удаа 2009 онд төрсөн хүүхдүүдийг төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл (альт), морин хийл (виолончель)-ийн нэгдүгээр ангид элсүүлэх бол тавдугаар ангид сурч байгаа хүүхдүүдээс морин хуур, хуучир, их хуур, ятга, шанз, ёочин, эвэр бүрээ, бишгүүр, лимбэ болон контрбасс хөгжмийн мэргэжлээр элсэлт авах юм. Мөн флейт, гобой, кларнет,фагот, труба, валторн, тромбон, туба болон цохивор хөгжим, сонгодог бүжгийн ангид тавдугаар анги төгсөгчдийг, циркийн ангид долдугаар анги төгсөгчдийг бүртгэх аж.
Шалгалт гурван шаттайгаар үргэлжлэх юм. Хүүхдүүдийг сонсгол, хөгжмийн тогтооц, биеийн онцлог, сэтгэхүйн хөгжлийг шалгахаас гадна дунд болон ахлах ангийнхнаас ерөнхий эрдмийн шалгалт авах юм байна. Шалгалтын дүн энэ сарын 21-нд гарах гэнэ.